Тамирчдын хичээллэж буй орчин стандартын шаардлага хангахгүй байна гэв
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос томилогдсон Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй Спортын төв ордонд уулзав.
 
Ажлын хэсгийн гишүүд Спортын төв ордны одоогийн нөхцөл байдал, биеийн тамирын танхим, тамирчдын хичээллэж буй орчинтой биечлэн явж танилцав. 1958 онд ашиглалтад орсон тус ордонд жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, гимнастикийн спортын тоноглол бүхий бэлтгэлийн долоон танхимд үндэсний шигшээ баг, өсвөрийн тамирчид хичээллэдэг байна. Гэвч тэдний хичээллэж буй дээрх бүх танхим стандартын шаардлага хангахгүй, агааржуулалтын системгүй, хана, тааз нь нурж, хууларсан байдалтай байв.
 
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг “1958 онд баригдсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас актлагдсан байранд тив, дэлхийн аваргууд хичээллэж байна. Засгийн газар шинэ спортын ордон байгуулах талаар зураг төсөл хийлгэсэн ч эдийн засаг хүндрэлтэй байгаа үед 120 тэрбум төгрөгөөр шинэ ордон барих боломжгүй. Гэхдээ бид энэ асуудлыг шийдвэрлэж болох талаас нь дүгнэлт гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болно” гэлээ.
 
Уулзалтад ирсэн биеийн тамир, спортын салбарын төлөөллүүд тулгамдаж буй асуудлаа Ажлын хэсгийн гишүүдэд уламжилсан юм. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвийн захирал, Буудлагын спортын дасгалжуулагч Б.Алтанцэцэг “1980 оноос хойш Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн байранд техникийн таван төрлийн спортыг хөгжүүлж ирсэн. Олимпийн нэг үндсэн төрөл болох буудлагын спортынхон тус байранд хичээллэдэг. Гэтэл хувь хүний газрын маргааны улмаас бидэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүйд хүрээд байна” гэсэн юм. Мөн Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж “Одоо бидний байрлаж буй энэ спортын ордон борооны улирал эхлэхээр ус гоождог, ашиглалтын шаардлага хангахгүй байна. УИХ-ын гишүүд та бүхэн энэ асуудалд нухацтай хандана уу” хэмээлээ.
 
Жүдо бөхийн холбоо, Чөлөөт бөхийн холбоо, Боксын холбоо, Хүндийн өргөлтийн холбоо, Гимнастикийн холбоо, Оюутны спортын холбоо, Паралимпийн холбооны төлөөлөл Ажлын хэсгийн гишүүдэд хандан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах өөрсдийн санал бодлоо илэрхийллээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.