Я.Зоригтбаатар: Тэшүүрийн спортод дурлаж сонгосон, одоо надад ухрах зам байхгүй

Үндэсний шигшээ болон “Алдар” спорт хорооны тамирчин, тэшүүрийн спортын ОУХМ Я.Зоригтбаатартай ярилцлаа. Тэрбээр энэ онд хоёр ч удаа залуучууд болон насанд хүрэгчдийн улсын рекордыг 500 метрийн зайд шинэчлэн тогтоосон билээ.

-Сүүлийн үед гарч ирж буй тэшүүрийн шилдэг тамирчны нэг нь Я.Зоригтбаатар. Тэгвэл хэзээнээс эхэлж тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн бэ. Чухам яагаад энэ спортоор хичээллэх болов?

-Анх 2008 онд тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн. Тэр үед Төв аймгийн Эрдэнэ сумын сургуулийн гуравдугаар ангид сурдаг байлаа. Болдбаатар гэдэг багшийн шавь болж, тэшүүрийн спортод хөл тавьж байлаа. Сумын хүүхэд яагаад тэшүүрийн спортоор хичээллэх болов гэж хүмүүс сонирхдог л юм. Манай суманд нэг нуур бий. Өвөл хүүхдүүд нууран дээр тэшүүрээр гулгана. Би ч гэсэн бусад хүүхдүүдээс юу дутах билээ. Адилхан гулгана. Тэгж явж байгаад л тэшүүрийн спортыг сонирхож, хичээллэж эхэлсэн дээ.

-Чи өөрөө сонирхсон юм уу. Эсвэл хэн нэгэн тэшүүрийн спортоор хичээллэх боломжтой юм байна гэж зөвлөсөн үү?

-Өвөө маань намайг Болдбаатар багшид аваачиж өгч, тэшүүрийн спортоор хичээллэх замыг нээсэн. Тэндээс л би тэшүүрийн спортын үндсэн техникүүдийг суралцаж эхэлсэн юм. Хичээллэж эхэлсэн жилээсээ буюу 2008 оноос эхлээд тэшүүрийн УАШТ-нд оролцож эхэлсэн. 2011 онд  өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн  медаль хүртэж байлаа. Тэр үеэс хойш олон тэмцээнд амжилттай оролцсон доо.

-Үндэсний шигшээ багт багтах боломжийг яаж олж авсан бэ?

-Өнгөрсөн жилийн Бүх ард түмний 14 дүгээр их наадамд түрүүлж, шигшээ багт багтах эрхээ олж авч байлаа. Тэр жилдээ хамгийн өндөр амжилттай байгаа тамирчныг шигшээ багт авдаг юм. Би хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн болохоор шигшээ багт багтсан.

-Өнгөрсөн сард Канадын Калгари хотод болсон тэмцээнд амжилттай оролцож, хоёр рекорд эвдээд ирсэн. Тэмцээний талаар ярьвал?

-500, 1000 метрийн зайд насанд хүрэгчдийн улсын рекордыг эвдсэн. 1000 метрт насанд хүрэгчдийн дэлхийн цомын тэмцээнд оролцох нормативыг биелүүлж, эрхээ авсан. Ингэснээр дэлхийн цомд оролцож, цаашлаад Олимпийн наадмын эрх авах боломж нээгдэж байна. Ерөнхийдөө хоёр тэмцээнд оролцоно. Тэр хоёр тэмцээнд амжилттай оролцож чадвал Олимпийн эрх авах боломж бий.

-500 метрт 36 секунд гүйсэн. Энэ бол Монголын эрэгтэй тэшүүрчдийн түүхэнд байгаагүй амжилт шүү дээ?

-500 метрийн зайд 36.59 секунд гүйж, рекорд тогтоосон. Өмнө нь Казахстаны Алматад болсон Оюутны универсиад наадамд оролцохдоо 37.06 секунд хурдалж байсан юм. Тэр ч бас рекорд амжилт байсан. Сая бол Канадын Калгарид 47 долиор ахиулж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон. 1000 метрт бол Монгол Улсын рекорд 1.13.26 минут байсан. Үүнийг Канадад тэмцээнд оролцохдоо 1.11.17 болгож, шинэчлэн тогтоочихоод ирсэн.

-Казахстанд болон Канадад уралдахад ялгаа бий юу. Ойрхон хугацаанд өөрийнхөө рекорд амжилтыг эвдчихлээ шүү дээ?

