Төсвийн байнгын хороо хуралдлаа
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа болон ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс оролцлоо.

2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдааны эхэнд  Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж  гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д ноогдох алдагдлыг 2017 онд 9,9 гэж байсныг 10.6 хувь, 2018 онд 7.5 гэж байсныг 9,5 хувь, 2019 онд 5.5 гэж байсныг 6.9 хувь гэж, 2020 онд алдагдалгүй гэж байсныг 5.1 хувь, 2023 оноос 2.0 хувиас илүүгүй алдагдалтай эсхүл алдагдалгүй” гэж өөрчлөхөөр тусгагдсан байв. Мөн “Төсвийн тогтворжуулалтын санийн хөрөнгө нь ДНБ-ий  таван хувиас доошгүй байна, энэ нөхцөлийг 2020 оны төсвийн жилээс өмнө хангана гэснийг хүчингүй болгохоор” тусгажээ. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар нар асуулт асуулаа. Гишүүдийн хувьд төсвийн алдагдлыг нэмж байгаагийн шалтгааныг сонирхохын зэрэгцээ ОУВС, Засгийн газрын төслийн алдагдлын тооцсон тоо, хэмжээ зөрүүтэй байгааг илүүтэй тодруулж байв.

Сангийн сайд Б. Чойжилсүрэн, ОУВС өмнөх туршлагаасаа харахад улс орны эдийн засаг, санхүү хүнд байгаа үед төсвийн алдагдлыг багасгахаар эргээд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа нь анзаарагдсан гэж зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, зардлаа хасах нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг гэж зөвлөсний дагуу бид төсвийн алдагдлыг ингэж тооцож, оруулж ирсэн.

Харин Засгийн газар, ОУВС-ийн хувьд төсвийн алдагдлыг тооцох аргачлал өөр байдаг учир тооны хувьд зөрүүтэй гарсан. ОУВС-ийн аргачлалаар тооцох гэхээр  олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байсан. Иймд хоёр тал зөвшилцөн манай аргачлалаар тооцсон  тоо хэмжээг барихаар тохирсон.
 
Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Д.Тогтохсүрэн нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын тогтоолын төсөлд “Төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 он хүртэл түр зогсоох, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах” гэсэн нь  Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн хэрэг болохвий гэдгийг анхааруулж байсан бол УИХ-ын гишүүн Ч.Улаан төслийн долоод заасан  “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртлэх хугацаанд санхүүжилтыг түр хойшлуулах” гэснийг эргэн харж, байнгын хороо энэ заалтыг хэрэгжилттэй нэг бүрчлэн танилцаж, засч сайжруулах хэрэгтэй” гэж санал хэлж байв.

 Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа хууль, тогтоолын өөрчлөлт оруулсан төсөлд засч, сайжруулах зүйл багагүй байгааг гишүүдийн олонхи нь хэлж байлаа. 

Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангйин 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох  хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Үүний дараа Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах, Засгийн газрын тусгай сангийн тухай, Цэргийн албан хаагчийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.  Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нар  2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд батлагдсан тоог хэвээр үлдээх саналаа хэлж байв. Гишүүдийн хувьд дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өссөн эерэг үзүүлэлт гарч байхад эдийн засгийн бодит өсөлтийн хэмжээг 3.0 хувь гэж батлачихаад өнөөдөр -0,2 хувь гэж бууруулж батлаж болохгүй. Алдагдлыг нэмнэ гэдэг зээл нэмэгдэж, өр нэмэгдэнэ гэсэн үг. Иймд нэгэнтээ батласан төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцлийн тоог өөрчлөхгүй байх талаар хэлэлцүүлгийн үеэр нухацтай хэлэлцэхийг анхааруулж байлаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуралдааны төгсгөлд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар ахлахаар боллоо.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.