Энэ сарын 20-оос эхлэн “Хөдөлгөөнт оффис” ажиллуулна

Төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх, ил тод байдлыг хангах зорилгоор нийслэлийн ЗДТГ-аас “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагийг 14 хоног тутамд нэг удаа хийдэг болсон. Энэ удаа мэдээллийн цагт Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр, дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд, Санхүү, төрийн сангийн дарга Д.Ууганбаяр нар оролцож, эхний улиралд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө “Дэвжин дээшлэх  Сүхбаатар дүүрэг” нэртэйгээр баталсан. Энэ хөтөлбөрийг боловсруулахдаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 289 заалтнаас дүүрэгт хэрэгжүүлэх 57 заалтыг тусгасан. Сүхбаатар дүүрэг 2017 оныг Залуучуудын хөгжил, залуучуудад чиглэсэн арга хэмжээг дэмжих, зохион байгуулах чиглэлд илүү анхаарна” гэв.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир хэлэхдээ “Дүүргийн хэмжээнд Засаг даргын захирамжаар 2 удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 1295 байгууллагын 4330 хүн оролцож, 126 рэйс буюу 567 тонн хог, хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэсэн байна. Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилтай дүүргийн Засаг дарга Х.Болормаа газар дээр нь танилцаж, хотын иргэн бүр цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд амьдрахыг  хүсч байгаа бол айл өрх, албан байгууллага болгон долоо хоногийн бямба гариг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байхыг уриалсан” гэлээ.

Дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр “Дүүргийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх хувийн өмчийн 5 цэцэрлэгт зорилтот бүлгийн 118 хүүхдийг хамруулах ажлыг зохион байгууллаа. Мөн 2011 онд төрсөн цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн тоог хороо тус бүрээр гаргаж, 143 хүүхдийн мэдээллийн санг бүрдүүлэн эдгээр хүүхдүүдэд зориулсан хувилбарт сургалтыг 3-5 дугаар сард хамран сургах тойргийн цэцэрлэгүүдэд 7 хоногийн 2 өдөр 1-2 цагийн хугацаатай, сургуульд бэлтгэж байна. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 15, 19 дүгээр хорооны “Гүн мэдрэмж”, 17 дугаар хорооны “Увидаст-Од”, 18, 20 дугаар хорооны “Гэрэлт манал” ӨЭМТ-үүд автомашинтай болсон. Ингэснээр алслагдсан гэр хорооллын 28 мянга гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ илүү хурдан, хүртээмжтэй хүрэх боломж бүрдсэн” хэмээн онцлов.

Харин дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд “Бид төрийн үйлчилгээг хүртээмжтэй ил тод байлгах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр ажиллалаа. Тухайлбал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Нэг цонх”-ны үйлчилгээгээр эхний улирлын байдлаар өдөрт дунджаар 200-250 иргэнд 8 төрлийн 64 үйлчилгээг 20 цонхоор дамжуулан хүргэсэн байна. Мөн дүүргийн Засаг дарга болон Засаг даргын орлогч нар долоо хоног бүрийн мягмар гаригт иргэдийг хүлээн авч уулздаг. Энэ хуваарийн дагуу 2017 оны эхний улиралд дүүргийн удирдлагууд 127 иргэнийг тус тус хүлээн авч уулзсан. Мөн дүүргийн Засаг дарга иргэдийн хүсэлтээр асуудлыг шийдвэрлэхээр газар дээр нь ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 3 дугаар хорооны 2а байрны иргэдтэй уулзаж, байрных нь урд ухаад олон жил болж байгаа нүхийг бөглөх, оршин суугчдын саналаар автомашины зогсоол бүхий тохижилт хийх талаар холбогдох арга хэмжээ авахаар боллоо. Төрийн албан хаагчдыг илүү чадавхжуулах чиглэлээр долоо хоног бүрийн 5 дахь өдөр албан хаагчиддаа зориулж “Мэдээлийн цаг” хийдэг. Түүнээс гадна энэ сарын 20-ноос эхлэн дүүргийн удирдлагууд “Хөдөлгөөнт оффис”-ыг хороо бүрт ажиллуулах гэж байна. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойр хүрэхээс гадна аливаа асуудлыг газар дээр шийдвэрлэх боломжтой” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.