-Тодорхой хэмжээнд ялгаа бий. Канадад бол задгай талбайд уралдсан. Гадаа мөсөө тавьчихсан, задгай талбайд уралдсан болохоор нэлээд салхитай байсан. Тийм болохоор хурд арай бага гарна. Харин Канадад бол битүү дээвэртэй ордонд уралдаж байгаа болохоор салхи багатай, хурд илүү гарах боломжтой юм. Түүнээс гадна Калгари бол дэлхийд хамгийн хурдан мөстэй гэгддэг газар. Казахстаны Алмата бол гадаад мөстэй орнууд дундаа хамгийн сайндаа ордог. Гэхдээ хурд гаргах тал дээр Калгари арай өөр л дөө.

-Сая Калгарид 36.59 секунд хурдлаад, хэдэн тамирчнаас хэдэд орсон бэ. Түрүүлсэн тамирчин ямар амжилт үзүүлж байх юм?

-500 метрийн зайд 160 гаруй тамирчин уралдаж, би 42-т орсон. Харин түрүүлсэн тамирчин энэ зайг 34.80 секунд хурдалсан. Ерөнхийдөө хоёр секунд орчмын дотор л асуудал шийдэгдэж байгаа юм. Харин 1000 метрт түрүүлсэн тамирчин 1.07.00 минут хурдалсан.  Харин Олимпийн эрхийн норм бол 1.10.80 минут байдаг. Миний хувьд сая Канадад 1.11.17 минут хуралдсан шүү дээ. Тэгэхээр Олимпийн эрхийн норм биелүүлэхэд 27 доль дутуу байна гэсэн үг. Гэхдээ энэ бол цагийн үзүүлэлт. Нормоо биелүүлэхийн хажуугаар шилдэг 25 тамирчны нэгд багтах ёстой. Тэгэхээр өрсөлдөөн маш өндөр.

-500 метрийн зайд 34 секунд хурдлахын тулд багахан хугацаа л дутаад байна. Нэг секундээр л илүү хурдлахад дэлхийн шилдгүүдтэй уралдаж болохоор байна шүү дээ. Энэ амжилтад хүрэхэд чухам юу дутагдаж байна. Мэдээж боломж байгаа нь ойлгомжтой?

-Бэлтгэлээ л маш сайн хийх хэрэгтэй байх. Түүнээс гадна байнга мөсөн дээр гарч, бэлтгэлээ хийх хэрэгтэй байна. Монголын нөхцөлд бол бэлтгэлээ сайн хангах боломж бага. Өвлийн гурван сар л мөсөн дээр гарах боломжтой. Тэр үедээ л бэлтгэлээ хийдэг. Бусад үед нь мөсгүй учраас бэрхшээлтэй байдаг. Гадаадын орны тамирчид бол битүү дээвэртэй ордонд бэлтгэлээ хийж байна. Долдугаар сараас эхлээд л мөсөн дээр гарч гулгаж, бэлтгэлээ хийдэг. Гэтэл бид аравдугаар сараас эхэлж бэлтгэл хийж байна. Цаашлаад арваннэгдүгээр сар ч хүргэх нь бий. Энэ мэт зөрүүтэй байдлаас болоод дэлхийн шилдэг тамирчидтай эн тэнцүү уралдахад бэрхшээлтэй байна. Гэхдээ бэлтгэлээ сайн хийвэл амжилтад хүрч чадна л гэж боддог.

-Олимпийн эрх олгох дэлхийн цомын тэмцээнүүд хэзээ эхлэх юм бэ. Тодорхой тов гарсан уу?

-Одоохондоо яг хэзээ болох нь тодорхойгүй байна. Өмнө нь ес, аравдугаар сар хавьцаа Канадын Калгари, АНУ-ын Солт Лейк хотуудад болдог байсан.   Энэ жил ч бас тэгж болох болов уу.

-Тэмцээн аравдугаар сар хавьцаа болно гэж байна. Бүр Олимпийн эрх олгох хариуцлагатай тэмцээн шүү дээ. Гэтэл манай тамирчид аравдугаар сард мөсөн дээр гарч, бэлтгэлээ эхэлдэг гэж байгаа. Энэ зун л сайн бэлтгэхгүй бол болохгүй нь байна. Яаж бэлтгэлээ хангах гэж байгаа вэ?

-Гадагшаа л цугларалтад гарах болов уу гэж бодож байна. Шигшээ баг Солонгос, Хятад ч юм уу гадны орнууд руу явж, цугларалтад гарч, бэлтгэлээ хангах байх. Түүнээс өөр арга байхгүй. Монголд бэлтгэл хийх нөхцөл угаасаа байхгүй шүү дээ. Тийм болохоор гадагшаа явж бэлтгэлээ сайн хангаж байж хариуцлагатай тэмцээнд оролцохгүй бол болохгүй. Тийм болохоор улсаас, холбооноос дэмжих байх гэж найдаж байгаа.  Тэшүүрийн холбоонд бага сага асуудал байдаг юм болов уу гэж боддог. Янз бүрийн л яриа гарах юм. Би нарийн зүйлийг нь мэдэхгүй  юм. Гэхдээ Тэшүүрийн холбоо тамирчидтайгаа илүү сайн уялдаа холбоотой ажиллаж, бэлтгэл хийх нөхцлийг сайн бүрдүүлж өгөөсэй гэж боддог. Тэр дундаа Олимпийн эрх авах тэмцээнд явах шаардлагатай энэ үед бүр ч илүү сайн дэмжээд өгөөсэй гэж хүсч байна.

