О.Цогтгэрэл: Монгол экспортлогч орон аль хэдийнэ болсон
Тэсо корпорацийн ерөнхийлөгч Одонгийн Цогтгэрэл


“Бор зүрхээрээ” зүтгэж яваа хүн гэж бид ярьдаг даа. Ийм нэгэн эгэл хүнтэй уулзаад цөөхөн хором хөөрөлдлөө. Монголынхоо залуусыг түүчээлэн явааг нь харах, монгол бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх их үйлсийг эхлүүлэн явааг нь сонсож суухад сайхан байлаа. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнээ өөрсдөө бүтээж, импортын барааг халж, үндэсний үйлдвэрлэл, Монгол үнэртсэн брэнд бүтээгдэхүүнээр ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ цаг иржээ. 

-Монголчууд өнөөдөр байгалийн баялаг, ноос ноолуураа л экспортолж байна. Хэдийгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах нь чухал гэж ярьдаг ч бүрэн чадахгүй л байна уу даа.  
 
-Монголчууд бид газар доорх баялагаа ухаад сайхан амьдрах боломжгүй гэдгийг олон жил харлаа. Эцэстээ туйлдаж, дуугарч байгаа хүн ч ховордох шиг боллоо. Энэ бол зөв гарц биш гэдэгтэй би бүрэн санал нийлдэг. Уул уурхай бол шавхагдах баялаг, түүнийгээ ухаж гаргаад боловсруулж чадахгүй машин машинаар нь зөөж байгаа нь баялгаа үнэгүйдүүлж буйн илрэл гэж ойлгодог. Харин хөдөө аж ахуй бол сэргээгдэх баялаг. Үүнийгээ ашиглаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад дэлхийн зах зээлд өрсөлдөх гэдэг бол тэс өөр хэрэг шүү дээ. Үүнийг үл шавхагдах баялаг болох Монгол хүний оюун ухаан бүтээлч сэтгэл хийж чадна гэдэгт итгэж явдаг юм. Анхны зайрмагаа үйлдвэрлэж эхлэхдээ ч Монгол залуусын хүч хөдөлмөрөөр бүтсэн зайрмагаар дэлхийн бүх хүүхдүүдийг дайлна гэсэн дэврүүн бодол тээж байсан. Тэр үед бүтэхгүй гэж олон хүн эргэлзэж байсан ч өнөөдөр биеллээ олоод явж байгаад сэтгэл өндөр явдаг даа.

-Тэсо компани зах зээлээ дэлхийн түвшинд  харж байна гэж ойлгож болох уу?
 
-Монгол залуусын чадамж, ур чадварыг олон улсын дэвшилтэт шинэ мэдлэг, техник технологиор цэнэглэхэд ямар өндөр бүтээмж гардгийг, дэлхийн тавцанд өрсөлдөх бүрэн боломжтойг Монголчууд бид олон салбарт нотлон харуулсаар байгаа.

Тэсо корпораци нь 14-н салбар чиглэлд 1200 гаран ажилтантай корпораци болон өргөжиж, салбар бүртээ өрсөлдөхийн тулд бус манлайлахын төлөө, экспортлохын төлөө зорьж зүтгэсэн үйл хэрэг маань эхнээсээ биелж байна.

Жишээ нь Милко компанийн үйлдвэрлэдэг “Голден Милк” хуурай сүүг анхлан Казакстан, БНХАУ руу экспортонд гаргаж, экспортын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол тухайн жилдээ БНХАУ дахь албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулж, 100 нэрс, чацарганы шүүснээс эхлээд өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээ худалдаалж эхэлсэн. Мөн Монголчууд бидний уух дуртай “Зөв” аарцны ундааг дэлхийн олон улсад сонирхож байгааг энд хэлэх хэрэгтэй. Учир нь Дэлхийд цор ганц бүтээгдэхүүн болохоор эх орноосоо хол байгаа Монголчууд маань ихэд таатай хүлээн авч байгаа гэж дуулсан. Ингээд эхлэж байна даа. Тиймээс Монгол Улс маань аль хэдийн экспортлогч орон болсон.
 
-Дэлхийд гарах экспортлох бүтээгдэхүүн гэхээр чанар болоод өнгө үзэмж, брэндийн онцлог яриад эхлэх болов уу? Энэ талаар ямар бодолтой байна.
 
