Үлгэрт итгэдэг нас чинь өнгөрчихсөн байлтай, УЛСТӨРЧИД ӨӨ

Монгол Улс гурван сая гаруй хүн амтай. Бүр тодруулбал, Үндэсний статистикийн байгууллагын өчигдрийн мэдээгээр 3.137.329 мянган иргэд байгаа гэсэн тоон мэдээлэл байна. Эндээс сонгуульт үйл ажиллагаанд оролцдоггүй, ямар нэг байдлаар санал өгдөггүй нэг сая гаруй иргэн байна гэж үзвэл үлдсэн хоёр сая орчим нь төрийн бодлого үйл ажиллагаанд байр сууриа илэрхийлэх боломжтой, эрүүл саруул ухаантай, хөдөлмөрийн насны иргэд.

...улс төрийн зорилготой судалгаа авдаг байгууллага манайд борооны дараах мөөг шиг олширчээ...

 
Гэтэл сүүлийн үед Монгол Улсын хоёр сая гаруй иргэдийн өмнөөс 2000 хүн шийдвэр гаргадаг болчихлоо. Чин үнэнээр шийдвэр гаргадаг эсэх нь ч тодорхой бус. Энэ бол элдэв дээдийн судалгаанууд. Тэр тусмаа улс төрийн зорилготой судалгаа авдаг байгууллага манайд борооны дараах мөөг шиг олширчээ. Нэг төрлийн бизнес болчихсон юм уу даа. Худалч хүнд нам болгон л дэргэдээ судалгааны байгууллагатай. Тэр гишүүний, энэ улстөрчийн дор байдаг тийм нэртэй судалгааны байгууллага хэмээн нэр цохсон ч болохгүй зүйл алга. Гэвч энэ удаад нийтэд хамруулаад орхиё.
 
Зарим судалгааны байгууллагын дарга нар намдаа рейтинг өсгөх судалгаа хийж өгснийхөө шагналд УИХ-ын гишүүнээс эхлээд албан байгууллага, сургууль цэцэрлэгийн даргаар хүртэл томилогдсон. Намын захиалгаар ажилладаг энэ мэт судалгааны дүнд манай улстөрчид тун ч итгэл үнэмшил өгнө өө. 2000 хүний өгсөн саналыг бараг л хоёр сая иргэний өгсөн итгэл мэтээр хүлээж авчихаад хөөрцөглөж гарна.
 
Харамсалтай нь, бодит амьдрал тоон судалгаа хоёр алд дэлэм зөрүүтэйг сонгуульд нэр дэвшч бүдэрсэн хойноо ойлгодог нь гачлантай. Хэд хэдэн жишээ онцлоё. Өнгөрсөн сонгуулийн үеэр улс төрийн зорилготой хэд хэдэн судалгаа хийгдсэн байдаг. Нэг биш нэлээд хэдэн удаагийн давталттай явагдсан судалгаанд улстөрчдөөс Н.Энхбаяр, С.Ганбаатар, Ж.Батзандан тэргүүтэй улстөрчид дандаа л тэргүүлдэг байв. Улс төрийн намууд харин ээлжилнэ. Хэний намын угшилтай судалгааны байгууллага вэ гэдгээс хамаарч аль нэг нам нь өндөр рейтингтэй гарч ирдэг. Заримдаа МАХН тэргүүлчихсэн давхиж явна. Заримдаа Ардчилсан намын рейтинг байж боломгүй өндөрт мандана. Эсвэл Ардын намд л иргэд итгэл үнэмшил өгсөн тухай судалгаа гарчихна.


2016 оны сонгуулийн өмнөхөн маргааш сонгууль болвол манай нам ялах нь тодорхой байна. Судалгаа ингэж гарлаа гэж давхисаар шороо үмхсэн бодит жишээ бий

 
Нөгөөхийг нь улс төрийн нам, улстөрчид шүүрч аваад л маргааш сонгууль болвол манай нам тэдэн хувийн саналаар ялна гэж зарлах нь эмгэнэлтэй. 2016 оны сонгуулийн өмнөхөн маргааш сонгууль болвол манай нам ялах нь тодорхой байна. Судалгаа ингэж гарлаа гэж давхисаар шороо үмхсэн бодит жишээ бий шүү. Жил жилийн судалгааг тэргүүлдэг “нэрт” улстөрчид маань ч амаараа шороо үмхэж, гудамжинд “лааз” өшиглөж яваа. Нэг суудал ч авч чадалгүй улс төрийн тавцангаас арчигдаж байсан удаатай. Энэ мэт судалгаанд итгэж яана вэ, улс төрийн намууд, улстөрчид минь ээ.
 
Үлгэрт итгэдэгнас чинь уг нь аль хэдийнэ л өнгөрчихсөн баймаар. Эсвэд ард түмнийг тэнэг гэж бодоогүй л байлтай. Нэг улстөрчийг мундаг гэж зарлахаар, эсвэл маргааш сонгууль болвол манай нам ялна гаж шардчихаар л “Нээрээ тийм байна. Ийм мундаг намд санал өгье” гэдэг тэнэг хүн одоо тийм ч олон олдохгүй болов уу. Магад түүврийн аргаар олсон 2000 иргэд дунд л тийм бодолтой хүн ганц нэг байсан биз.


