Ж.Үйлст: Гэр бүл салалт 3-12 насны хүүхдэд хамгийн хүнд тусдаг
Сүүлийн үед иргэдийн дунд сэтгэл гутралын эмгэг ихээхэн тохиолдох болжээ. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Бид энэ асуудлаар сэтгэл судлаач Ж.Үйлсттэй ярилцлаа.
 
-Саяхан гаргасан сэтгэцийн эмгэг, сэтгэл гутралын судалгаагаар манай улс долоодугаар байрт жагссан байна лээ. Энэ нь нэлээд өндөр үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд онцолж байсан. Энэ  яг ямар хүчин зүйлээс болж байгааг мэргэжлийн хүний хувьд манай уншигчдад тайлбарлахгүй юу?
 
-Монгол улс номхон далайн бүс нутгийн 37 орноос сэтгэл гутралын судалгаагаар гуравдугаарт, сэтгэцийн эмгэгийн судалгаагаар долдугаарт, амиа егүүтгэх судалгаагаар зургаадугаар  байрт жагссан байна. Энэ нь юунаас үүдэлтэй вэ гэхээр манайхаар үйлчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь жирэмсэн үеийн сэтгэл гутралд орсон байдаг. Мөн хайртай дотны хүнээ алдсан, санаа зовоосон, тулгамдсан асуудлаа ярилцах хүнгүй  дотроо шаналж явсанаас сэтгэл гутралд орж байна. Мөн ажил үйлс нь бүтэмжгүй дээр нь нэр хүнд нь унасанаас үүдэж сэтгэл гутралд орж байна.
 
-Сүүлийн үед өсвөр насныхны дунд амиа хорлох тохиолдол  түгээмэл боллоо. Ямар учраас амиа хорлох сонголт хийдэг юм болоо?
 
- Өсвөр насныхны хувьд аав ээж нь хэт завгүй, үр хүүхэдтэйгээ ярилцдаггүй, дотоод сэтгэлийг нь уудажл, онгойлгоогүйгээс, ангийнхаа дундаа байр сууриа олж чадахгүй, найз нөхөдгүй байх нь тэднийг сэтгэлд гуртралд оруулах хамгийн том шалтгаан болдог. Мөн өсвөр насныхан хайр дурлалын асуудалтай учрахаараа сэтгэл гутралд амархан ордог. Энэ нь цаашлаад буруу алхам хийхэд хүргэж байна.
 
 -Өсвөр насны охид, хөвгүүд хайр дурлалаас болж амиа хорлох тохиолдол хэр их байдаг вэ? Аль эсвэл гэр бүлийн асуудал нөлөөлдөг юм болов уу?
 

-Гэр бүлийн уур амьсгал таарамжгүй байгаа нь хайр дурлалын асуудлаасаа болж сэтгэлээр унаж байгаа хүүхдэд амиа хорлоход нь сэдэл болж өгдөг. Гэр бүлээсээ мэдэрч чадахгүй байгаа тэр хайрлагдах сэтгэлээ өөр хэн нэгнээс авахыг хүсдэг. Ингээд найз хөвгүүн, охинтой болж, хайрлуулахыг хүсдэг.  Тэр нь л өөрийг нь хорвоогийн төв гэж харж, маш ихээр хайрлах ёстой гэж үздэг. Ингээд  харамсалтай нь салалт гэдэг зүйлтэй тулгарах юм бол энэ нь маш хүндээр тусдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлээсээ авч чадаагүй зүйлээ өөр хүнээр орлуулахыг хүсээд тэр нь бүтэлгүйтвэл тухайн хүүхдэд  гарах гарцгүй санагдаж, сэтгэл гутралд ордог. Тэгэхээр гэр бүлийн уур амьсгал өсвөр насныханд хамгийн чухал.
 
- Сэтгэл гутрал, гуниглах хоёр юугаараа ялгаатай вэ?
 
-Гуниглах гэдэг бол сэтгэл хөдлөл. Харин энэ маань олон давтамжтой удаан үргэлжлээд ирэхээрээ сэтгэл гутрал болдог. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хайртай дотны хүнээсээ хагацсан, гэр бүл салсан, хэн нэгэн дотны хүн нь хүндээр өвдсөн гэх мэт асуудлуудаас болж, гуниглаж явсаар энэ нь удаан үргэлжлээд ирэхээрээ сэтгэлийн зовлон болж, сэтгэл гутралд оруулж, сэтгэлийн өвчний шалтгаан болж өгдөг. Сэтгэл гутрал гэдэг нь санаа зовоосон, гуниглуулсан энэ асуудал дор хаяж хоёр сар үргэлжилсэн байх юм бол сэтгэл гутралд орсон байна гэж үздэг. Энэ нь юугаар илрэх вэ гэхээр хэт их жин нэмэх, хасах, өөрийгөө үнэ цэнэгүйд тооцох, амиа хорломоор санагдах,  нойр хоолондоо муудах, мөн эсрэгээрээ хэт унтамхай, идэмхий болох гэх мэт шинж тэмдэг ажиглагддаг.
 
- Өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх нь амиа хорлох талаар нэг бус удаа бодож, оролдлого хийдэг гэсэн судалгаа гарсан. Энэ насныхны онцлог гэж ойлгож болох уу?
 
-Үүнийг зөвхөн насны онцлог руу хамруулахад учир дутагдалтай. Яагаад вэ гэхээр хүний амьдралд амьдралын мөчлөг байдаг. Тухайлбал  12 орчим насанд хүүхэд баг хамт олны дунд байхыг хамгийн их хүсдэг. Энэ үедээ  тэгж чадахгүй бол ганцаардмал мэдрэмж төрж эхэлнэ. Энэ нь 12-18 насанд үргэлжилж болдог. Харин 18-25 насанд өөрийгөө таньж мэдэх, амьдралын утга учрыг олох, өөрийнхөө байр суурийг олох гэж оролдож эхэлдэг.  Амьдралынхаа ханийг сонгох гэх мэт сэтгэл зүйн суурь хэрэгцээ  байдаг. Харин ингэж чадаагүй бол сэтгэл зовж эхэлдэг. За ингээд 25-35 насанд  ажил амьдралын хувьд тогтвортой болж, ажилдаа ахиц гаргаж, санхүүгээ тогтворжуулсан байх нь сэтгэлзүйн суурь хэрэгцээ болдог. 45-50 насанд эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилтийн үе явагдаж байдаг учир нэлээд эмзэг болдог, Эрэгтэйчүүдийн хувьд ч мөн ялгаагүй. Энэ үед хайртай дотны хүмүүсийнх нь хайр халамж хамгийн их хэрэгтэй болдог. Хэрвээ ингэж чадахгүй бол сэтгэлзүйн хувьд өөрчлөлт орж эхэлдэг. Тэгэхээр дан ганц өсвөр нас гэлтгүй нас насны онцлогоос шалтгаалж сэтгэлзүйн суурь хэрэгцээ бий болж байдаг. Харин энэ үед энэ нь хангагдахгүй бол амиа хорлох хандлага гардаг.
 
Өсвөр насныхны хувьд  энэ насан дээрээ хоббитой болох, ямар нэгэн дуртай зүйлээ олж, түүнийхээ төлөө тэмцэх нь хамгийн чухал. Ингэж чадвал өөртөө итгэлтэй болдог. Мөн энэ насан дээрээ хүнд хайрлуулж байгаагаа мэдэрнэ гэдэг бол сэтгэлзүйн хувьд маш том хэрэгцээ болж өгдөг. Тэр дундаа эсрэг хүйстний хүнээрээ хайрлуулах юм бол энэ нь их сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Сэтгэлзүйн шинжлэх ухаанд өсвөр насыг 11-12 наснаас эхэлдэг гэж үздэг. Бид нар болохоор 16-17 насыг өсвөр нас гэж яриад байдаг. Гэтэл аль хэдийн хямрал 11-12 наснаас эхэлсэн байдаг. Харин 16-17 насандаа илэрч эхэлдэг. Тиймээс аль болох багаас нь  анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм. Ер нь хүүхдийн сэтгэлзүйд эцэг эхчүүдийн анхаарал халамж хамгийн чухал нөлөөтэй байдаг гэдгийг аав ээж нар маань ойлгох хэрэгтэй. Хэрэв та өсвөр насны хүүхэдтэй бол яг одоо цаг гарган ярилцаад үзээрэй.
 
- Гэр бүл салалт хүүхдүүдийн сэтгэлзүйд хэр хүчтэй нөлөөлдөг вэ? Энэ нь яваандаа сэтгэл гутралд оруулж, цаашлаад буруу сонголт хийхэд хүргэх үү?
 