-Дэлхийд Монголын нэрийг гаргах гэж байгаа бүтээгдэхүүн учраас олон улсын чанар, аюулгүй байдлын стандарт шаардлага хангасан байдал, брэндийн ялгарах онцлог давуу тал гээд олон талаас нь харж хөгжүүлэх шаардлагатай. Учир нь өрсөлдөгчид хүчтэй, олон жилийн түүхтэй, арвин туршлагатай учраас бэлтгэл сайн байх хэрэгтэй. Тиймээс бид үйлдвэрүүддээ олон улсын стандартуудыг нэвтрүүлэн ажиллаж, ажилчдынхаа ур чадвар, тоног төхөөрөмжийг цаг тутамд сайжруулан ажилласаар байна. Дэлхийд өрсөлдөх дараагийн брэндийг “Лапша” гэж харж байгаа. Лапша гоймонгийн үйлдвэр нь хэдхэн хоногийн өмнө үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрийнхээ байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах хянах, болон байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг бий  болгох зорилгоор MNS ISO 14001-2005, хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт болох MMS OHSAS 18001-2012 стандартын гэрчилгээг тус бүр гардан авлаа. Энэхүү гэрчилгээг авахын тулд удирдлагаас эхлээд эгэл жирийн ажилчдын маань 5 жилийн уйгагүй хөдөлмөр технологийн хөгжүүлэлт нөлөөлсөн гэж хэлж болно.
 
-Монголчууд нэг үеийг бодвол үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болсон юм шиг харагдаад байгаа.
 
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь бодлого чиглүүлэгчдийн үүрэг, үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж хэвших нь Монгол хүн бүрийн үүрэг гэж боддог. Дотоодод үйлдвэрлэж буй олон улсын чанарын шаардлагад хүрсэн чанартай бөгөөд өөрийн онцлог шинжийг бүрэн агуулсан эцсийн бүтээгдэхүүнийг бид өөрсдөө л дэмжиж хэрэглэж хөгжүүлж байж дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй. Милко үйлдвэр гэхэд бүрэн хүчин чадлынхаа талаас бага хувийг нь ашиглаж байгаа “Голден Милк” брэнд нь Монголын хуурай сүүний зах зээлийн нилээд хувийг эзэлдэг. Энэ тоог өсгөх, үйлдвэрийн хүчин чадлаа бүрэн ашиглахын тулд зайлшгүй гадаад зах зээл рүү чиглүүлэх хэрэгтэй байгаа юм.


 
Импортыг угтаа халж экспортыг нэвтрүүлэх нь бидний хувьд ч тэр, Монгол Улсын хувьд ч тэр том алхам болж чадах юм.
 
-Иргэдийн дунд хуурай сүүний талаар сөрөг ойлголт байдаг  л даа. Сүүний шимт чанар алдагддаг гэх мэт... Танай бүтээгдэхүүний хувьд ямар онцлогтой вэ?
 
-Та бүхэн мэдэж байгаа байх бид нэг хэсэг импортын задгай хуурай сүү гээд аль улсаас хэзээ ирж, хэзээ хугацаа нь дуусах нь үл мэдэгдэх сүүг үйлдвэрлэлдээ ч хүнсэндээ ч хэрэглэдэг байсан. Гэхдээ манай орон шиг мал аж ахуй эрчимтэй хөгжсөн орон яагаад импортын сүүг хэрэглэх ёстой билээ? Ер нь сүүний шинж чанарыг нь хэвээр нь хуурайшуулан хадгалах дэвшилтэт технологийг эх орондоо яаж нутагшуулах гэдэг дээр төвлөрч судалгааны ажлыг эхлүүлсэн дээ.

Технологи нь ямар вэ? Түүхий эд, эцсийн бүтээгдэхүүн нь ямар гарах вэ? Монгол орны онцлогт тохирох уу? Ажиллах хүчний нөөц гээд бүх талаас нь судлан үзэхэд боломжтой гэдэг нь тодорхой болсон. Ингээд бид хуурай сүүний үйлдвэрээ үндэсний томоохон хөрөнгө оруулагч банкуудын нэг Голомт банкны дэмжлэгээр барьж ашиглалтанд оруулж байлаа. Нэг ёсондоо Голомт банкны санхүүжилт нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжихөд, улмаар дэлхийн тавцанд өрсөлдөхөд гол хөшүүрэг нь байсаар ирсэн гэж хэлж болно.

