ОУВС-аас валютын ханш тогтвортой байх ёстой гэсэн чиглэл өгчээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Д.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд ОУВС-гаас Оюутолгойн гэрээг сайжруулах, алтны татварыг нэмж, төсвийн орлогыг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгсөн эсэх, түүнчлэн 2017 оны төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэлд  валютын ханшийг нэг ам, долларыг 2538 төгрөгөөр тооцсон нь хэр зөв тооцоолол байсан зэргийг тодруулж байлаа.

Ажлын хэсгийнхэн, ОУВС-аас бидэнд валютын ханш тогтвортой байх ёстой гэсэн чиглэл өгсөн. Сангийн яамны хувьд нэг ам. долларын ханшийг 2538 төгрөг гэсэн нь 2017 он буюу бүтэн жилийн дундаж ханшаар тооцсон хэрэг. Мөн төсвийн орлогыг уул уурхайгаас хамааралгүй байхаар бүрдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгөөд байгаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээг засч сайжруулах, алтны татварыг нэмэх талаар яриа хэлэлцээрт хөндөгдөөгүй. Гэхдээ Засгийн газраас Оюутолгойн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулаад байгаа. Энэхүү ажлын хэсгээс тодорхой үр дүн гарна байх гэж хариулав.

Үүний дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Сумын төвийн шинэчлэлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Замын-Үүд суманд баригдах Соёлын төвийн барилгын нэмэлт санхүүжилт болох 756.6 сая төгрөгийг тус сумын 100 ортой эмнэлгийн барилгад шилжүүлж, ашиглалтад оруулах саналыг гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн “Оюутолгой, Тамсагийн ордын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, орлогыг нь Монголбанкаар дамжуулдаг болох” гэсэн санал ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авлаа.

Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 7.2-т заасан “Хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт  автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө” гэсэн заалтыг хүчингүй болгох" гэсэн санал нь дэмжигдсэнгүй.
 
Ингээд хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.

 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2017-04-12 01:23:17
    Валютын ханшыг тогтвортой барих биш өмнө байсан түвшинд нь хүртэл буулгах ёстой. Чадахгүй бол чаддаг хүмүүст нь ажлаа шилжүүлэх шаардлагатай шүү.
    202.9.42.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөөрхий дөө энэ гишүүд, 2017-04-11 11:06:23
    Сумын төвд баригдах Соёлын Төвийн барилгын санхүүжилт гэх мэт юм л УИХ-дээр ярих юм ,Эд нар ер нь аж ахуй эрхлэгч нар юм уу ,хаашаа ч завхарсан юм бэ дээ.
    182.160.36.148
    Мэдэгдсэн Хариулах