“Дахиад ирээрэй, бид хоёр байж л байна”

Энэ удаагийн “Амьдралын тойрог”-тоо  оролцох зочноо “олохоор” нийслэлээс  холгүй орших  Горхи, Тэрэлжийн зүг хүлгийн жолоо заллаа. Нийслэлээс зүүн тийш 70 гаруй км-т  байрлах байгалийн үзэсгэлэнт газрыг зорьсон минь  бас учиртай. Нар хур тэгширч, найр наадам дундаа орсон энэ өдрүүдэд ажлын ширээний ард өдрийн ихэнхийг өнгөрүүлэхээс илүү ажлын стресс ядаргаагаа тайлж, амарч зугаалахыг илүүд үзэх хүн харьцангуй олон. Тиймээс гадаад, дотоодын жуулчдын замыг тосон илжиг, тэмээ унуулж, бүргэдтэй патиар татуулдаг “үйлчилгээнийхэн”-тэй уулзахаар төлөвлөсөн юм.

“Монголд ирсэн жуулчид дахиад бараг ирдэггүй. Яагаад гэвэл, манайд жуулчдын сонирхлыг татах зүйлс ховор” гэдгийг аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг компаниуд хэлдэг. Арга ч үгүй биз. Хотын төвд хоёрхон хоноход л Чингисийн  талбай, Зайсан толгой, Гандантэгчинлэн хийд гээд үзэж харах юм дуусчихаж байгаа болохоор хотод удахыг хүсдэггүй нь үнэн байх. Харин тэдний олонх нь хөдөө явж, Монголын үзэсгэлэнт байгаль, малчдын амьдрал ахуйтай танилцахыг хүсдэг. Тиймээс бид энэ удаагийн “аялал”-аа Налайхаас эхлэв.

 

“БҮС НУУР” ОРЧИМД НИЙСЛЭЛИЙНХЭН ИРЖ ТУХАЛДАГ

 

Баасан гаригт бид замдаа гарсан. Ажлын сүүлийн өдөр болоод ч тэр үү, замаар давхилдах машин ихтэй. Налайхын ойр орчимд ч хөл хөдөлгөөн  ихтэй угтав. Ялангуяа Налайхын “Бүс нуур” орчимд Улаанбаатарчуудын цөөнгүй хэсэг нь амарч зугаалж яваа бололтой юм. Утаа май тавин хоол цай хийх, эрээн майхнаа энд тэндгүй зоож, хоёр гурваараа нарлах, хөгшид хүүхэдгүй голын эргээр тухлах улс цөөнгүй.

Налайх дүүрэгт  сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх зорилгоор  өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгөөр Налайх-Тэрэлж, Налайх-Агуйт хөтөл буюу Цонжин болдог хүртэлх авто замыг шинэчилсэн. Тэр утгаараа зам нь сайхан, явахад урамтай болжээ. Ялангуяа, гадаадын гийчдийг дагуулаад явахад нүүр улайхааргүй болсон байна.

Хотоос гадагш гарахад, агаар нь хүртэл сайхан. Эргэн тойрноо ажихул хангай, дэлхий нов ногоон, сэтгэл нэг л амар амгалан. Их хотын чимээ тасарч, хээрийн салхи хэлж боломгүй тийм л нэгэн нууцлаг аялгуутай сүлэлдэх аж.  Бидний очих газар нийслэлээс холгүйхэн. Гэсэн ч бид замдаа  яг л гадны жуулчид шиг л явав. Зам дагуух айлуудаар орж, хуушуур бууз,  худалдаа наймааг нь сонирхож, айраг цагаа, ааруул хуруудын үнэ асууж явлаа.

ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЖУУЛЧДЫН ТООГ БУУРУУЛЖЭЭ

 

