Британийн хатан хааны зөрчиж болох найман хууль

Хэмжээлшгүй эрхт хаант засаглал аль хэдийн ард хоцорсон ч өнөө үед Их Британийн хатан хаанд эдэлж болох эрх цөөнгүй бий. Түүний хувьд энгийн албатуудынхаа мөрдөх ёстой зарим хуулийг зөрчих эрхтэй гэнэ. Ингээд хатан хаан II Елизаветагийн зөрчиж болох найман хуулийг танилцуулъя.

 
ОВОГГҮЙ БАЙХ ЭРХТЭЙ

 
Өмнө нь хааны гэр бүлийн гишүүд огт овоггүй байсан бөгөөд тэд зөвхөн өөрийн нэр, эзэнт гүрний нэрийг ашигладаг байлаа. Энэ уламжлал 1917 оныг хүртэл буюу II Елизаветагийн өвөө V Жорж хаан Виндзор хэмээх овгийг оруулж иртэл үргэлжилжээ. Гэхдээ өдгөө хатан хаан болон түүний гэр бүлийнхэн энэхүү овгоо хэрэглэдэггүй бөгөөд тэдэнд овог огт хэрэг болдогтүй аж.


 

ПАСПОРТГҮЙ БАЙХ ЭРХТЭЙ

 
Их Британийн хатан хаанд бас овог шиг паспорт ч хэрэггүй. Хүний биеийн байцаалт болсон гол баримттүй байсан ч хатан хаан аливаа ажлыг явуулж, дэлхий дахинаа чөлөөтэй зорчих эрхтэй. Их Британид аливаа паспортыг Эрхэм дээдсийн нэрийн өмнөөс гаргадаг болохоор хатан хаан өөрөө өөртөө ийм баримт үйлдэх нь утгагүй гэнэ. II Елизавета хил нэвтрэхийн тулд өөрийнхөө хөрөг бүхий ямар нэгэн мөнгөн дэвсгэртийг харуулахад л хангалттай.


 

ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ШААРДЛАГАГҮЙ


Хатан хаанд бас нэг шаардлагагүй баримт бичиг бол жолооны үнэмлэх. Тэрбээр ямар ч үнэмлэхгүйгээр машин барих эрхтэй. Гэсэн ч түүнд ийм үнэмлэх байдаг аж. Елизавета хатан хаан болоогүй гүнж байхдаа 1945 онд Эмэгтэйчүүдийн тусламжийн корпуст механикч, түргэн тусламжийн жолоочоор ажилладаг байх үед үнэмлэх хэрэглэдэг байжээ. Нэгэн сонирхолтой баримт дурдахад 1998 онд хатан хаан Саудын Арабын ирээдүйн хааны машинаар салхи татуулан давхиж, сүнсийг нь зайлуулах дөхжээ. Угсаа залгамжлагч ханхүү тухайн үед хатан хааныг хурдаа сааруулахыг гуйж байсан гэдэг. Тэгээд ч Саудын Арабт эмэгтэйчүүд машин барихыг хориглодог болохоор ханхүү айсан нь ч зөв байсан биз ээ.


 

ХУРД ХЭТРҮҮЛЖ БОЛНО

 
Хатан хаан хурд хэтрүүлж болно. Гэхдээ тэр өндөр настай учраас ийм ухаангүй үйлдэл хийхгүй л лавтай. Машинд дуртай түүнийг жолооны ард байгаагаар нь олонтоо харж болно. Дашрамд дурдахад түүний охин Анна гүнж ч бас хурд хэтрүүлэн давхих дуртай бөгөөд 2001 онд үүнээсээ болж 400 фунтын торгууль төлж байсан удаатай.


 

ТАТВАР ТӨЛӨХГҮЙ БАЙЖ БОЛНО


Хатан хаан татвар төлөхгүй байх эрхтэй. Гэхдээ тэр 1992 оноос сайн дураараа хөрөнгийн татвар төлж байгаа юм. Харин түүний эцэг V Жорж эзэн хаадыг ямар нэгэн татвар, төлбөрөөс бүрмөсөн чөлөөлөхийг шаарддаг байсан билээ.


 

ШҮҮХИЙН ӨМНӨ ХАРИУЛТ ӨГӨХГҮЙ БАЙХ ЭРХТЭЙ

 
Их Британийн хатан хаан шүүхэд очихгүй байх эрхтэй. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэх, шүүхэд гэрчээр дуудах, шоронд хорихыг ч хориглодог. Учир нь “хаан муу зүйл бодох, муу үйлдэл хийх чадваргүй” гэж үздэг болохоор хатан хааныг хүссэн бүхнээ хориглохгүй  хийхийг зөвшөөрдөг байна.


 

ХУНГИЙН МАХ ХҮНСЭНДЭЭ ХЭРЭГЛЭЖ БОЛНО

 
Тус улсын бүх зэрлэг хун, далайн гахай хатан хааны эзэмшилд байдаг. Энэхүү үзэсгэлэнт шувууг агнах, идэхийг хуулиар хориглосон байна. Гэхдээ II Елизавета өөрөө хүсвэл түүнд хунгийн махан зоог барьж болох аж. Азаар энэ шувуу хатан хааны xooлны цэсэд багтдаггүй гэнэ.


 

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬ ХАМААГҮЙ

 
Их Британийн хэвлэлийн эрх чөлөөний хуульд иргэд төрийн байгууллагуудаас хүссэн мэдээллээ асуух эрхтэй, тухайн байгууллага нь энэхүү мэдээллийг хүргэх үүрэгтэй гэж заасан. Гэхдээ хүссэн мэдээллээ асууж болох байгууллагад хатан хаан болон түүний гэр бүл багтдаггүй аж. Тэдний үйл хэрэг, өдөр тутмын амьдрал нууцлаг шинжтэй байдаг.

Өглөөний сонин
Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.