Дарга нарын давралыг хуулиар хязгаарлаач
Монгол Улс парламентын тогтолцоотой, ардчилсан орон. Парламентын тогтолцоотой дэлхийн бүхий л оронд Ерөнхий сайд нь эрх мэдлээ гартаа атгаж, хүмүүсээ томилж, өөрчилж, шинэчилдэг. Харин манайд бол Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, цаашлаад 76 гишүүн, салбарын сайдууд гээд эрх мэдэл түм бум хуваагдчихсан. Төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж буй гэдэг ч иргэдийн сонгосон түшээд нь сонгуулийн маргаашаас эрх мэдлийн төлөөх “дайн” хийгээд явчихдаг. Юун хэсэг бүлэг хүмүүсийг төлөөлж төрд ажиллах, тэр тухай санадаг хүн манайд нэг ширхэг ч байхгүй.
 
За тэгээд нэг дарга, сайд болоод авбал очсон газраа шоргоолжны үүр эвдэж байгаа аятай л самарна даа. Хаалгач, цэвэрлэгчээс нь авахуулаад хэлтэс, газрын дарга гээд бүгдийг нь солино. Өөрийн танил тал, хамаатан садан, найз нөхөд байвал мэдрэлийн өвчтэй ч байсан хамаагүй авчираад даргаар томилчихно доо. Оронд нь тухайн газартаа олон жил ажилласан, ур чадвар сайтай хүмүүсийг хууль бусаар халаад явуулчихна. Ихэнх нь өөр газар ажил хийгээд, эсвэл тоохгүй яваад өгдөг. Гэхдээ халагдсан болгон хүлцэнгүй байна гэж юу байх билээ. Шүүхдэнэ, заргалдана, тэмцэнэ. Заргалдсан хүмүүсийн цөөнгүй нь ялна. Ажилдаа эргэж орно. Ажилгүй байх хугацааны хохирлоо нэхэмжилнэ. Хамгийн гол нь тэр хохирлыг нь хууль бус шийдвэр гаргасан дарга биш төр барагдуулдаг буруу жишиг манайд байна.
 
Тухайлбал, 2011-2015 оны хооронд шүүхээс хууль бусаар ажлаас халагдсан гэсэн 541 хэргийг шийдвэрлэж, 402 албан хаагч ажилгүй байсан хугацааны цалинд 4.21 тэрбум төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан байна. Харин одоогоор 310 иргэн 3.8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасан. 400 гаруй сая төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байгаа аж.
 
Ер нь бол хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн хохирлыг барагдуулах ажил хэвийн явагдаж байна гэж ойлгож болохоор. Гэхдээ хэн нэг дарга намын харьяалал, үзэмжээс үүдээд төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь халсны хохирлыг төр, татвар төлөгчид барагдуулж байгаа нь өөрөө хэтэрхий гажуу хэрэг биш үү. Ер нь бол төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр барагдуулна гэх утгатай заалт Үндсэн хуульд байгаа. Дарга нар тэр заалтыг нь бариад л хуулийн цоорхойг ашиглаж, хэнийг ч хамаагүй үндэслэлгүйгээр ажлаас нь халж байна. Эргээд хохирлыг нь барагдуулахгүй, хувиасаа нэг ч төгрөг гаргахгүй болохоор тэр шүү дээ.
 
Бүр нэг дарга томилогдож очоод, төрийн албан хаагчийг ажлаас нь халчихаж. Өнөөх нь гурван жил шүүхдэж явсаар байгаад ялж. Тэгэхээр нь шүүхийн шийдвэрийг биелүүлээд ажилд нь эргүүлж авчихаад, гурав хоногийн дараа буцаагаад халчихсан байх жишээтэй. Энэ хугацаанд гарсан 100 сая төгрөгийн хохирлыг төр барагдуулсан. Дарга бол зүгээр л тухайн ажилтныг янаглан хорлож, хөөрхөн тоглочихоод, зугаагаа гаргасны төлөө гарсан хохирлыг төрөөр төлүүлчихээд л сууж байна. Ийм байж болох уу даа. Ингэхээр төрийн алба баталгаагүй, дарга үзэмжээрээ албан хаагчдыг халдаг байдал яаж алга болох юм.
 
Тийм болохоор Төрийн албаны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг болсон. Ядаж л хууль бусаар төрийн албан хаагчийг дураараа халсан дарга хохирлыг нь хувиараа барагдуулдаг заалтыг хуульд оруулж өгмөөр байна. Тэгэхгүй бол дарга сэтэртэй бүхэн даварч гүйцлээ.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ӨВГӨН ГУУЛЬЧЫН ҮГ 2017-04-11 07:09:43
    ДАРГА УЛС БОЛГОХ ГЭЖ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОХ АЖЛЫГ ЖОРЛОНД Ч ОРОНДОО Ч ЦӨХӨРТЛӨӨ ХИЙЛЭЭ МЭНГЭТ МИНИЙ БИЕ ОДОО ОВОО БОСЧИХСОН БАЙГАА БИЗ ДЭЭ
  • өвгөн 2017-04-11 05:50:29
    ийм байдлын үндсэн шалтгаан нь намчирхах, хэнч 50 хүнийг удирдана гаж муйхарлах, тэр тусмаа төрд маш амаргүй, ойлгох гээд бна уудаа, сээхэлзүүрүүд
  • Baji 2017-04-11 01:33:09
    Huuli gej guil shuu dee