Тбилисийн гран при эхэллээ
Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн энэ оны ээлжит Гран При тэмцээн манай цагаар 14:00 цагт эхэллээ. Тус тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр явагдаж сугалаагаа гаргасан байна. Нийт 36 улсын 256 жүдоч оролцож буй энэхүү тэмцээнд манай тамирчид хэрхэн сугалаа татсаныг хүргэж байна.
 
Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, Б.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81-д Г.Төрмөнх, 90-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдээс 57 кг-д Ц.Хулан, 63-д Б.Мөнгөнчимэг нар зодоглоно.

Эрэгтэй
 
60кг:Хамгийн олон оролцогчтой энэ жинд нийт 28 бөх сугалаанд оролцож, ДАШТ-ий хүрэл медальт манайхны эртний танил Амиран Папинашвили тэргүүлэн барилдахаар болжээ. Тус жинд Узбекистаны бөх "Рио-2016" наадмын хүрэл медальт Диёорбек Урозбоев, Шарапуддин Лутпиллаевын хамт оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байсан ч Тбилист ирсэнгүй. Улмаар манай залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медаль, залуучуудын Азийн аварга "Женко" клубын тамирчин ОУХМ Баяраагийн Амартүвшин чансаагаараа 8-д бичигдснээр А хэсэгт "ПАПИ"-тай хуваарилагдсан байна. Тэрбээр эхний тойрогтоо Болгарын Борислав Янаковтой учраа таарсан бөгөөд ялсан тохиолдолд Азербайжан, Узбекистан бөхчүүдийн ялагчтай хүч үзнэ. Улмаар хоёр давсан дохиолдолд хэсгийн аваргын төлөө Амиран Папинашвилитэй хүч үзэх боломжтой болно. Харин энэ оны залуучууд болон насанд хүрэгчдийн улсын аварга Жагваралдоржийн Амарболд “Ди” хэсэгт хуваарилагдан эхний тойрогтоо Ираны Мохаммед Аббас Нежадтай хүч үзнэ. Улмаар ялбал шилдэг наймд үлдэхийн төлөө Азийн АШТ-ий хүрэлтэй Орос гаралтай Кыргызстан бөх Отар Бестаевтай барилдахаар оноолт таарчээ.

66кг: 28 бөх хүч үзэх тус жинг манай хоёр ОУХМ тэргүүлэн барилдана. Дэлхийн чансааны #5 Довдонгийн Алтансүх тэмцээний чансааг тэргүүлж байгаа бөгөөд “А” хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөөд шилдэг наймд үлдэхийн төлөө Украины Геворг Хачатрян болон Азербайжаны Тарлан Каримов нарын ялагчтай хүч үзнэ. Харин ДАШТ-ий тавдугаар байр, Азийн наадмын аварга Даваадоржийн Төмөрхүлэг мөн эхний тойрогтоо гоц мөргөөд шилдэг наймд шалгарахын төлөө Португал, Гүржийн бөхчүүдийн ялсантай оноолт таарлаа. Хэрвээ учраагаа ялан шилдэг наймд шалгарвал хэсгийн аваргын төлөө Украины алдарт бөх ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Геогий Зантараятай учраа таарах магадлал өндөр байна.

73кг: Энэ жинд 2017 оны УАШТ-ий хүрэл медальт ОУХМ Наранхүүгийн Хадбаатар эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Тэрбээр А хэсэгт хуваарилагдсан бөгөөд эхний тойрогтоо Португалийн Луис Кармотой хүч үзнэ. Улмаар ялбал Азийн АШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Их дуулга болон Гран При ангилалд түрүүлж үзсэн Узбекистаны Мирзохид Фармоновтой шилдэг наймд үлдэхийн төлөө хүч үзнэ. Түүний хэсгийг дэлхийн чансаа #8 Шведийн Томми Мациас тэргүүлж байна.

81кг: Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин Ганхуягийн Төрмөнх Тбилист анх удаагаа хүч үзэх бөгөөд эхний тойрогтоо “Ди” хэсэгт Латвийн Филипс Микучкистэй учраа таарчээ. Манай бөх өрсөлдөгчөө хожвол өнгөрсөн оны тус тэмцээний аварга ОХУ-ын Алан Хубецовтой учраа таарна.

90кг: Энэ оны УАШТ-ий шилдэг эрэгтэй жүдоч, Армийн дэлхийн аварга Гантулгын Алтанбагана тэмцээний чансааны гуравдугаарт эрэмблэгдснээр “Ди” хэсгийг тэргүүлэн барилдахаар боллоо. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваанд АНЭУ болон Гүржийн бөхчүүдиийн ялсантай 1/8 шигшээд өрсөлдөнө. Түүний жингийн шилдэг жүдоч Бека Гвиниашвили энэ удаад нутагтаа болж буй тэмцээнийг өнжсөн байна.

Эмэгтэй
 
57кг: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Цэрэгбаатарын Хулан анх удаагаа Тбилисийн татами дээр зодоглох гэж байна. Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт тэрбээр Гран При ангилалын хоёр дахь тэмцээндээ оролцох бөгөөд “А” хэсэгт Гүржийн Мэриам Чеклашвилитэй учраа таарсан байна. Улмаар энэ бөхийг хожвол “А” хэсгийн аваргын төлөө “Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Рафаэла Сильватай хүч үзнэ.

63кг: ”Чельябинск-2016” багийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг Их Британы бөхтэй эхний тойрогт учраа таарсан байна. Тэрбээр өрсөлдөгчөө ялбал шилдэг наймд үлдэх бөгөөд Италийн бөх Их дуулга болон Гран При ангилалын 4 түрүүтэй Эдвиг Гвинтэй “В” хэсгийн аваргын төлөө хүч үзнэ.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.