Хог хаягдлыг ангилан хаях мэдлэг олгох боловсролын төв нээгдлээ

Улаанбаатар Хангарьд Ротари Клуб нь иргэдийн хог хаягдлын талаар сэтгэлгээг өөрчлөх, зөв дадалд сургах, ангилан хаях, түүнийг дахин боловсруулахын ач холбогдлыг таниулан сурталчах “Ногоон замнал” төсөл хэргжүүлж эхэлжээ.

Төслийн хүрээнд  Монгол улсын багшийн их сургуульд Хог хаягдлыг дахин боловсруулах мэдлэг олгох төвийг засч тохижуулан өчигдөр/04.05/ нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичиг ноён Shayne McKenna, Монгол улсын Боловсролын их сургуулийн захирал Д.Мандах, Байгаль орчны газрын орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Э.Жаргалсайхан болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцов.

Нээлтийн үеэр ноён Shayne McKenna "Ногоон замнал төсөл" нь хүрээлэн буй орчны хог хаягдал, эрүүл мэнд, байгаль орчин болон боловсролын мэдлэгийг сургалтаар түгээж буйгаараа их өвөрмөц төсөл болохыг онцоллоо. 

Ногоон Замнал төслийн эхний шатанд Хог хаягдлыг дахин боловсруулах мэдлэг олгох төвийг МУБИС-иас гадна СХД-ийн Ерөнхий Боловсролын 9 дүгээр сургуульд Австралийн Засгийн газрын Бичил төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр тохижуулж, цаашид уг төвд Австрали улсын КЕСАБ Байгаль Орчны Шийдэл ТББ-тай хамтран дэлхийн 27 улсад оронд амжилттай хэрэгжсэн хог хаягдлын талаар мэдлэг олгох, зөв дадал сургах хөтөлбөрийг Монгол орны онцлогт тааруулан тус сургуульд сонирхолтой байдлаар заахаар ажиллаж байгаа аж.

Уг төвд ирснээр Монгол улсад хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнүүд болон ахуйн хог хаягдлыг ашиглаж хэрэгцээтэй зүйлс хийсэн сурагч, оюутнуудын бүтээлүүдийг үзэхээс гадна хог хаягдлын чиглэлээр хамгийн сүүлийн үеийн мэдээлэлийг авч сургалтанд хамрагдах боломжтой юм.

Уг төслийн хүрээнд энэ сарын 19-ний өдөр “Ногоон замнал” хог хаягдлын менежментийн Анхдугаар зөвлөгөөнийг Австрали улсын КЕСАБ Байгаль Орчны Шийдэл ТББ, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулахаар ажиллаж байгаа ажээ.

Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.