Улсын комисс дутуу ажиллаж, зөрчилтэй барилгуудыг хүлээн авсаар байна
НХТ, ЕТГ-ын барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын гишүүд илтэд хууль журам зөрчдөг болжээ. Бүр тодруулбал тухайн барилгад ширхэг ч тоосго өрөөгүй компанийг барилгын ерөнхий гүйцэтгэгч болгон хувиргаж хууль бусаар бичиг баримт бүрдүүлсэн байгааг нь огт шалгаж үзэлгүй, улсын комисс хүлээгээд авчихсан тохиолдол гарсан байна.

Тухайн барилгад хаанаас худалдаж авсан материал орсон. Тэр нь чанартай байсан уу, үгүй юү, Барилгын амин сүнс болсон бетон, арматур нь стандартын шаардлага хангасан уу. Зураг төслийн дагуу барьж чадсан эсэх, Барилга барихдаа, цутгалт хийхдээ ямар технологиор, ямар маркийн бетоноор, хэдэн сарын хэдэнд цутгалт хийсэн гэдгийг ч нарийвчилж шалгаагүй хүлээж авсан барилгын талаар бид өмнө мэдээлж байсан. Тодруулбал Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд орших “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгыг нэр бүхий төрийн албан хаагчид Улсын комисст ажиллаж, шалгаж үзээд байнгын ашиглалтад хүлээгээд авчихсан. Бүр барилгын эзэд болох “Сант” сургуулийн удирдлага “ Сургуулийн өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Бүрэн цутгамал” компани чанаргүй барилга барьсан. Үүнээс болж онц их хэмжээний хохирол манайд учирсан ” гэх шалтгаанаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Шүүхийн байгууллагад өргөдөл, гомдол өгчихсөн. Тэр маргаан нь шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад нь улсын комиссын гишүүд “ чанартай барилга барьсан байна” гээд шууд хүлээгээд авчихсан талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл энэ удаад улсын комиссынхонтой холбоотой дахин нэг  шүүмжлэл гараад байна. Учир нь өнгөрөгч баасан гарагт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчилтэй барилгуудын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчсөн, ажлын зураг төслийн бүрдэл дутуу, барилга угсралтын ажлын явцад зөрчилтэй байсан барилга байгууламжууд болон “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хот байгуулалтын тухай”, “Барилгын тухай”  хуулиуд, дүрэм, журамд тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангахгүй байгаа дараах барилга байгууламжуудад улсын /ахлах/ байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулаагүй байхад улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан байгааг мэдээллээ. Мөн тус барилгуудад ашиглалтын явцад нэлээдгүй зөрчил илэрсэн талаар мэдээлсэн. 

Тухайлбал Хан-Уул дүүргийн III хорооны нутагт “Атек” ХХК-ийн захиалгаар барьсан үйлчилгээтэй, орон сууцны 12 давхар барилга нь архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчсөн, давхар нэмсэн, өөрчлөлтийн зураг төсөлд магадлал хийлгээгүй, өнгөрсөн оны аравдугаар сарын 21-нд зөрчилтэй барилгын талаар албан бичиг хүргүүлсээр байтал Улсын комисс хүлээн авчээ. Мөн тус дүүргийн нутагт барьсан 51 дүгээр байр гадна тохижилтгүй, барилгын хийц бүтээцийг өөрчилсөн, дээврээс ус гоождог, 1-9 дүгээр давхар хүртэл хонгилын хана цуурсан зэрэг зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн ч хэрэгжүүлээгүй байна.

Баянзүрх дүүргийн XIV хорооны 85 айлын орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр ус, цахилгааны угсралтын ажлыг баталж, зөвшөөрсөн ажлын зураг, техникийн нөхцөлөөс өөрчилсөн зөрчлийг арилгуулалгүй Улсын комисс хүлээн авсан гэнэ. Чингэлтэй дүүрэг дэх ХНХЯ-ны цахим архивын барилга угсралтын ажлыг “Нийслэл өргөө” ХХК нь дутуу гүйцэтгэсэн байхад 2015 онд Улсын комисс ашиглалтад хүлээн авчээ.

Энэ мэт барилга угсралтын ажил нь дуусаагүй, зөрчилтэй барилгуудаас гадна ашиглалтын шаардлага хангахгүй байгаа автозамыг Улсын комисс хүлээн авсан тохиолдол байгаа аж. Багахангай дүүргийн Үнэгтэйн гэр хорооллын 1.2 км автозамын угсралтын ажилд улсын ахлах байцаагч албан шаардлага өгсөн ч биелүүлээгүй байхад комисс хүлээн авчээ. Мөн Багануур дүүргийн гэр хорооллын 6.44 км автозамыг комисс хүлээн авсан ч “Автозам жим” ОНӨААҮГ-аас ашиглалтын шаардлага хангахгүй буй талаар гомдол ирж байгаа аж.

Дээрх барилгуудад зөрчлөө арилгах даалгавар өгөөд байгаа. Гэсэн хэдий ч улсын комисс анхнаасаа чанартай сайн шалгаж үзэж авсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан гэдгийг албаныхан хэлж байна. Тухайлбал, НМХГ-ын ДБХХ-ийн дарга Г.Гантулга “Сүүлийн үед ашиглалтад орж байгаа барилгуудтай холбоотой гомдол санал  олноор ирэх болсон. Энэ нь  улсын комисс хүлээж авахдаа хангалтгүй ажиллаж, дутуу шалгаж авсанаас үүдэлтэй”  гэлээ. Энэ нь ч үнэний ортойг иргэд, оршин суугчид хэлж байна. Улсын комисс хүлээгээд авчихсан асуудалгүй гээд итгээд орсон шинэ байранд нь өдөр бүр чанар, стандарт зөрчсөн асуудал гарч, энэ талаар зогсоо зайгүй мэргэжлийн байгууллагад гомдол гаргаж амьдрахыг иргэд хүсэхгүй байгаагаа хэлж байна. 
Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шударга 2017-04-13 09:00:50
    Наадуул чинь 60 тэрбумын төлөө дандаа хахууль авч байгаа. Шалгадаг мөрддөг улс нь ийм илт юмыг зогсоогооч, МАН-ны мөнгөнийхний үр хүүхдүүд ажилладаг.
  • dsn 2017-04-11 10:51:08
    ene dutuu bishee guitsed , naad dutuugiin chin heden bor yum koissaruudiin halaasan orood guitsej bgaag ta odoo hurtel medehgui ardchilalaas mun ih hotsorjee.