“Альянс Тех харцага” улирлыг тэргүүлж эхэллээ

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн улирлын ээлжит тоглолтууд өчигдөр/04.10/ боллоо. Эхний тоглолтод Альянс Тех Харцага, Төв Ургац багтай учраа таарав.

Тоглолтыг Төв Ургац баг тун сайн эхлүүлсэн бөгөөд нэгдүгээр үед Харцага багийн хамгаалалт учраа олсонгүй. Гэвч хоёрдугаар үеэс өрсөлдөөн улам ширүүсч, Харцага багийн хамгаалалт сэргэсэн юм. Эхний хагас 44:36-гаар Төв Ургац-ын давамгайллаар өндөрлөв. Гуравдугаар үед Карл Блэйр, Э.Дөлгөөн нар сайн тоглож, богинохон хугацаанд Харцага онооны зөрүүг арилгаж чадлаа. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Харцага хамгаалалт болон довтолгоон дээрээ хий гаргалгүй тоглосоор өрсөлдөгчөө 88:76-гаар буулган авч, улирлын дөрөв дэх хожлоо байгуулав. Харин Төв Ургац анхны ялагдлаа амслаа.



Тус тоглолтод Карл Блэйр 31 оноо, 10 самбар, 11 оновчтой дамжуулалт өгч, улирлын гурав дахь трипл-даблиа гүйцэтгэв. Мөн Э.Дөлгөөн 24 оноо, 10 самбар, О.Цэлмэг 16 оноо, Г.Цэнгүүнбаяр 9 оноо, 10 самбар авсан юм. Төв Ургацаас Чой Рю Ри 23 оноо, 11 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн бол Д.Дэлгэрням 20 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалт, Ц.Ганболд 12, Билгүүн 12 оноо авчээ. 

Харцага баг улирлыг 4 хожил, 1 хожигдолтой тэргүүлж эхэлсэн бол Төв Ургац 3 хожил, 1 хожигдолтой хоёрдугаар байрт бичигдэж байна.
 

Б.Моррис багаа ялалтад хүргэв


Увсчууд эзэнтэй Увс Нуур улирлын тав дахь тоглолтоо Ховд Мон-Алтиус багтай хийв. Тоглолт Ховдын давамгайллаар эхэлсэн ч Увс Нуур баг нэгдүгээр үеийн төгсгөлийг тун сайн хийсэн юм. Энэ үеийн төгсгөлд Г.Болд алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж Увс Нуур 25:23-аар тэргүүлэв. Хоёрдугаар үед Увс Нуур багийн хамгаалалт учраа олсонгүй. Тэдний эрч хүчтэй дайчин хамгаалалт огт харагдахгүй байлаа. Улмаар эхний хагаст Ховд Мон-Алтиус давамгайлав. Гуравдугаар үеийн эхэнд Ховд Мон-Алтиус баг ээлж дараалсан алсын зайн шидэлтийг амжилттай болгож, онооны зөрүүг 20 болгов. Тэд шийдвэрлэх үед тэргүүллээ хадгалсаар өрсөлдөгчөө 91:77-гоор буулган авч, улирлын хоёр дахь хожлоо байгуулав. Увс Нуур гурав дахь ялагдлаа амсав.



Тус тоглолтод Брэндон Моррис 32 оноо, 7 самбар, 13 оновчтой дамжуулалт өгч, тоглолтын шилдгээр нэрлэгдлээ. Мөн Сим Кум Бёл 19, Төгсцогт 15 оноо, 12 самбар, А.Гансүх, Б.Дархантөгс нар тус бүр 11 оноо авсан байна. Увс Нуур багаас Г.Болд 22 оноо, Ким Чон Ил 20, Ц.Баянмөнх 20, 9 самбар авч сайн тогложээ.

Ховд Мон-Алтиус 2 хожил, 3 хожигдолтой дөрөвдүгээр байрт, Увс нуур 2 хожил, 3 хожигдолтой тавдугаар байрт бичигдэж эхэллээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.