Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмнийх биш Ардын намын захиалга юм биш үү
Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр Монгол Улсад болохгүй бүтэхгүй байгаа асуудал бүхэн Үндсэн хуулийн гажуудлаас боллоо хэмээн цэцэрхэгчид дэндүү олширчээ. Эцэг хуульдаа л гар дүрэхгүй бол энэ бүх гажуудал арилахгүй хэмээн мэдэмхийрнэ. Засаглалын хямрал Үндсэн хуулиас болсон гэх. Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байгаа нь, олон дахин солигддог нь Үндсэн хуулиа өөрчлөхгүй удаж буйтай холбоотой гэнэ.
 
Засгийн газрын сайдууд ажлаа хийж чадахгүй, бүр ажилдаа ирдэггүй нь ч үүнтэй холбоотой. Гэх мэтээр шалтаг шалтгаан болгоныг энд бичвэл дуусахгүй. Дотоод, гадаадын зодооноос болж сайдаа огцруулж, засгаа унагадаг атлаа буруугаа Үндсэн хуульд тохоод өнгөрдөг. 25 жилийн хугацаанд 15 Засгийн газар байгуулсан нь үнэндээ намуудын дотоод толхилцоон, хэрүүл маргаанаас үүдэлтэй. 19 гишүүн Ерөнхий сайд огцруулж буй нь улс төрийн намуудын арчаагүй байдлаас болдог. Гэтэл энэ бүхний буруутныг Үндсэн хууль хэмээн нэрлэчихээд хэн дуртай нь өөрчлөхөөр санаархах болсоор чамгүй хугацаа өнгөрлөө. Үндсэндээ 2012 оноос хойш таван жилийн хугацаанд парламент тойрсон хэрүүлийн нэг нь энэ байлаа.
 
Мэдээж Үндсэн хуулиа өөрчлөх шалтаг, шалтгаан байгаа юу гэвэл бий. Өөрчлөх нь нийгмийн захиалга байж мэднэ. УИХ-аар баталсан хууль нийгмийн захиалга байдаг ч нөгөө талдаа Үндсэн хуультай харшилдах тохиолдол өнгөрсөн хугацаанд чамгүй олон гарлаа. Цэц байсхийгээд л Үндсэн хуультай зөрчилдсөн хуулийн зүйл заалтыг хэрхэх тухай асуудлаар хуралддаг.
 
Хуулийн хүрээнд асуудлаа шийдэхээр өнөөх нь Үндсэн хуулиас гаждаг, эсвэл Үндсэн хуультайгаа нийцүүлчихээр тухайн салбарын хуульд өөрөөр тусгасан гэх мэт бэрхшээлтэй асуудал их гарсан. “Эцэг” хуулиа баталж байсан 27 жилийн өмнөх байдал, 27 жилийн дараах Монгол Улсын хөгжил, монголчуудын сэтгэхүй эрс тэрс өөр. Нийгмийн хөгжил ч асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа. Тэр ч утгаараа нийгмийн захиалгын үүднээс “эцэг” хуулиа эргээд сөхөж харахад гэмгүй байгаа юм. 
 

Үнэмлэхүй олонхийн ашиг сонирхол нуугдаж байна уу 

 
Нөгөө талаас харвал, улс төрийн намуудын хийрхэл, улстөрчдийн явган хэрүүлийн бай нь Үндсэн хууль биш байлтай. Хэн дуртай нь Үндсэн хууль өөрчлөх санал санаачилга гаргаж, бүр хууль боловсруулдаг боллоо. Өнгөрсөн парламентын үед УИХ-ын гишүүн Н.Батбаяр тэргүүтэй хэсэг бүлэг гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсныг уншигч авхай та санаж буй биз. Эцэг тэнгэрийн бэлгэдлийн үүднээс есийг тоог бэлэгдэж есөн яамтай байх, 99 тэнгэрээ бэлгэдэж УИХ-ын гишүүний тоог 99 болгох, таван хурууг бэлгэдэж гишүүний бүрэн эрхийг таван жил болгох гэх мэтээр “эцэг тэнгэр”-ийн заавар зөвлөгөөг дагасан шашин, төрийг хослуулсан хуулийн өөрчлөлт боловсруулж байсан удаатай.
 
