“Хасын Хүлэгүүд” улирлын анхны хожлоо авав

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Супер лигийн улирлын ээлжит тоглолтууд өчигдөр боллоо. Тоглолтын тоймыг хүргэж байна.


ХАРЦАГУУД ӨРСӨЛДӨГЧӨӨ 72:67-ООР БУУЛГАН АВЛАА


Альянс Тех Харцага, Ховд Мон-Алтиус багтай учраа таарав. “Харцага”-ууд эгнээндээ Спрайт супер лигийн шилдэг төвийн тоглогчдын нэг Д.Гантулгыг нэгтгэсэн бол Ховд Мон-Алтиус баг М.Харрисыг нутаг буцаажээ.

Тоглолтын эхнээс өнгөрсөн жил Азийн оюутны аварга болсон “Харцага”-ын Э.Дөлгөөн, О.Цэлмэг, “Мон-Алтиус”-ын Б.Дархантөгс, А.Гансүх нар ширүүн өрсөлдөж байлаа.

Эхний хагас Харцага баг самбарын тулаанд илт илүүрхэж байсан бөгөөд Э.Дөлгөөн 18 удаа самбараас бөмбөг авсан гайхалтай үзүүлэлт болов. Улмаар хоёрдугаар үе дуусахад Харцага бага зэрэг давамгайлж байсан юм. Эхний хагас Ховд Мон-Алтиус багийн алсын зайн шидэлт орох тун дургүй байлаа. Гуравдугаар үед өрсөлдөөн улам хүчтэй өрнөсөн бөгөөд Б.Дархантөгс багаа довтолгоог удирдаж байв. Улмаар шийдвэрлэх үед “Харцага”-ын хамгаалалт нягт байж, эцсийн мөчид өрсөлдөгчөө 72:67-гоор буулган авлаа. Ийнхүү Альянс Тех Харцага сүүлийн гурван тоглолтдоо дараалан ялалт байгуулаад байна.

Тус тоглолтод Э.Дөлгөөн 16 оноо, 27 удаа самбараас бөмбөг авч нэгэн гайхалтай тоглолтоо үзүүллээ.

Мөн Г.Цэнгүүнбаяр 24 оноо, 13 самбар авсан бол Карл Блэйр 14 оноо, 9 самбар, 6 оновчтой дамжуулалт, туршлагатай тоглогч Ч.Хүрэлбаатар 14 оноо авсан юм. Харин Ховд Мон-Алтиус багаас Б.Дархантөгс 17, Брэндон Моррис 16, Сим Кум Бёл 14, А.Гансүх 10 оноо тус тус авчээ. Харцага багаараа 37 хувьтай довтолсон бол Ховд Мон-Алтиус ердөө 28 хувьтай довтолсон аж.

“Харцага” довтолгоонд сайн тоглосноос гадна будагтай талбай, самбарын тулаанд өрсөлдөгчөө илт илүүрхсэн нь 62 самбар авснаас тодхон харагдана. Ховд Мон-Алтиус багийн алсын зайн шидэлтийг 33 удаа гүйцэтгэж, ердөө тавыг нь амжилттай болгосон юм.
 

ХҮЛЭГҮҮД УЛИРЛЫН АНХНЫ ХОЖЛОО АВАВ


SBL Хасын Хүлэгүүд, Үндэсний супер лигт анх удаа оролцож байгаа ч ямар багтай тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлж буй “Увс Нуур” багтай өрсөлдөв. Тоглолтыг Увс Нуур багийн ахлагч Ц.Баянмөнх тун сайн эхлүүлсэн бол “Хүлэгүүд”-ээс легионер тоглогчид Дэвис, Батлер нар сайн байлаа. “Хүлэгүүд”-ийн том залуусыг будагтай талбайд хамгаалах Увс Нуур багийн “шүдний өвчин” болж байсан юм.

Улмаар эхний хагаст Хүлэгүүд бага зэрэг давамгайлав. Гэхдээ гуравугаар үе Увс Нуур багийн тоглолт илт сэргэсэн бөгөөд өрсөлдөөн улам хүчтэй өрнөлөө. Энэ үеийн төгсгөлд Увс Нуур нэг оноогоор илүү гарсан юм. Гэхдээ шийдвэрлэх сүүлчийн 10 минутад “Хүлэгүүд” илүү байлаа. Тоглолт тэнцүүхэн үргэлжилж байхад А.Бямбадорж, М.Отгонмөнх нар алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж, өрсөлдөгчөө 77:71-ээр буулган авав.

Ийнхүү SBL Хасын Хүлэгүүд улирлын анхны хожлоо авсан юм. Тус тоглолтод Хүлэгүүдээс Дэвис 19 оноо, 10 самбар, М.Отгонмөнх 14 оноо, 13 самбар, Батлер 13 оноо, 13 самбар авчээ. Харин Увс Нуур багаас Ким Чон Ил 24 оноо, 9 самбар, 6 оновчтой дамжуулалт, Ц.Баянмөнх 14 оноо, 7 самбар, Г.Болд 13 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт өгчээ. Хүлэгүүд багаараа 52 самбар авсан бол Увс Нуур 37-г авсан байна. Мөн Хүлэгүүд торгуулийн шидэлтээс илүү оноо авсан нь хжолын шалтгаан болсон юм.
 

АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД, СҮХБААТАР-ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭГ БУУЛГАН АВЛАА


Энэ өдрийн сүүлийн тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид, Сүхбаатар-Залуучуудын шигшээ багийн хооронд болов. Тоглолтын эхнээс Дайчид довтолгоогоо тун нямбай гүйцэтгэж байлаа. Мөн тэд самбарт илт илүүрхэж байсан юм. Улмаар Дайчид нэгдүгээр үед л 30:15-аар илүүрхэв.

Хоёрдугаар үед ч Дайчид тэргүүллээ хадгалсаар дуусгалаа. Сүүлийн хагаст Сүхбаатар-залуучуудын шигшээ сэргэлт авч чадсангүй. Ийнхүү Дайчид тэргүүлж явсаар өрсөлдөгчөө 89:76-гаар буулган авч, улирлын гурав дахь хожлоо авав.

Тус тоглолтод “Дайчид”-аас Роберт Тюрнер 26 оноо, 8 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч, тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдлээ. Мөн Ким Чоль Мён 15 оноо, Э.Цэрэнбаатар 14 оноо, 14 самбар, Э.Цэвэлдорж 11 оноо, 7 оновчтой дамжуулалт өгсөн байна. Харин Сүхбаатараас Б.Батзолбоо 16, Б.Наранбаатар 14, Б.Дамдинсүрэн 11 оноо авчээ. Архангайчууд багаараа 50 хувьтай довтолсон бол Сүхбаатар 37 хувьтай довтолсон аж.

Үндэсний супер лигийн улирлын ээлжит тоглолтууд өнөөдөр 17:00 цагаас Футзалны ордонд эхэлнэ. Эхний тоглолтод нэг хожигдолгүй яваа Төв Ургац, Альянс-Тех Харцагатай учраа таарчээ. Хоёр багийн тулаан тун сонирхолтой болох нь дамжиггүй. Будагтай талбайд Д.Дэлгэрнямын эсрэг Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар хэрхэн тоглох нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байна.

Хоёр дахь тоглолтод Увс Нуур, Ховд Мон-Алтиус багтай өрсөлдөнө. Ямар ч багаас айж бэргэхгүй хүчтэй өрсөлдөөн үзүүлж байгаа Увс Нуур, Ховд Мон-Алтиус-ын эсрэг хэрхэн тоглох бол?

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.