Үлгэртээ өөрсдөө итгэж хэсэгтээ л догдолж давхина. Дараа нь далаараа цэвэр тавиулчихаад, шударга бус сонгууль болсон. Би ард түмний дунд өндөр рейтингтэй улстөрч хэмээн мэдэгдэл хийж сүржигнэхээ ч тэд мартахгүй.

 
Саяхнаас, ийм төрлийн судалгаа дахиад л эрчээ авч эхлэв. Арга ч үгүй. Тун удахгүй бид Ерөнхийлөгчөө сонгоно. Шалгарсан аргаараа “Маргааш сонгууль болвол манай тэр Ерөнхийлөгч болох нь тодорхой байна” гэсэн пиар хийж байгаа бололтой. Үлгэртээ өөрсдөө итгэж хэсэгтээ л догдолж давхина. Дараа нь далаараа цэвэр тавиулчихаад, шударга бус сонгууль болсон. Би ард түмний дунд өндөр рейтингтэй улстөрч хэмээн мэдэгдэл хийж сүржигнэхээ ч тэд мартахгүй. Ер нь дэгсдүүлж хэлэхэд манай улстөрчид тун ч сэтгэлийн хөөрөлтэй хүмүүс юм. Танхимд цугласан 500 хүн хэлсэн үгийг нь дэмжиж алга ташчихаар өөрийгөө төрд хэрэгтэй“зайран” гэж ойлгочихно. Намын хэсэг бүлэг нөхөд нь өөрийг нь дэмждэг тухай ярьчихаар албан тушаал болгонд өрсөлдөж гүйнэ. Саяхан болсон АН-ын даргын сонгуулиар ч сэтгэлийн хөөрлөөр давхиж орсон, танхимын алга ташилтыг дэмжлэг гэж ойлгосон хүмүүс мэр сэр харагдсан нь худлаа биш.
 
1000 хүнээс 200 нь мундаг улстөрч гэсэн үнэлгээ өгчихвөл өөрийгөө бараг л Ерөнхийлөгчийн дайтай үнэлдэг нөхөд ч мэр сэр бий. Зарим нь ч эхнээсээ энэ мэтээр сэрүүн зүүдлэн Ерөнхийлөгч болно хэмээн давхиж яваа сурагтай. Энэ мэт “хуурамч” судалгааг больчихвол яадаг юм бэ, намууд аа.
 
Одоо бүр байтлаа Үндсэн хууль өөрчлөх асуудлыг хүртэл шилж сонгож, түүвэрлээд хийх юм гэнэ. Улс төрийн намуудын хэдэн жилийн хэрүүлийн сэдэв болсон “Эцэг” хуулиа өөрчлөх асуудлыг түүврийн аргаар сонгож авсан иргэдээр шийдүүлэх тухай өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Үндэсний статистикийн хороо 21 аймаг, есөн дүүргээс санамсаргүй туүврийн аргаар насанд хүрсэн 1570 хүнийг сонгож Үндсэн хуулиа өөрчлөх үү хэмээн санал асуух аж. Цаашлаад 50 хувийг нь түүврийн аргаар сонгож Төрийн ордонд хэлэлцүүлэгт уриад л хуулиа өөрчлөх эсэхээ шийднэ гэсэн үг. Гэвч, энд улс төрийн нөлөө орохгүй гэсэн баталгааг хэн өгөх юм бэ. МАН-ын угшилтай хэдхэн хүнийг сонгож, санал авахгүй гэсэн баталгаа алга. Нам ялах судалгааг захиалж хийлгэж чадаж байгаа юм чинь хуулиа өөрчлөх санал асуулгыг ч хүссэн үр дүнгээрээ хийлгэж чадах л хүмүүс.
 
Тэгээд ч судалгаанд оролцсон хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж, гэрт нь очиж авдаггүй. Утсаар авсан судалгаа үнэн гэдэгт итгэх боломж ч байхгүй. Утасны цаана эзэн нь өөрөө байгааг хэн мэдээд байгаа юм. Улстөрчид өө, улс төрийн намууд минь. Хэдэн төгрөг төлж ард түмний тархийг угаахаа хэзээ болих вэ. Хоёр сая гаруй санал өгөх эрхтэй иргэний өмнөөс 2000 хүн шийдвэр гаргана гэж юу байхав. Миний үнэмлэмжийг сонсоогүй атлаа маргааш сонгууль болвол манай нам ялна, Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж С.Жавхлан шилдэг улстөрч болох нь гэсэн үлгэр ярихаа одоо больчихвол яасан юм бэ.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ГЭНЭН БАНДИА 2017-04-13 05:28:04
    УЛС ТӨРЧИД ҮЛГЭРТ ИТГЭДЭГТЭЙ БУС ТА НАР СОНГОГЧИД ТЭР ҮЛГЭРТ НЬ ИТГЭЭД БАЙДАГТ ГОЛ НЬ БАЙХГҮЙ ЮУ ДАА
    202.72.245.200
    Мэдэгдсэн Хариулах