Налайхаас хөдлөөд эхний толгойг давахад замын хажууд шувуутай зураг авахуулдаг хүмүүс зогсож байгаа харагдав.  Өөрийгөө М.Пүрэвсүх  хэмээн танилцуулах  хөрслөг бор  залуу энэ хавьд шувуутай зураг авахуулаад 10 гаруй жил болж байгаа аж. “Зуны сар гарч, жуулчдыг ирэх  дөхүүлээд, зам дагуу хаана л бол хаана явж байна даа” хэмээн ярьж сууна. Шувуугаар бизнес хийдэг энэ залууд нөмрөг тас, хоёр бүргэд байна. Нөмрөг тас нь Монголын хамгийн том шувуу гэнэ. Харин хоёр бүргэдийн хувьд, өөр өөрийн гэсэн онцлогтой. Нэг нь цармын анчин бүргэд. Нөгөө нь цагаан сүүлт бүргэд. Тэрээр энэ хоёр бүргэдээ бага насанд нь Хэнтийн нуруунаас барьж, өөрөө сургасан гэнэ. Энэ гурван шувуу  нь 30-40 насалдаг, харин түүний шувууд 1-5 настай гэж байв. Бүргэдийг хэрхэн яаж гаршуулж сургадаг нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Тиймээс зурагаа хамт авахуулаад буцдаг хүн ч цөөнгүй байдаг гэж байв.  Бүргэдийг 10 орчим жил тэжээгээд л буцаагаад тавьдаг аж. Харин тасыг нь арай богино хугацаанд тэжээгээд буцааж тавьдаг гэнэ. Өглөө оройдоо махаар хооллоно. Бүргэд нь нэг удаад 600 грамм мах иддэг. Харин тас нь 800 грамм мах иддэг, сургахад нэлээд хэцүү хэмээн “бизнесмен” залуу ярьж байна.  Тэрээр багаасаа амьтан тэжээхийг хүсдэг байсан. Тэр дундаа шувуу тэжээх сонирхолтой. “Махчин шувууг гадаадынхан их сонирхдог. Би бас гэртээ тахиа тэжээдэг. Мөн тагтаа хооллосоор байгаад манай хашаанд тагтаа их  цугладаг болсон” гэж байв. Орлого хэр олж байгааг асуувал “Энэ жил жуулчин ховор байгаа учраас орлого муу байна. Эдийн засгийн нөхцөл байдал ч тэр,  цаг үеийн байдал ч тэр дайн тулаан гээд гадаад, дотоодод аялах хүн цөөхөн байна. Дээр нь энэ жил хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах том тэмцээн болсон учраас  жуулчид ирэх нь бага байна. Би өдөрт дунджаар 30 мянган төгрөг олдог. Дуртай зүйлээрээ амьдралаа аваад явж байна” гэсэн юм.

Зам дагуу иймэрхүү чиглэлээр бизнес хийдэг 3-4 залуу байдаг аж. Бусад нь бэлэг дурсгалын зүйл худалдаалдаг гэж байв. Нэг хэсэг тэднийг зам дээр худалдаа наймаа хийж, амьтан хүн шавууллаа, аваар осол гарвал яана гээд их хөөдөг байж. Харин сүүлийн үед хөөж туухаа болиод дэмждэг болсон. Орон нутагаа сурталчилж байгаа гээд сайнаар хандах хүн олон болсонд нь баяртай байна гэж байв.

Жуулчдад зориулах худалдаа наймаанд Монголыг тодотгох сонин хачин зүйлс цөөнгүй байна. Урд хөршөөс оруулж ирдэг сүүлийн үеийн хийцтэй эд зүйлс олон байна. Мөн байгалийн чулуу бас байна. Өнгө өнгийн  чулууг нийлүүлээд нэг варений шилийг нь 20 мянган төгрөгөөр зардаг юм байна.

 

ТЭМЭЭ УНУУЛДАГ ХҮҮХДҮҮД

 

Зам дагаж явсаар жуулчдад тэмээгээр үйлчилдэг бяцхан хүүхдүүдтэй таарав. Тэд Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тавдугаар ангид суралцдаг. Б.Ичинхорлоо, Э.Даваа­хүү гэх энэ хоёр охин багаасаа тэмээний хажууд байсан учраас  зуны амралтаараа жуулчдад тэмээ унуулж, хичээлийн хэрэглэл, хувцасныхаа мөнгийг олдог аж. Хажуугаар нь ээж, аавдаа тусалж, гэрийнхээ ажилд дэм болно  хэмээн хэвлүүхэн хууч хөөрнө. 

