“Эрдэнэт” үйлдвэрийн маргааныг хэн юу гэж дүгнэв

Улс төр, эдийн засгийн “халуухан” маргаан болоод буюу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр булааж авсан асуудлаар эдийн засагчдаас гадна улстөрчид ч байр сууриа илэрхийлж эхэлжээ. Үүнээс гадна хувийн хэвшил өөрсдөө хөрөнгөө босгоод худалдаж авсан өмчийг хууль бусаар булааж авсан төрийн бусармаг үйл ажиллагаа нийгэмд ямар хор хохирол дагуулахыг эдийн засагчид тооцоо судалгаатай ярьж эхлээд байна. Цаашлаад энэ маргаан улам даамжирч олон улсын арбитрын шүүхэд очлоо гэхэд Эрдэнэт үйлдвэр эдийн засгийн талаасаа ямар хохирол авч ирэхийг ч тэд шүүмжилж эхэлсэн байна. Үндсэн хуулиа зөрчиж, хувийн өмчийг хууль бусаар “дээрэмдсэн” төр чухам ямар зорилго агуулсан талаар хэн ямар байр суурь хэвлэлд илэрхийлснийг тоймлон хүргэе.

 

С.Эрдэнэ: “Эрдэнэт” үйлдвэр МАН-ын өмчлөлд оччихлоо 

/УИХ-ын гишүүн, АН-ын дарга/


 

-“Эрдэнэт” үйлдвэрийн асуудал яригдаж эхлэх цагаас л удаа дараа мэдэгдэл хийж байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Тус үйлдвэрийн 51 хувийг яагаад ярихгүй байна. Зөвхөн 49 хувь руу дайрсаар байгаад, булаагаад авчихаж байгаа юм. 51 хувьд шахаа хийж байгаа нь чамлалттай санагдаж байгаа хэрэг л дээ. Тиймээс 49 хувийг хүчээр булааж аваад, 100 хувь шахаагаа хийх гэж байгаа хэрэг. Эрх баригчдад энэ үйлдвэрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа огт хамаагүй. Угаасаа шахаа хийдэг гэдгийг бид нотлох баримтаар гаргаж тавьсан. Тухайлбал, Ц.Нямдоржийн хүү хэдэн зуун сая ам.долларын шахаа хийсэн гэдгийг гаргаж тавьсан. Ер нь шахааны асуудлаар нотлох баримт хангалттай бий. “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн хүмүүсийг бид эрэн сурвалжилна. Шахааны бизнесийн эздийг олон нийтэд зарлана. Ер нь бол “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн нэрийн дор намын өмчлөлдөө авчихлаа. Хүмүүс андуураад байгаа юм. Энэ үйлдвэр төрийн өмчлөлд очиж байгаа хэрэг огт биш. Харин МАН-ын өмчлөлд очиж байгаа юм. Тус үйлдвэрийн захирлаар очиж байгаа нөхөр л гэхэд ажил авсан эхний өдрөө л яаж тансагладаг вэ гэдгийг яруу тодоор харууллаа. Хэдэн зуун саяар машин авч, маш их мөнгөөр байраа засч байна. Тэр үйлдвэрийн үр ашигтай ажиллагаа, орлого, зарлага гэдэг зүйлд хяналт тавих ёстой. Гэтэл шууд хувийнхаа тансаглалд үйлдвэрийн хөрөнгөнөөс зарцуулаад эхэллээ. Энэ нь Эрдэнэтийг ард түмний өмч болгох гэж улайрсан хэрэг биш байгаа биз. Зүгээр л нэг хэсэг хүмүүсээс 49 хувийг нь булааж аваад 100 хувь намынхаа мэдэлд оруулах л зорилготой байсан гэсэн үг. Хэт олонхи болохоороо хүч түрээд тэр хүслээ ч гүйцэлдүүлж байх шиг байна. Гэхдээ 49 хувийн тал зүгээр дээрэмдүүлээд суухгүй л байх. Олон улсын арбитрын шүүхэд хандах нь ойлгомжтой. Хэрвээ энэ маргаан даамжраад явах юм бол 49 хувь Монголынх ч биш, МАН-ынх ч биш болох байх. Нөгөө ”Байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэдэг шиг “Эрдэнэт” үйлдвэр гуравдагч этгээдийн “хоол” болгоод өгчих вий гэсэн болгоомжлол байгаа. Хэт улайраад байгаа “эх орончид” тус үйлдвэрийг төрд авлаа гээд төсөвт хэдэн төгрөгийн нэмэр орж байгаа юм. Ард түмэнд буюу иргэн Дорж, Батын гарт ямар ч ашиг, ямар ч өөрчлөлт алга. Харин ч эрх баригчдын тансаглал, шахааны бизнес хийхэд нь л боломж олгож байна.