-Тиймээ. Гэр бүл салалт 3-12 насныханд маш хүндээр тусдаг. Гурван нас бага санагдаж байгаа ч энэ насан дээрээ хүүхдүүд аливаа зүйлийн утга учрыг олж, таньж мэдээд эхэлсэн байдаг учраас эцэг эхийнхээ салалтыг ойлгож, өөрийн хэмжээндээ мэдэрдэг. Улмаар 3-12 насныхан энэ салалтыг өөрөөсөө болсон гэж эмзэглэдэг. Би аав, ээжийнхээ үгэнд ороогүйгээс боллоо, би хэрэгтэй үгийг хэлж чадсангүй гэх мэт өөрийгөө буруутгах хандлага их байдаг. Энэ нь яваандаа сэтгэл гутралд оруулдаг. Салалтаас гадна хүүхэд сэтгэл гутралд ордог нэг зүйл бол ээж нь хэвлийд байхад нь сэтгэл санааны асуудалтай байсан бол ихээхэн нөлөөлдөг.  Жирэмсэн эх гэр бүлийн асуудлаас болж үргэлж санаа зовдог, ууртай уцаартай,  маш их уйлдаг байсан бол тэр хүүхэд аливаа зүйлд маш эмзэг мэдрэмтгий ханддаг, энэ нь насанд хүрсэн хойно нь ч байж л байдаг нэг төрлийн  төрөлхийн сэтгэл гутрах зан чанартай болгодог. Эцэг эхийн салалт бол хүүхдийг өөртөө итгэх итгэлгүй болгодог.
 
 
- Орчин үеийн хүүхдүүдийг аашилж, загнаж сургахгүй. Арга эвээр хэлж ойлгуулах хэрэгтэй гэдэг. Энэ нь хэр зөв бэ?
 
-Манайхны нэг хандлага байдаг. Загнаж болохгүй  гээд 7 нас хүртэл нь  загнахгүй дураар нь байлгачихаад сүүлд гэнэт загнаад эхэлдэг. Анхнаасаа хүүхдэд зөв бурууг ойлгуулж,  зэмлэх зүйл дээрээ тунг нь тааруулаад зэмлэж, сургах хэрэгтэй. Ерөнхийдөө байнга загнадаг, бүх зүйлийг төгс төгөлдөр хийхийг шаарддаг, өөр бусад хүүхэдтэй харьцуулж зэмлэдэг, олны өмнө  загнаж ичээдэг эцэг эхчүүд байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйд их нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй. Ийм хүүхдүүд өөртөө итгэлгүй, зориггүй болдог. Харин эсрэгээр нь хүүхдий хүссэн бүхнийг авч  өгдөг, дураар нь байлгадаг бол  ийм хүүхэд маш зөрүүд болж өсдөг. Иймд хүүхэдтэйгээ харьцахдаа насны онцлог, ааш занд нь тааруулж харьцаж байх нь маш чухал.
 
-Эх эцгийн хайраар хайрлуулж өссөн хүүхэд илүү сэтгэл сайтай, ухаалаг байдаг гэдэгтэй та санал нийлэх үү? 
 
-Мэдээж хэрэг тэгэлгүй яах вэ. Хайрлаж байгаа хайраа яаж илэрхийлэх вэ гэдэг бас их чухал. Алган дээрээ бөмбөрүүлээд эрхлүүлээд байх нь хайр биш. Харин  хэр зэрэг их цаг зав гаргаж байна вэ гэдэг их чухал. Мөн хүсэл мөрөөдлийг нь сонсож, ярилцаж байх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдийнхээ хайртай хүмүүсийг давхар хайрлах хэрэгтэй байдаг. Ээж, аавыг нь, эмээ өвөөг нь найз нөхдийг нь ч хайрлаж, хүндэлж харьцаж байвал хүүхэд маш их сэтгэл хангалуун болдог.
 
- Эцэг эхчүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

 
-Хүүхэддээ маш сайн цаг гаргах хэрэгтэй байна. Өсвөр насны хүүхдүүдтэй хайр дурлал, үерхэл нөхөрлөлийг сонсож,  нөхөн үржихүйн асуудлаар цаг гарган ярилцаж байх нь хамгийн чухал байна. Хэдийгээр бие даасан том болсон гэж бодож байгаа ч таны хүүхдэд таны зөвлөгөө хамгийн их хэрэгтэй байдаг гэдгийг байнга санаж байгаарай. Хэрвээ та  өнөөдөр хүүхэддээ цаг гаргаж чадахгүй байвал 10, 20 жилийн  дараа харамсах байх. Насанд хүрсэн хойно ч амьдралд нь оролцож, санаа зовохгүй байя гэвэл та өнөөдөр л хүүхэддээ цаг  гаргаарай. 

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочинн 2017-04-14 12:44:39
    алдарт гомо мөнхөө гэгчийн тухай номийг хаанаас авч уншиж болох уу таминь ээ
    202.179.26.71
    Мэдэгдсэн Хариулах