Энх цагт эр цэргийн амь эрсэдсэнд хэн хариуцлага хүлээх вэ
ЗХЖШ-ын харьяа нийслэл хотын хүрээний анги нэгтгэлүүдийн байлдааны  хээрийн сургуулилтын үеэр Зэсвэгт хүчний 350-р ангийн албан хаагчид амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал дөрөвдүгээр сарын 11-ний оройн 17:40 цагийн орчимд Төв аймгийн нутаг дэвсэр Тавантолгойн бэлтгэлийн баазад байлдааны гранат  шидэх сургуулилт хийх үеэр гранат дэлбэрч 350-р ангийн ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нар амиа алдсан билээ.  Мөн амиа алдсан алба хаагчдаас гадна тус ангийн найман албан хаагч шархдаад байсан юм.

Амь эрсэдсэн хоёр цэргийн албан хаагчийн нэг нь 30 настай, эхнэр хүүгийн хамт амьдардаг, БХИС-д Зэвсгийн албаны офицер мэргэжлээр бэлтгэгдсэн, хэд хэдэн ангид мэргэжлээрээ ажиллаж, Афганистан, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн, нөгөө нь 24 настай, эхнэр,  хүүгийн хамт амьдардаг, Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд мэргэн буудагчаар бэлтгэгдэж 2012 оноос хойш 350 дугаар ангид ажиллаж, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай, манай зэвсэгт хүчний шилдэг алба хаагч нар байсныг ЗХЖШ-ын удирдлагууд мэдээлсэн юм.

Шархадсан найман албан хаагч эд эрхтний болон дотор эрхтэний ямар нэгэн ноцтой гэмтэл байхгүй бөгөөд хоёрт нь яаралтай хагалгаа хийж эрчимт эмчилгээнд оруулжээ. БХЯ, ЗХЖШ-ынхан ослын газарт шуурхай ажиллаж, амь эрсэдсэн болон шархадсан цэргийн албан хаагчдын ар гэрт шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж байгаа аж.

Ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа ч гранат дэлбэрсэн шалтгаан нь гадны хүчин зүйл нөлөөлсөн эсвэл зэвсэг хадгалалтын горим алдагдсан эсэхийг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Энэ талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ослын дүгнэлтийг яаралтай гаргахад шаардлагатай мэдээллээр хангах, дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцох зэргээр шуурхай ажиллах”-ыг үүрэг болгосон.
 
Мөн ЗХЖШ-ынхан хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ осолтой холбогдуулан сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, Тавантолгойд явагдаж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгслэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх талаар хатуу үүрэг чиглэл өгчээ.
 
Түүнчлэн14-ны өдөр сайдын зөвлөлийн хурлыг дахин хуралдуулан холбогдох мэдээллийг сонсч хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад шүүх, цагдаагийн байгууллагын дүгнэлт, БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн хатуу арга хэмжээ авах санал боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
 
Өөрөөр хэлбэл  Батлан хамгаалахын сайд маань тавантолгойд болсон энэ аймшигт осолтой холбогдуулан хэн нэгэнд хариуцлага хүлээлгэж таарах нь. Гэхдээ хэн гэдэг нь тодорхойгүй байна. Гэтэл олон нийтийн дунд сайд өөрөө хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзэх хүн олон байна. 

Дөрөвдүгээр сарын 11-нд гарсан осол бол Зэвсэгт хүчинд гарч байгаа анхны осол биш. Үүнээс өмнө өнгөрсөн хоёрдугаар сард Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч 19 настай хугацаат цэргийн албан хаагч нүд, гартаа хүнд гэмтэл авч байв. Мөн 2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн аймшигт осол гарсан нь одоог хүртэл шийдэгдээгүй байгаа. Энэ мэт санамсар болгоомжгүй, сахилга батгүй, эмх замбараагүй, хяналтгүй, хариуцлагагүй байдлаас болж  үүдсэн  хэргүүдийн ард жирийн цэргийн албан хаагчид амь эрсдэж, хэдэн арваараа бэртэж гэмтэж байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.