Учир нь энэ судалгаа шинжилгээний ажил, энэ хөрөнгө оруулалт нь Монгол Улсын дотоодын хэрэгцээний дийлэнх хувийг хангаж, эцсийн бүтээгдэхүүний экспортыг булган сүүлтэйгээр эхлүүлсэнд билэгшээлтэй байдаг юм.

Сүү хуурайшуулах явцад сүүний чанар алдагдана гэдэг өрөөсгөл ойлголт юм шүү дээ. Харин ч сүүний хугацааг уртасгаж, хэрэглэхэд хялбар болгодог. Монголчууд бидний хувьд ч хүнсээ хадгалж хэрэглэх нь огт мэдэхгүй, шинэ зүйл биш юм.

Бид чинь өв уламжлалт аргаараа махыг борцолж, нөөшилж, хөлдөөж хадгалах аргуудыг хэрэглэдэг шүү дээ. Мах биш борц гэж ярьдаггүй биз дээ. Харин Борцолсон мах гэж нэрлэн хэрэглэдэг. Энгийнээр хэлбэл хуурайшуулсан сүү л юм. “Голден Милк” брэндийн хувьд бол олон улсын чанар стандартын дагуу, дэвшилтэт технологи ашиглан хуурайшуулан хатааж буй манай нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн юм. Бид бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд амжилттай нэвтрүүлж чадсан нь өөрөө чанар болон стандартын баталгаа нь гэж боддог.

-Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй талаар хүн бүр ярьж бичиж байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ? Тэсо корпораци нь цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
 
-2017 оны хувьд Монгол Улсын эдийн засагт нэлээн хүнд жил байх болов уу гэж төсөөлж байгаа. Бидний үзэж буйгаар төгрөгийн эрэлтэд нөлөөлөх 7 хүчин зүйлийн 2 нь сөрөг, 1 эерэг, 4 нь тогтвортой гэж гарсан байгаа. Төгрөгийн ханшийн хувьд эрсдэлтэй цэг дээрээ байна. Иймээс түүхий эд материалын валютын худалдан авалтыг багасгаж, эсрэгээрээ валютын орох урсгалыг дэмжих экспортыг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Иймд Тэсо корпорацийн хувьд 2017 оныг экспортын жил болгон зарлаж, экспортод чиглэсэн томоохон зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Би өөрөө их өөдрөг хүн. Өөдрөг гэдэг маань боломжийг бүрэн ашиглахын төлөө зорьдог, түүнийгээ алхам алхамаар хэрэгжүүлдэгт болов уу гэж хувьдаа боддог. Тийм ч учраас Тэсо корпорацийнхаа үйл ажиллагаа, ажиллах зарчимд цаг тутам хэвшүүлж мөрдлөг болгохыг хичээдэг.  Өнөөдөр Тэсо корпораци хүнс, барилга гээд олон төрлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашдаа бид өөрсдийн үйлдвэрлэж буй брэнд бүтээгдэхүүн нэг бүрийн өнгө үзэмж, чанараас эхлээд бүхий л агуулга дээр хөгжүүлэлт хийж, экспортыг үндсэн зорилгоо болгон ажиллахаар зорьж байна. Дэлхийд Монгол брэнд, Монгол хэв загвар, Монгол бүтээгдэхүүнээр өрсөлдөх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандарттай Монгол бүтээгдэхүүнээ монгол хүн бүр хэрэглэх нөхцөл боломжийг бий болгох бүрэн боломжтой.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-04-06 05:18:22
    Тэсо чадаж байнаа чадаж байна. Бүтээгдэхүүнийг нь авч, алга ташихаас өөр яахав. Үнэхээр хүлээн зөвшөөрөгдөж чадаж байна. Мундаг
  • Мөнхөө 2017-04-06 05:08:51
    Энэ цагийн баян орк англиар ном уншлаа юу. Англи битгий хэл, монгол ном унших ч завгүй, мөнгө хийгээд гүйж яваа биз дээ. Үнэн юм үнэнээрээ байвал сайхан.