Ч.Хүрэлбаатар: Төсвийн тодотголын үеэр шинэ хөрөнгө оруулалт, шинэ обьект барих яриа байхгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуралдаанаар Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүд, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр  санал хураав. 

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсвийн зарлагад  “Монгол Улсын 2017 оны төвсийн тухай хуулиар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал, 2017 оны төсвийн тодотголд нэмэгдэхээр тусгагдсаныг гадаад зээл, тусламжаар санхүүжих, шүүхийн шийдвэрийн дагуу болон валютын ханшийн зөрүүгээр нэмэгдсэн, төсвийн ерөнхий захирагчдын хооронд эсвэл тухайн  төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зохицуулалт хийгдсэн, өөрийн орлого, эх үүсвэртэйгээ нэмэгдсэн зардлуудыг нэмэгдсэн дүнгээр нь хэвээр үлдээж, улсын төсвөөс санхүүжүүлэхээр  нэмэгдүүлснийг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож бууруулах” гэсэн Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85,7 хувь нь дэмжсэн юм.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хуралдааны үеэр “Төсвийн тодотголыг ОУВС-тай тохиролцсон тэрхүү зарчмын дагуу л хийж байгаа. Тиймээс төсвийн тодотголын үеэр шинэ хөрөнгө оруулалт, шинэ обьект барих яриа байхгүй. Ийм саналыг дэмжихгүй гэдэг дээр Төсвийн байнгын хороо хатуу зогсч, төсвийн сахилга батаа сахина ” гэдгийг онцгойлон анхаарууллаа.

Иймд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын хөрөнгө оруулалтын жагсаалтад шинээр нэмэгдсэн, саналын томъёоллын хавсралт 01-д тусгагдсан 28,718.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2017 онд санхүүжих  дөрвөн төсөл, арга хэмжээг Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас хасах” Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь  дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл нарын  “Хавдар судлалын үндэсний төвийн сити томографын аппарат төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг 500.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, үлдэгдэл санхүүжилт болох 500,0 сая төгрөгийг 2018 оны төсөвт нэмж тусгах” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь дэмжив.  Учир нь Монгол Улсад хавдрын эрт оношлогооны ийм  аппарат нэг ч байдаггүй аж.

Байнгын хорооны гишүүд экспортыг дэмжсэн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх саналыг 100 хувь дэмжиж байлаа. Тухайлбал, Уул урхай, хүнд үйлдвэрийн сайдын төсвийн багцын өөрийн орлогыг 20.000,0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх Ажлын хэсгээс гаргасан санал 84,6 хувиар дэмжигдэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын гаргасан “Хууль зүйн сайдын багцын хөрөнгийн зардалд Гашуунсухайт боомтоор нүүрс зөөвлөрлөж байгаа тээврийн хэрэгслийн гарах, орох замын урсгалыг шалгаж, бүртгэхэд шаардлагатай шалгалтын кабин барихад шаардагдах 360,0 сая төгрөг”, “Гашуун сухайт боомтын авто замын шалган нэвтрүүлэхэд ажиллах шалгагч, гэрээт цэргийн цалинд 820.0 сая төгрөгийг нэмж тусгах” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.

Ингээд  Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
 
П.ГОО
Оллоо. Мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.