Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аян эхлүүллээ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал Замын цагдаагийн албаны хурлын танхимд өнөөдөр боллоо.  Хуралд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон бусад албаныхан, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн албаны удирдлагууд оролцов.

Манай улсад жил бүр зам тээврийн ослоор 500 гаруй хүн нас барж, 5000 гаруй нь хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн, 10 гаруй тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирч байна. Тиймээс уг хурлаар Замын цагдаагийн албаны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулиар хүлээсэн ажил үүрэгт нь дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэж, 2 сарын аяныг зохион байгуулахаар баталлаа. Аяны хүрээнд явган зорчигчийг зам хөндлөн гарахад нь зам тавьж өгч, дуут дохиогоор цочоохгүй байх, замын хөдөлгөөний сахилга, соёлыг дээшлүүлэх талд анхаарч үе шаттайгаар тодорхой ажлыг хийхээр төлөвлөжээ.

Энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аяныг өнөөдрөөс  эхлэн зургаадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулах ажлыг зөвлөлийн хурлаар шийдэж байна. Энэ ажлын хүрээнд нарийвчилсан төлөвлөгөөг Улаанбаатар хотын цагдаа, Замын цагдаагийн албанаас гаргасан. Зам тээврийн осол буюу судлаачдын дунд “чимээгүй дайн” гэж нэрлэгдсэн бодит аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өнөөдрийн энэхүү төлөвлөгөөт 2 дугаар хуралдааныг зохион байгуулж байна. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэд хэдэн шаардлага байдаг юм билээ. Хамгийн түрүүнд өндөр хариуцлага ногдуулдаг механизм үйлчилдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Манай улсын хувьд торгууль, шийтгэлийг нэмэгдүүлсэн ч гэсэн дасан зохицох хэмжээнд хараахан хүрээгүй байна. Үүнд бид шат дараатай анхаарал хандуулж ажиллах учиртай. Мөн замын хөдөлгөөнд эмх замбраагүй оролцож буй жолооч нарт тавих хяналт, хүлээлгэх хариуцлага төдийлөн боловсронгуй биш учраас гэмт хэргийн тоо өсч байгаа юм. Тиймээс бид энэ талд анхаарч, үе шаттайгаар төлөвлөгөө боловсруулж ажиллах болно” гэлээ.  

Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат  “2017 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөр Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийг замын хөдөлгөөнд таатай байдлаар зорчуулах зорилгоор “Хариуцлага 3” арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үүний үр дүнд иргэд гарцаар гарах таатай нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 2 сарын аяныг өрнүүлэх төлөвлөгөөг боловсруулж өнөөдөр батлууллаа. Жолооч нар явган зорчигчийг гарцаар гарахад нь зам тавьж өгч, шугамнаас хэтрэлгүй зогсох шаардлагатай. Бид үүнийг камераар болон алба хаагчдын хяналтаар илрүүлж хариуцлага тооцож ажиллана. Замын хөдөлгөөний журмаар явган зорчигчид гарцаар гарах тохиолдолд л давуу эрх эдэлнэ. Ингэхдээ замын хөдөлгөөний дүрмийг удирдлага болгож, гэрэл дохиогоор гарах ёстой” гэв.

Түүнчлэн Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөр Замын цагдаагийн албаны олон нийтийн цагдаагийн асуудлыг шийдвэрлэж, тодорхой хэмжээний техник хэрэгслээр хангах төсвийг шийдвэрлэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.