Э.Бөхбат: Хурдаа нэг км цагаар хасахад нэг хүүхдийн амь авардаг
 “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба хүүхэд хамгааллын асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр болсон юм.  Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, албаныхан оролцлоо.

Эхэнд нь хэлэлцүүлгийн зорилгын талаар Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлэв. Тэрбээр, “Замын цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 2010-2016 онд авто замын ослоор бид 300 хүүхдээ алдаж, 7000 гаруй хүүхэд гэмтэж бэртсэн байна. 2017 он гараад 13 хүүхдээ алджээ. Тиймээс энэ асуудлаар мэргэжлийн хүмүүсийг байлцуулан хэлэлцүүлэг хийе гэж зорьсон. Цагдаагийн байгууллага, сургуулиудад төр засгаас яаж тус дэм болох вэ, хүүхэд осолд орж байгаа шалтгааныг арилгах талаар бид хамтраад юу хийх вэ гэдгийг ярилцъя” гэлээ.
 
Дараа нь Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “0-14 насны хүүхэд авто замын осолд илүү өртдөг. Хот суурин газарт явганаар замын хөдөлгөөнд оролцож буй хүүхэд, хөдөө орон нутагт тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүүхэд осолд илүү өртөж байна.  Нийт амь насаа алдсан хүүхдийн 90 хувь нь орон нутгийн замд, 10 хувь нь Улаанбаатарт осолдсон статистик тогтмол гардаг. Сургуулиудын хичээл эхлэх, тарах цагаар сургуулийн орчинд авто машинууд 20-30 км цагийн хурдтай явдаг байвал хүүхдээ осолд өртөхөөс хамгаалж чадна. Ер нь авто машин хурдаа нэг км цагаар хасахад нэг хүүхдийн амь авардаг гэсэн онол байдаг хэмээв.  Орон нутгийн замд нэг тээврийн хэрэгслээр олон хүүхэд хамт тээвэрлэдэг, хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг эцэг эхийн хариуцлагагүй үйлдэл хүүхэд зам тээврийн ослоор амиа алдах үндсэн шалтгаан болдог юм байна.
 
 
Танилцуулга хийсэн албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Мөн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Мөн хэлэлцүүлгийн үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол торгууль оногдуулах заалт хэрэгжих боломжгүй байгааг цагдаагийн ажилтнууд хөндлөө. Хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас хүүхэд нь осолд өртсөн эцэг эхэд торгууль оногдуулах гэхээр хүлээн зөвшөөрөхгүй, иргэний дайн шахуу байдал үүсдэг хэмээн тэд онцолж байв.. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлах төлөвшил суулгах ажлыг бүх нийтийн оролцоотойгоор хийх шаардлагатайг хэлсэн юм. Энэ ажилд шаардлагатай төсөв хөрөнгийг Өргөдлийн байнгын хороогоор уламжлуулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах боломж бололцоог судлан шийдэхээ Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Өргөдлийн байнгын хорооноос зөвлөмж гаргахаар болов.

 
П.ГОО
Оллоо.м н
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.