Хүүхдүүдийн эрхэлж буй энэ бизнест жуулчид бас ам сайтай. Тэмээ унах гээд сонирхоод, зориод ирэх ч хүн цөөнгүй байдаг аж. Ихэнхдээ гадны жуулчид тэмээ унахаар ирдэг. Өмнө нь тэмээ унаж байсан, бага зэргийн туршлагатай хүмүүс нь өөрсдөө унадаг. Харин туршлагагүй, мэдлэггүй нэгнийг нь хүүхдүүд хөтлөөд нэг хэсэг газар явдаг аж. 50 метр орчим газар тэмээ унахад 5000 мянган төгрөг гэнэ. Тэд энд тэмээ унуулдаг болоод хоёр жил болж байгаа аж. Орлого багатай өдрөө 10-20 мянган төгрөг олдог. Орлого сайтай бол 50-70 мянган төгрөг олдог гэв. Б.Ичинхорлоо, Э.Даваахүү хоёр яриа нь хэвлүүхэн, бас хэзээний  малд нүдтэй, сэргэлэн цовоо хүүхдүүд юм. Тэд “Манайх дөрвөн тэмээтэй. Бид багаасаа тэмээний хажууд байсан болохоор айдаггүй. Зарим хүн  “Яана аа, ямар аймаар юм бэ” гээд л байдаг. Тэгсэн хэрнээ унах гээд зүтгээд байна. Тэмээгээ унаж дуусчихаад “Ямар гоё юм бэ” хэмээн ярих нь эгдүүтэй санагдав. Бид ч бас тэмээг сайн мэдэхгүй. Энэ талын мэдлэг дулимагхан гэвэл  “Тэмээ бол тайван дөлгөөн, амгалан амьтан. Бас бие хаа ч том товир. Гадаадын жуулчид тэмээ унуулах, уралдуулах, тэмээ унаж зургаа татуулах, тэмээгээр аялал зохиох зэрэгт их дуртай байдаг юм. Тэгээд ч тэмээ аюул багатай амьтан” гэж байна. Тэмээтэй ойр өссөн гэсэн болохоор тэднээс  ингэ хөөслөх, ингэнд хэрхэн ботго авахуулдаг талаар асуув. Гэтэл тэд бас под хийсэн хариулт хэлж байна. “Дээр үед хуур татаж ботго авахуулдаг байсан гэсэн. Хуурдахаас гадна бас дуу аялна, хөөслөнө. Тэмээ бол ер нь их уяхан амьтан шүү дээ. Зөөлөн оролдож буй хүнд их дасамхай амьтан” хэмээн хариулж байна. Тэмээний үр төлийг нэг настайг нь ботго, хоёр настайг нь тором гэдэг. Тэмээ их номхон. Настай хүмүүс тэмээг мориноос номхон гэдэг юм” хэмээн хэзээний л малчин шиг ярих аж. Бид ч бас тэмээг нь ойрхон зуур унаж үзэв. Тэд хөтлөөд явахдаа энэ тэрийг танилцуулан элдвийг ярих нь бүр ч хөөрхөн. Жуулчид тэдний өхөөрдөм зургийг нь олон янзаар авах нь энүүхэнд байдаг гэдгийг тэр хавийн хүмүүс хэлж байв.  Харин Б.Ичинхорлоо, Э.Даваахүү хоёр тэмээ унахаар ирсэн хүмүүстэй чөлөөтэй ярилцаж, “Дараа дахин ирээрэй. Бид хоёр дараа жил ч гэсэн дахиад эндээ байна шүү” хэмээн үдэх нь бүр ч өхөөрдөм санагдав. Хичээл, сургуулийнхаа бэлтгэлийг хангахаар ажиллаж байгаа хоёр охины хувьд өдрийн халуун нарнаас зугатаж, оройн сэрүүнд гарч ажиллана гэсэн ойлголт байхгүй. Тэмээгээ хэвтүүлчихээд сүүдэрт нь хааяа тухална. Ойролцоох нуурын дэргэд ирж сэрүүцнэ. Өдөртөө ээлж ээлжээр хариад хооллочихно, эсвэл гэрээс нь хүн ирж, хоол цайг нь авчраад өгчихдөг аж. Айлын хүүхдүүд өдөржин гэрт гадаа тоглож, зуныг өнгөрөөдөг бол тэр хоёрын хувьд аав, ээждээ туслах, хичээлийнхээ бэлтгэлийг базааж, ном дэвтрийнхээ мөнгийг олох нь хамгийн чухал гэж байв. Гэхдээ тэд тоглохоо бас мартахгүй. Тэмээнийхээ дэргэд чулуу таалцах, дээс чирта тоглох гээд тэрүүхэндээ бас тоглож амждаг гэж байв. Тэдний үйлчилгээг бас дан ганцхан тэмээ унуулах төдийхнөөр төсөөлж болохгүй аж. Тэд тэмээ унуулахаас гадна тэмээтэй зураг авахуулах, тэмээний уналга эдэлгээний тухай,  мөн  тоног хэрэгс­лийг гадаадынханд танилцуу­лахаас эхлээд өөрсийнхөө хэр хэмжээнд таарсан олон төрлийн үйлчилгээг бас давхар үзүүлдэг аж.

Бидний  яриа ийнхүү  үдшийн бүрий буутал өрнөж, тэд биднийг “Дараа дахин ирээрэй, тэмээ унаарай” хэмээн үдсэн юм.


Э.ОРХОНСҮРЭН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.