-Б.Сумъяа та хоёрыг Канад явахад БТСГ-ын дарга Ц.Шаравжамц “Хэрвээ улсын рекорд эвдэхгүй бол шигшээ багаас хасна” гэж хэлсэн байсан. Энэ талаар Л.Цэнд багштай ярилцаж байхад хэлсэн юм. Үүнийг сонсоод юу бодогдож байв. Урам хугарсан уу, эсвэл шар чинь хөдөлсөн үү?

-Маш том хариуцлага ирлээ л гэсэн байдлаар хүлээж авч, өөрийгөө хурцалсан. Дэлхийн цомын эрх хийхгүй л бол цаашаа Олимпийн эрх авахад хүнд болно. Тийм болохоор тамирчдаа хурцлах байдлаар л тийм үг хэлсэн байх. Тэгээд ч бид улсын рекордыг эвдэж, зорилгоо биелүүлээд ирсэн. Ямар ч байсан тэшүүрийн тамирчид амжилт гаргах боломжтой шүү гэдгийг харуулж чадсан.

-Хандгайтад бэлтгэл хийж байгаад л явсан шүү дээ. Тэгээд улсын рекорд эвдлээ, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү уралдлаа?

-Мэдээж дасгалжуулагч багшийн зөв бэлтгэл хийлгэсний ач. Хэдийгээр бид хэцүүхэн орчинд бэлтгэл хийж байгаа ч гэсэн ур чадвар дээшилж байгаа. Түүнээс гадна хувь тамирчны өөрийн хүсэл зорилго, авьяас чадвар ч бас бий. Хэрвээ гадны тамирчид шиг нөхцөлд бэлтгэл хийгээд байх юм бол Монголын тэшүүрчид амжилт үзүүлэх бүрэн боломжтой. Олимпийн наадамд оролцох, цаашлаад медаль авах ч бүрэн боломжтой гэж би боддог. Хамгийн гол нь төр засгаас жаахан дэмжээд өгмөөр байна. Дэмжинэ гэхээр мөнгө өг гэж байгаа юм биш. Бэлтгэл хийх газар, битүү дээвэртэй ордонтой л болмоор байна.

-Тамирчин хүн бүрийн зорилго бол дэлхийн хэмжээнд, цаашлаад Олимпийн наадамд амжилттай оролцох, медаль хүртэх. Гэтэл манай улсын тэшүүрийн тамирчдад энэ зорилгод хүрэхэд жаахан хэцүү байна. Яагаад гэвэл бэлтгэл хийх газраас авахуулаад хангамж хүртэл муу. Тийм болохоор заримдаа шантрах үе байна биз?

-Мэдээж заримдаа “Ийм орчин нөхцөлд бэлтгэл хийгээд хэзээ амжилтад хүрэх вэ дээ” гэх мэтээр янз бүрийн зүйл бодогдох үе бий. Монголдоо бэлтгэл хийгээд амжилтад хүрнэ гэдэг хэцүү шүү дээ. Шантрах үе ч гарна. Гэхдээ л ихэнхдээ энэ бүхнийг мартаад, өөрийнхөө зорьсон зорилгын төлөө зүтгэдэг. Гадаад руу явж, цугларалтад гараад, илүү сайн бэлтгэл хийгээд, амжилт гаргах боломж бий гэж бодоод л зүтгэдэг. Яваандаа манай улс ч гэсэн өвлийн спортоо маш сайн дэмждэг болно гэж итгэдэг. Тэгээд ч би энэ спортод дурласан, Үндэсний шигшээ багт багтаад явж байгаа болохоор шантрахаасаа илүүтэй зүтгэхийг л боддог. Итгэж, зүтгэж байж амжилтад хүрнэ. Тэшүүрийн спорт бол тамирчин хүний тэсвэр тэвчээрийг маш сайн шалгадаг. Байнга цэвэр агаарт уралдана. Эрүүл мэнд талаасаа ч хэрэгтэй. Тийм болохоор би энэ спортод дуртай байдаг юм. Бид өвөл -20, 30 хэмд гадаа гараад л гулгадаг. Заримынх нь хацар, хөл нь хөлдчихсөн байх үе ч бий. Энэ бүхнийг ярьвал хэцүү зүйл их бий. Гэхдээ л би энэ спортод дуртай, зорилгодоо хүрэхийн төлөө хичээнэ, зүтгэнэ.