Д.Эрдэнэбат: Төр байж боломгүй алдаа гаргалаа

/УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга/


 

-Засгийн газрын гаргасан шийдвэрийг үнэхээр гайхсан. Яагаад 400 гаруй сая ам.долларын бусдын өмчийг Засгийн газар нь дөрвөн цент ч төлөлгүй булаагаад авч байгаа юм. Энэ чинь Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг биз дээ. Бусдын хөрөнгийг дайрч хураан авахад заавал нөхөн төлбөр олгосон байх Үндсэн хуулийн заалт байдаг. Гэтэл Засгийн газар нь үүнийг зөрчөөд, олонхи гэдгээрээ  хүч түрэн хууль бус үйл ажиллагаа явууллаа. Төр байж боломгүй том алдаа хийлээ. Сүүлийн үед хүмүүс 1937 оны хэлмэгдүүлэлт эргэж ирлээ гэж ярьдаг болсон. 1937 онд ямар үйл явдал болсон бэ гэхээр бусдын нөлөө, дагавраар залууст ногоон малгай өмсгөж, буу бариулан феодалын өмчийг хурааж авсан юм шүү дээ. Гэтэл яг энэ үйлдэл орчин үеийн хэлбэрээр хэрэгжиж эхлээд байгаа юм биш үү. 49 хувийн эрх ашгийг хамгаалах талаар эрс алхам хийхгүй байгааг гайхаж байна. Нэг хүний өмчийг зүгээр л хууль бусаар хурааж аваад, нийгэмчилж байгаа нь яавч эрүүл үзэгдэл биш. УИХ-ын тогтоолд ойлгомжтой тусгаж өгсөн шүү дээ. Өөрөөр хэлбэл, та бүхэн хэлцэл хий, мөнгө авсан асуудал байвал шүүхээр буруу, зөвийг нь тогтоогоод, зөрүү мөнгийг нь төлөөд аваарай гэсэн утга бүхий тогтоол гарсан. Гэтэл нэг ч цент төлөхгүй хурааж авч яаж болдог юм байна. Их ч бай, бага ч бай хүний өмч рүү хууль бусаар түрэмгийлэн халдаж дээрэм хийдэг болсон юм уу, манай төр. “Эрдэнэт”-ийн маргаан өрнөснөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Үл ойлгогдох байдалд хүрчихлээ. 51 хувь бүр замхраад алга болсон. Гэтэл 51 хувийн хүндрэл дээр нэмээд 49 хувь ороод ирлээ. Энэ компани юу болж хувирах вэ. Эдийн засгийн үр ашиг, хор нөлөөтэй талаас нь огт ярихгүй юм. Дандаа улс төрийн ашиг хонжооны үүднээс яриад байгаа.  Ер нь энэ асуудал эхнээсээ л буруу байсан. Нэгдүгээрт, бусдад худалдах зэргээр өөр талд шилжүүлэх бол нөхөн төлбөр олгогдох гэрээний нөхцөл байсан гэж харж байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын тогтоол буруу гарсан. Тогтоолд “Эрдэнэт”-ийг улсын үйлдвэрийн газар байлгахаар шийдсэн. Гэтэл одоо хувьцаат компани ч юм шиг, 49 хувийг иргэдэд тарааж өгнө гээд л. Түүнийг нь улстөрчид дэмжээд байгаа ч юм шиг худал мэдээлэл маш их явж байгаа. УИХ-ын тогтоолоор улсын үйлдвэрийн газар байлгана гэж шийдсэн юм бол төсвийн байгууллага болох нь байна шүү дээ. Бүр эсрэгээрээ байх ёстой. Тиймээс тогтоол буруу гарсан. Олон эрхзүйн актыг зөрчсөн. 49 хувийг эзэмшигч тал нь асуудлаа тавих байх биз. Гэхдээ бид нэг л шаардлага тавина. Бүх зүйлийг Үндсэн хууль болоод дагалдах хуулийн хүрээнд өмчийн эрхийг хамгаалах буюу эдийн засгийг нураахгүй байх ёстой гэдгийг хатуу сануулна. 

