Хүмүүжигч хүүхдүүдийн харцанд гуниг хурж амжаагүй байна
"Үргэлж эелдэг харьцдаг ахмад Ц-д баярлалаа хэмээн зүрхэн хэлбэртэй ягаан өнгийн цаасан дээр хүмүүжигч хүү муруйлган бичжээ. Самбар дээрхийг үргэлжлүүлэн уншвал нийгмийн ажилтан тэрэнд, хошууд энэнд, хорих ангийн захиргаанд баярлалаа" хэмээн хүмүүжигч хүүхдүүд алдаатай ч гэсэн чин сэтгэлийн үгсээ бичжээ. Тиймээ энэ бол бидний хэлж заншсанаар хүүхдийн колон буюу  хорих 411-р ангийн хүмүүжигчдийн байр. Энд өнөөдөр гэнэн томоогүйгээсээ болж, үеийн нөхдийнхөө дунд тоглож явах насан дээрээ  буруу зам руу хальтирч эрхээ хасуулан, өргөст торны цаана суугаа ч гэсэн эргээд нийгмийн амьдралд хөл тавих өдрөө хүлээн суугаа долоон хүүхэд хүмүүжиж байна.
 


Хорих ангид очихоор явж байгаа болохоор цаанаа л нэг жаахан айдастай очсоныг нуух юун. Гэтэл энэ ангид хүмүүжиж буй хүүхдүүдийн  нүдийг харах төдийд энэ айдас үгүй болов. Тэдний нүдэнд гуниг хурж амжаагүй байна. Хүүхдийн гэнэн томоогүй, сэргэлэн цовоо харц нь хэвээрээ байв. Ийм  хүүхдүүд яагаад хэрэгт холбогдож, эрхээ хасуулан энд байгаа юм болоо гэх бодол  толгойд эргэлдлээ. Энэ талаар ангийн даргаас асууж амжлаа. Түүний хэлснээр  энд хүмүүжиж байгаа долоон хүүхдийн ихэнх нь 145.2 буюу бусдын эд хөрөнгийг хулгайлж “үлэмж, их, онц их хэмжээний хохирол” учруулсан гэсэн зүйл ангиар энд хоригдож байгаа аж.  Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд хорих ангид хүмүүжиж байгаа хүүхдүүдийн ихэнх нь ар гэрийн амьдралын боломж тааруу дээр нь  байнгын гэр бүлийн хүчирхийллийн улмаас буруу зам руу хальтирдаг гэдгийг хорих ангийн ажилтнууд хэлж байна.Эдгээр хүүхдүүдийг аль болох зөв зам руу оруулах эргээд буруу зам руу хальтрахгүй байх талаас нь дэмжих нь бидний ажлын нэг хэсэг хэмээн 411-р ангийн алба хаагчид ярьж байна. Тиймээс хүүхдүүдийг урлаг, уран зургаар хүмүүжүүлж эхэлсэн байна.

Тэгвэл 411 дүгээр ангийн хүмүүжигч хүүхдүүд өчигдөр уран зураг, уран баримлын үзэсгэлэнгээ дэлгэлээ. Үзэсгэлэнд тус ангид хүмүүжиж буй долоон хүүхдийн уран бүтээлүүдийг дэлгэгдсэн байв. Мөн эцэг эхийн төлөөллөөс ирж хүүхдүүдийнхээ бүтээлийг үзэж сонирхсон юм.Энэ өдөр хүүхдүүд  өөрсдийн гараар зурсан уран зураг, мөн гар урлалын бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, эцэг эхчүүддээ тайлагналаа. Сүрлэн наамлаар цэцгийн ваар, зургийн жааз харин  баримлын шаврыг тусгай аргаар цутгаж Италийн алдарт Венец хотыг хүртэл хийжээ.



