Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Итали Улстай хамтран ажиллана

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Бүгд Найрамдах Итали Улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд хатагтай Дорино Бианкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Д.Оюунхорол Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж буйг онцлон, Итали Монголын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, цааш нь Монгол Улс мал аж ахуй, уул уурхайн салбарт түшиглэсэн хүрэн эдийн засагтай бөгөөд цаашид эдийн засгийг солонгоруулах гол арга замуудын нэг нь аялал жуулчлалын салбарын хөгжил гэж үзэж буйгаа хэллээ.

Монгол Улсыг гадаад улс орнуудад сурталчлах зорилгоор 2015 онд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан “Ай Ти Би Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд “Албан ёсны түнш орон”-оор оролцож, 2016 онд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулсан.  Энэхүү  хуралд Торгоны замын гишүүн улс орнууд, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Олон улсын ах дүү хотуудын холбооны төлөөлөл зэрэг нийтдээ 300 гаруй төлөөлөгчид оролцсон ихээхэн чухал арга хэмжээ  болсныг  онцлон хэлэв.

Итали улс нь эртний түүх, соёл, уран барилга, уран зохиол болон бусад олон салбарын түүх, хөгжлөөрөө дэлхийд танигдсан бөгөөд Торгоны замын улс орнуудаас хамгийн их жуулчид хүлээж авдаг улсын нэг юм. Өнгөрсөн онд Италиас Монголд 3000 гаруй жуулчин аялсан бол Монголоос Итали руу 8500  орчим жуулчин аялжээ.

Сайд Д.Оюунхорол Монгол Италийн Засгийн газар хооронд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр Санамж бичиг байгуулах, харилцан зорчих жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсын сурталчилгааг  Италийн зах зээлд  идэвхжүүлэх, “Марко Пологийн жимээр аялахуй” нэртэй аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх, Хөвсгөл нууранд аялах гадаад, дотоодын жуулчдын аюулгүй аялах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд нуурын эрэгт усан тээврийн зогсоол бүхий түр буудаллах цогцолбор байгуулах, Хөвсгөл нуурын орчим усан аяллыг хөгжүүлэх, аялал жуулчлалын эвент арга хэмжээг зохион байгуулагч нарыг сургах зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Итали Улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Дорино Бианки аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулахыг дэмжиж, Ром хотноо Монгол Улсыг сурталчлах аялал жуулчлалын төлөөлөгчийн газар нээгдэхэд бэлэн болсон гэж хэллээ.

Уг төлөөлөгчийн газар нээгдсэнээр Монгол Улсын сурталчилгааг идэвхижүүлэх чухал ач холбогдолтойг хатагтай Дорино Бианки онцолсон. Мөн тэрээр, Хөвсгөл нуурын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголд Италийн аялал жуулчлалын төвийг нээх, хоёр орны эзэн хааны үзэсгэлэнг харилцан гаргах сонирхолтой байгаагаа  илэрхийлсэн юм.

Итали улсын  аялал жуулчлал нь байгалийн болон спортын аялал жуулчлал гэсэн хоёр төрлөөр хөгжиж байгаа ажээ.

Эх сурвалж:БОАЖЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.