-Тэшүүрийн спортод өндөр нөлөөлөх үү?

-Тэшүүрийн спортод хүний бие өндөр, нам, өргөн, нарийн байх ямар ч хамаагүй. Хамгийн гол нь өндөр хурд авах чадвартай байна уу. Хэр ур чадвартай байна вэ гэдгээс л хамаарна. Тухайн тамирчны бэлтгэлжилт, үндсэн техник, ямар хугацаанд хурдаа авч байна гэдэг л хамааралтай байдаг.

-Я.Зоригтбаатарын хувьд гарааны хурд сайтай юу, эсвэл уралдааны явцад илүү хурдалж байна уу?

-Ер нь бол жигдхэн. Гэхдээ туулах замынхаа дунд хавьд бүр илүү хурд авдаг байх. Би дундын зай буюу 1000 метрт дэлхийн цомын эрх хийсэн шүү дээ. Тийм болохоор алсуураа хурд авдаг гэж ойлгож болно. Цаашид гарааны хурдаа бүр сайн нэмээд өгөх юм бол амжилт өсөх боломжтой гэж бодож байгаа. 500 метрт гэхэд би сая 36.59 секунд гүйсэн дээ. Харин дэлхийн цомд оролцох нормтив 36.20 секунд байдаг. Би арай нормтивдоо хүрч чадаагүй юм. Тэгэхээр цаашид илүү сайн бэлтгэлээ хийж, богино зайд хурдтай гүйдэг болох хэрэгтэй байгаа.

-Сүүлийн үед манай шилдэг залуу тамирчдыг гадаадынхан сонирхож, янз бүрийн санал тавих болсон. Чамд ямар нэг санал ирсэн үү. Хэрвээ ирвэл явах уу?

-Одоохондоо тийм санал ирээгүй л байна. Хэрвээ санал ирсэн тохиолдолд багш, дасгалжуулагч нартайгаа ярьж байж л шийдэх байх.

-Чиний хувьд одоо дөнгөж 18 настай. Олон жил тэшүүрийн спортоор хичээллэж, амжилт гаргах боломж байна. Гэхдээ ирэх жилийн Олимпийн наадамд оролцож чадахгүй бол яах вэ гэж бодож үзсэн үү. Цаашид ямар зорилго тавьж байна?

-Одоохондоо яах вэ гэж бодож үзээгүй л байна. Тухайн үедээ л болох байх. Ямар ч байсан эхний ээлжинд бэлтгэлээ сайн хийгээд, бүхий л чадлаа дайчлаад, Олимпийн эрх олгох тэмцээндээ орно доо. Ирэх жил Солонгост Олимп болсноо дараа 2222 онд Бээжинд өвлийн олимп болно. Ямар ч байсан тэр хүртэл тэшүүрийн спортоор тууштай хичээллэнэ. Ямар ч байсан Олимпийн наадамд оролцоно л гэж бодож байгаа. Тэр болтол Монголын тэшүүрийн спортын нөхцөл байдал өөр болох байх аа. Арай ч энэ хэвээрээ байгаад байхгүй болов уу. Нөгөө талаар бид амжилт гаргаж чадвал манай спортыг дэмжих дэмжлэг бүр ч нэмэгдэнэ шүү дээ. Тэгж бодож л бүх чадлаа дайчилж бэлтгэлээ хийж байна.

-Сэтгэл зүй хэр сайтай тамирчин бэ?

-Би өөрийгөө сэтгэл зүй сайтай л гэж боддог. Мэдээж шантрах, сэтгэлээр унах үе гаралгүй л яах вэ. Хүн юм чинь. Гэхдээ сэтгэлээр унагасан зүйлсийг их амархан мартчихдаг юм. Тэгээд ч би тэшүүрийн спортоор амжилт гаргахыг зорьж яваа болохоор ухрах замгүй шүү дээ.

-Шигшээ багт багтсанаас хойш гадаадын цөөнгүй оронд очиж үзсэн байх. Аль орон хамгийн сайхан санагдсан бэ?

-Канадын Калгари хотод очиход л их сайхан сэтгэгдэл төрсөн. Тэнд тэшүүрийн тамирчдын бүх нөхцөл бүрдчихсэн байна. Очоод бэлтгэл хийхэд сэтгэл санаа тайван болоод, юунд ч санаа зовохгүй байсан. Би чинь бусад зүйлийг нь харахаасаа өмнө тэшүүрийн бэлтгэл хийх боломж, нөхцлийг нь л ажиглаж байгаа юм чинь. Тийм болохоор Калгари хот л хамгийн сайхан санагдсан даа.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.