 

Ц.Ням-Осор: Эрхзүйн зөрчлийн акт байгаа юм билээ

/Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга/



 

-Төрд авах тогтоолыг төрийн эрхт дээд байгууллага болох УИХ гаргасан. УИХ-ын тогтоолыг биелүүлэхгүй байхад их хүнд болж байгаа юм. УИХ-ын шийдвэрийг буруу, зөв гэдгийг дэнслэх эрх надад байхгүй. УИХ-ын тогтоол гаргасны дараа Засгийн газар үүрэг чиглэл өгсөн байхад Засгийн газар, УИХ-ын шийдвэр чинь надад хамаагүй гээд сууж байдаг төрийн албан хаагч байхгүй шүү дээ. Би бол ямар нэг мөнгө идсэн, шийдсэн асуудал байхгүй болохоор санаа зовохгүй байна. Гэхдээ энэ процесст эрх зүйн зөрчлийн актууд байна уу гэвэл байгаа. Энэ нь надаас хамааралтай бус. Түүнээс гадна 49 хувийг авах, өгөх асуудал бүтэн зургаан сарын хугацаанд үргэлжилж байхад “Монголын зэс” компани шүүхэд хандах бүрэн боломж байсан. Засгийн газрын 2016 оны тогтоолыг хүчингүй болгоход, УИХ тогтоол гаргаж байх үед ч шүүхэд хандах боломж байсан. Хэн буруутай, хэн хариуцлага хүлээх асуудлыг хууль, шүүхийн байгууллага тогтоох байх. УИХ-аас шууд 100 хувь төрд авна гэсэн шийдвэр гарч байхад би их гайхсан. Төр болон 49 хувь талын эзэмшлийг хэвээр нь үлдээж байгаад хөндлөнгийн хяналт тавих боломжтой байсан. Банкууд дампуурахад Монголбанкнаас хөндлөнгийн хяналтын төлөөлөгч томилдог байсан. 49 хувийг төрд авах үйл ажиллагаа дуусах хүртэл төрийн төлөөллөөс бүрдсэн хяналтын багийг түр ажиллуулаад энэ асуудал шийдэгдсэний дараа төр 100 хувь авсан бол өнөөдрийн энэ маргаан гарахгүй байсан юм.
 

Б.Лхагважав: Ардын нам хөгийн харагдаж байна

/Эдийн засагч, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч/


 

 

-ОХУ-ын “Ростех” компани өөрийн эзэмшиж байсан 49 хувиа “Монголын зэс” компанид албан ёсоор худалдсан. Гэтэл төр “Монголын зэс” компанийн худалдаж авсан 49 хувийг булаагаад авчихлаа. Энэ нь ОХУ хэзээ л бол хэзээ Монголын төрийг дарамтлах эрхтэй болж байна гэсэн үг. Яагаад гэвэл ОХУ-ын талаас манай зарсан хувийг яагаад танай төр худалдаж авч байгаа юм  бэ, танай аль нэг компанид зарсан зүйлийг булаагаад авчихдаг юм бол бид өөрсдөө 49 хувиа буцааж авна гэж хэлэх эрх нь нээлттэй байгаа. “Ростех”, “Монголын зэс” хоёрын хийсэн гэрээнд “Гэрээ 18 сар хүртэл хүчинтэй, энэ хугацаанд гуравдагч хүчинд худалдах эсвэл шилжүүлэх юм бол 100 сая ам.долларыг өр төлнө” гээд маш тодорхой заачихсан. Тэгэхээр ОХУ-ын талд мөнгө хэрэгтэй гэж үзвэл гэрээний дагуу манай талд зарсан хувиа буцааж авна гээд улс төрийн тоглолт хийх боломжтой харагдаж байна. Энэ нь манайд маш сөрөг үр дагавартай. Үндсэн хуульд “Төр хувийн болон нийтийн аливаа өмчийг хүлээн зөвшөөрнө. Өмчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан. Гэтэл төрийн нийтийн өмчийг өнөөдрийг хүртэл хамгаалаагүй, хамгаалах эрх зүйн зохицуулалтыг гаргаагүй. Хамгаалаагүй учраас өнөөдөр үе үеийн эрх мэдэл авсан хүмүүс хязгааргүй эрхтэй мэт ааш, аяг гаргаж байсан. Яагаад гэвэл төр өөрөө гол өмчүүдийн эзэн байсаар ирсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувийн хэвшлээс булааж авснаараа Монголд хувийн компанитай гадаадынхан ажиллана гэсэн ойлголт байхгүй болж байна. Зөвхөн төрийн компанитай ажиллана гэсэн сурталчилгааг дэлхийд зарласантай адил үйл явдал болж байна. Төр зөв гээд бүх зүйлийг буруутгаж аваад, 400 сая ам.долларыг нь төлөөд, дараа нь арбитрын шүүхийн төлбөрийг бас төлөөд төр “Эрдэнэт” үйлдвэрийг өмчид авлаа гэж бодъё. Монгол одоохондоо гоё харагдаж болох ч ирээдүйд уучлаарай, Монгол маш хөгийн харагдана. Үнэндээ МАН хөгийн харагдаж байна. Үүний үр дүнд нэг банкаа устгана. Хамгийн аюултай нь нэг банк устахад Монголын банкны систем устана. Нэг банк устах гэж байна гээд манай зарим банкныхан баярлаж байх шиг байна. Уучлаарай, баярлах хэрэггүй та бүхэнд хамт л унана гэдгийг ойлгох хэрэгтэй.
 

