Шүүхэд эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нэвтэрлээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.“Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг танилцуулж,  Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өгсөн энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн П.Батсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ХЗДХ-ийн сайдын зөвлөх Н.Чинбат, Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн багийн зохицуулагч Д.Соёл-Эрдэнэ нар оролцсон юм.

Өнөөдрөөс шүүхэд нэвтэрч буй “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийн талаар Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг товч танилцууллаа.Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Өөрөөр хэлбэл цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын дунд мэдээллийн нэгдсэн сан байх бөгөөд Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээр дамжуулан шүүхийн хувьд прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай мэдээлэл солилцдог болж байна.

Тус систем нь эрүүгийн хэргийн шүүхэд хавтаст хэрэг ирэхэд хэргийг санамсаргүй тохиолдлоор хуваарилах, прокурорын байгууллагаас хэргийн мэдээлэл татах,  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний мэдээлэл татах, холбогдох мэдээллийг бүртгэх, нэгтгэх, тусгаарлах, шүүхэд шилжүүлэх, талуудад мэдэгдэх, хуралдаан хийж шийдвэр гаргах, давж заалдах, хяналтын шатны шүүхэд шилжүүлэн эцэслэн шийдэгдэх хүртэлхи бүх ажиллагааг нэгдсэн системээр бүртгэнэ. “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ээр таслан сэргийлэх арга хэмжээ болон захиргааны зөрчлийн санал бүртгэн шийдвэрлэх нэгдсэн статистик тайлан гаргах боломжтой.

Энэхүү системийг нэвтрүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль Зүй, Дотоод хэргийн яам хамтран ажилласан бөгөөд програм даалгаврыг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулж, программын хөгжүүлэлтийг Хууль зүйн яамны цахим төслийн нэгж боловсруулжээ.

Шинэ систем нэвтэрснээр:
-Хэрэг хуваарилах ажиллагаа урьдчилан мэдэх боломжгүй, хараат бус, тэнцвэртэй, санамсаргүй тохиолдлоор хуваарилагдана,
-Цаг хугацаа болон цаас хэмнэнэ,
-Шүүх, хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн системээс мэдээлэл авах, солилцох,
-Хувь хүний мэдээллийг Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас шууд татаж авах боломжтой,
-Процессын алдаа зөрчил арилах,
-Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нэгдсэн удирдлагатай болох,
-1 хэргийг 3 шатны шүүх цогцоор харах,
-Мэдээ тайланг шуурхай гаргах,
-Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлыг хөнгөвчлөх ач холбогдолтой аж.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.