Гэвч тухайн үед МАН, АН-ын аль аль нь олонхи бүрдүүлж чадаагүй, Засгийн газраа нэг нам дангаар бүрдүүлэх эрхгүй байсан учраас улс төрийн нам болгон өөр, өөр зүйл заалт ярьж хэрэлдсээр хуулийн өөрчлөлт мартагдаж билээ. Тэгээд ч УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн байсан учраас Фортуна сайдын бэлэгдэл агуулсан хууль нам дотроосоо ч дэмжлэг авч чадаагүй. Тэгвэл өнөөгийн парламент ахиад л Үндсэн хуулиар оролдож эхлэв. Энэ удаад шашны шинж агуулсангүй. Хуруу гарын бэлэгдэл ч ярихгүй нь. Гэвч Үндсэн хуулийн зүйл заалтыг өөрчлөх эсэхийг нийт монголчууд биш нэг нам дангаараа шийдэх нь хэр зохистой вэ.
 
Тэд өөрсдийн эрх ашигт нийцсэн, өөрт ашигтай хувилбарыг оруулж ирэхгүй гэх баталгаа хаана байна. Нэг нам үнэмлэхүй олонхи бүрдүүлсэн парламентад хууль хэзээ ч олон нийтийн эрх ашгийг хангаж батлагддаггүй. Тиймээс үнэмлэхүй олонхиор далимдуулан өөрсдийн хүсэл сонирхолд нийцсэн өөрчлөлт оруулахгүй гэх баталгаа байхгүйд асуудал байна. Ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж явсан хуульчдад ч энэ мэт хардлага бий юм билээ.
 
Тухайлбал, Үндсэн хуулийг батлалцаж явсан Ардын их хурлын депутат, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав МАН-ын санаархлын цаана Ерөнхийлөгчөө УИХ-аас томилдог байх том ашиг сонирхол нуугдаж байж мэднэ хэмээн хардаж буйгаа нуугаагүй. Мөн нэр бүхий туршлагатай улстөрчдөөс багаа бүрдүүлсэн Ардын Их хурал хөдөлгөөнөөс ч дордуулсан долоон өөрчлөлт шиг “завхруулсан зургаан өөрчлөлт” болох вий гэсэн болгоомжлол байгааг дуулгав. Энэ мэтээр дахиад л “эцэг” хуулийг тойрсон хэрүүл эхэллээ. Өөрчлөх цаг болсон, болоогүй гэх маргаан ч даамжраад эхэлчихэж. 
 

1570-хан хүн Үндсэн хуулийн хувь заяаг шийднэ гэж юу байхав 

 
Өмнөх парламентын үед ажлын хэсэг байгуулан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирэхэд МАН-ынхан Үндсэн хуулиа өөрчлөх эсэхийг ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэсэн санал гаргаж байлаа. Ц.Нямдорж тэргүүтэй гишүүд хамгийн хүчтэй эсэргүүцэж, ийм балиар, завхарсан парламентын хийдэг ажил биш хэмээн бухимдаж байсан. Гэтэл энэ удаагийн парламент өмнөхөөсөө ч долоон дор санал гаргалаа. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн санал асуулга байхгүй бол ширхэг ч үсэг өөрчлөхгүй хэмээн цамнаж байсан МАН-ынхан 1570 хүнээр Үндсэн хуулийн хувь заяаг шийдүүлэх юм гэнэ ээ.
 
Тэд олонхиор түрий барьж Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын хэл чимээгүйхэн баталчихсан. Улмаар Үндэсний статистикийн газартай хамтран түүврийн аргаар 1570 хүнийг сонгож тэднээс Үндсэн хуулиа өөрчлөх үү гэсэн санал асуулга явуулахаар болжээ. Зөвлөлдөх санал асуулга энэ сарын 29, 30-нд болно. 1570 хүн хэрвээ “өөрчлөх нь зөв” гэсэн хариулт өгвөл Төрийн ордонд тэднээс цөөхнийг сонгож оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, улмаар ямар зүйл заалтыг хэрхэн өөрчлөхөө ярилцахаар болжээ. Нэг талаас харвал ард иргэдийн оролцоотой, иргэнээ сонссон өөрчлөлт байгаа биз. Гэхдээ нөгөө талаас ажвал тэдгээр 1570 хүнийг хэрхэн сонгох нь сонирхолтой байгаа юм. Өнөөдрийг хүртэл тэгж, ингэж сонголоо гэсэн мэдээлэл алга. Түүврийн арга гэдгээ хэвлэл мэдээлэлд ил тодоор харуулж, нээлттэй байдлаар хийж болох байсан ч тэгсэнгүй.
 