Ш.Сайхансамбуу: Улстөрчид дээрэм хийчихлээ

/УИХ-ын гишүүн асан/

 

-“Эрдэнэт”-ийн асуудалд УИХ шийдвэр гаргаж болно. Гэхдээ эхлээд шүүх ёстой л доо. Шүүхийн шийдвэрээр төр Эрдэнэтийн 49 хувийг авсан бол зөв алхам болох байсан. Гэтэл тэгээгүй. “Монголын зэс корпораци”-ийн тухайд Оросын мэдэлд байсан 49 хувийг олж авахын тулд гадныхантай томоохон  хэлэлцээр  хийж, үнэ тогтоогоод Монголдоо аваад ирсэн байгаа юм. Энэ хүртэл асар их зардал гаргаж,  нэлээд ажил болсон байж таарна. Төрийн мөнгөөр Эрдэнэтийг авсан гэж яриад байгаа юм. Үнэн хэрэг дээрээ төрийн мөнгө гэж байдаггүй. Гэтэл манай гишүүд хэсэг бүлэг хүмүүс Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр хуйвалдаад авчихлаа гэсээр байгаад дээрэм хийчихлээ. Энэ бол ардчилсан тогтолцоотой улсад байж болшгүй алдаа, завхрал. Төрд ажиллаж байгаа хулгайч, дээрэмчид  алхам тутамдаа  хууль зөрчиж байгаатай  холбоотой. Хуулийг  хэн биелүүлж, хуулиас хэн эмээж амьдарч байна вэ гэхээр эгэл ардууд л байна. Тэд л хуулиас  эмээж, хууль зөрчсөн бол хатуу шийтгүүлж, хариуцлага хүлээж байна. Харин эрх баригчдад хууль үйлчлэхээ болиод удаж байна даа.

 

Б.Тулга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emee 2017-04-17 13:08:01
    MAN. Nymdorj.UIX ni xen negniig gem buruutai gej zarlan xubiin xorongiig ni xvcheer bulaaj abax erxgvi thvv dee. Ene bol toriin gutaasan vildel bolloo.
    202.9.43.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2017-04-17 12:04:49
    Эрдэнэт үйлдвэр Оросын ЗГ эсвэл Монголын ЗГ биш харин Монголын ард түмний өмч байх ёстой.
    66.181.190.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-04-17 11:42:35
    Unen turiin mungu gej er ni yu bnaa
    202.9.41.180
    Мэдэгдсэн Хариулах
    • Сайханганбуу ш 2017-04-17 14:14:37
      Нийтийн эрх ашигийг уландаа гишгэсэн луйварчингууд төрийг мөнгөгүй хүчгүй болгохыг хүсэж байдаг, тэдний амьдрах арга нь төрийг дээрэмдэх
      202.9.42.120
      Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-04-17 10:51:25
    эрдэнэтийн 49 %-ийг иргэд ээ хувьцаа болгож олгоё. Энэ луйварчдад өгч болохгүй шүү
    202.179.31.21
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2017-04-17 10:38:57
    Энэ ч хөрөнгөтэй хүмүүс, тэднийг хамгаалагч нарын үг, сайхан байна хамгаалагч намтай, харин нам нь монголоо орхив
    49.0.212.138
    Мэдэгдсэн Хариулах