Бидэнд хардах эрх бий. Тэр тусмаа 65 гишүүнтэйгээр юуг ч дураар өөрчилж болох, нэг нам ноёлсон парламентаас үнэнч байдал хүлээгээд нэмэргүй. Үндэсний статистик гэсэн нэрний цаана улс төрийн ашиг сонирхол нуугдаагүй гэсэн баталгааг хэн ч өгсөнгүй. Дан ганц өөрийнхөө намын гишүүдээс асуучихвал хэрхэх вэ. Гурван сая монголчуудад хамаатай асуудлыг мянга гаруйхан хүнээр шийдүүлдэг тогтолцоо хаана ч байхгүй.
 
Улс төрийн намууд дотооддоо пиар хийх гэж сонгуулийн судалгааг ийм байдлаар авч болох ч улс орны хувь заяатай холбоотой асуудлаар ингэж тоглож болмооргүй байгаа юм. Тиймээс Ардын намын адын хүслийг ард түмэнд ил болгох талаар сөрөг хүчнийхэн, цаашлаад Үндсэн хууль батлалцаж явсан Ардын их хурлын депутатуудын дуу хоолой яг одоо нийгэмд хэрэгтэй байна. Дуугарч эхлэх цаг нь ч болчихож. 
 

Эцэг хуульд орох өөрчлөлт 

 
Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН-аас байгуулагдсан ажлын хэсэг нууцын зэрэглэлтэй хэлэлцэж буй учраас ийм, тийм өөрчлөлт орно хэмээн таамаглаж бичихэд хэцүү. Гэвч олон жилийн турш ярьсан засаглалын асуудлыг өөрчлөх нь хамгийн эхний асуудал юм. УИХ-ын гишүүдийн тоо, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудал нэн тэргүүнд яригдах аж. Мөн Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хаах эсэхийг ч ярилцахаар тохирчээ. Яамдуудын тоо, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудлыг ярина гэсэн таамаг байгаа ч хэлэхэд эрт байна.
 
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яриа гарч эхэлснээс хойш хэд хэдэн улстөрчид, хуульчид өөрсдийн саналаа дэвшүүлж эхлээд байгаа. Тухайлбал, Ардын их хурал хөдөлгөөнөөс УИХ-ыг дээд, доод хоёр танхимтай байх тухай санал гаргажээ. Мөн Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн засаглалтай байх тухай санал гаргаж, хууль боловсруулнаа олон нийтэд танилцуулаад буй. Энэ мэтээр өөр өөрсдийн санал санаачлагыг гаргаж эхлээд байна. Хэрвээ Үндсэн хуулийг өөрчлөх парламент нь өнөөгийн парламент мөн л бол эдгээр бүх саналыг нэгбүрчлэн сонсох учиртай.
 
Хэлбэр төдий биш агуулгын шинжтэй өөрчлөлт хийхийн тулд улс төрийн нам, манай танай гэж талцахгүйгээр бүх намын төлөөллөөр асуудлыг хэлэлцүүлэх нь чухал. Улс төрийн нам бүхэн өөрсдийн хамгийн шилдэг хуульчдаа суулгаад, нөгөө талаас ард түмнээсээ зөвшөөрөл авчихаад ярилцвал асуудал арай өөр болно. Ардын нам ярьсан хэлсэндээ байж чаддаг эсэхийг одоо л харах нь. Ард түмэндээ хайртай, үнэхээр л эгэл ардаараа энэ асуудлыг шийдүүлэх гэж хүссэн бол ил тод байгаач, МАН-ынхаан.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эмгэнэгч 2017-04-21 03:07:49
    анх үндсэн хууль боловсоруулах үед баяжсан хүн цөөн байж үндсэн хууль овоо шудрага талдаа байсан бололтой. гэтэл хүмүүс баяжихийн хирээр үндсэн хууль руу сарва...
  • юуг яаж өөрчлөх гэж буйг мэдэх эрхтэй 2017-04-20 08:32:37
    юуг яаж өөрчлөх гэж байгааг мэдэхгүйгээр зүгээр л өөрчлөх эсэх гэж асуувал утгагүй шүүдээ.иймд өөрчлөх хувилбаруудыг тов тодорхой нийтэлж санал авах хэрэгтэй
  • инженер 2017-04-20 02:48:25
    1570 хүний санал ч гэх шиг одоо яригдаж байгаа арга маш буруу. Өөрчлөлт оруулах асуудал бүрээр бүх ард түмний санал авах ажлыг зохион байгуулах шаардлагатай
  • 123 2017-04-20 02:42:34
    https://www.dropbox.com/s/zlh8wjk8fitc18m/camtasia%208%20%5Bwww.bidniih.rar?dl=0&fb=1