Хүүгийнхээ ийм их авьяастайг мэдээгүй явжээ хэмээн хүмүүжигч хүүгийн ээж нүдэндээ нулимстай баярлан ярьж байна. Мэдээж хэрэг хүүхдүүд энд хүмүүжихээр ирэхдээ ийм зүйлийг хийж үзээгүй байсан аж. Тиймээс хорих ангийн удирдлагууд төрийн бус  байгууллагуудтай хамтран хүмүүжигч хүүхдүүдийг уран зураг, дүрслэх урлагийн сургалтаар дамжуулан аливаа зүйлийн учрыг олох, няхуур нямбай хандаж сургах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, амьдралын зөв хэвшилтэй болгох, сайн үйлсийг даган дууриах хүслийг нь нэмэгдүүлэх зорилгоор ийм дугуйлан хичээллүүлдэг байна.
 
Дугуйланг удирддаг багшийн хувьд хүүхдүүдийн чадварыг өндрөөр үнэлж байлаа.Хүүхдүүд ч сурсан мэдсэн зүйлээ багш, эцэг эх  бусад төлөөлөгчдөд танилцуулсандаа  баяртай байгаа нь харагдлаа. 
 
 
Өнгөрсөн онд  хэрэгжсэн Ерөнхийлөгчийн өршөөлийн хуулиар хүмүүжигч хүүхдийн тоо долоо болтлоо цөөрчээ
 
Өнгөрсөн онд  хэрэгжсэн Ерөнхийлөгчийн өршөөлийн хуулиар 40 орчим хүмүүжигч байсан тус ангид өдгөө долоон хүүхэд л үлджээ. Гэвч хэрэг үйлдсэн хүүхдүүд гэм буруутай нь шүүхээр тогтоогдон хүмүүжигчдийн тоог  бага багаар нэмдэг байна. Хүүхдийн хориход 14-18 насны хүүхдүүд байдаг ба насанд хүрсний дараа томчуудын хорих анги руу шилждэг гэнэ. Хорих анги нь хагас цэргийн зохион байгуулалттай байдаг аж.
 
Хүмүүжигчид уран зураг, гар урлал, нарийн боовны дугуйлангуудад хичээллэж байна
 
Хүмүүжигч хүүхдүүд өглөөний 07:00 цагт босч тоондоо жагссанаар тэр өдрийн амьдрал эхэлдэг байна. Өглөөний дасгал, цайны цаг гээд  тогтсон хөтөлбөрийн дагуу хорих ангийн үйл ажиллагаа үргэлжилнэ. 



09:00-13:10  цагийн хооронд хүүхдүүд ЕБС-ийн хичээлдээ сууна. Энд ял эдлэж буй хүүхдүүдэд ерөнхий боловсролын хичээлийн суурь боловсролыг олгодог байна. Хорих анги ШШГЕГ-ын харьяа Насанд хүрээгүйчүүдийн 411 хорих анги гэсэн нэртэй ч Баянзүрх дүүргийн 110 дугаар дунд сургууль ч гэж нэрлэдэг ажээ. Учир нь хорих ангийн хүмүүжигчид ЕБС-ийн 11 дүгээр ангийн боловсрол эзэмшиж БСШУЯ-наас бүрэн дунд боловсролын гэрчилгээг  олгодог ажээ. Баянзүрх  дүүргийн ЕБС-ийн багш нар болон Кристина Нобелийн сангийн багш нар  хүмүүжигчдэд тогтмол хичээл заадаг байна. Монгол хэл, математик, англи хэл, хими, биологи гээд бүрэн дунд ангийн сурагчдад заадаг хичээлүүдийн суурь мэдлэгийг олгодог ажээ. Хүүхдүүдийг бага, дунд, ахлах бүлэгт хуваарилан түвшинд нь тааруулж хичээл заадаг ажээ.Хүүхдүүд ерөнхий боловсролын хичээлээ тараад мэргэжлийн сургалтдаа суудаг байна. Тэд гар урлал, талх нарийн боов гэх  мэт мэргэжлээр тогтмол суралцдаг аж. Тэд өөрийн сонирхсон мэргэжлээрээ сонгон суралцахад нээлттэй байдаг гэнэ.




 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ah 2017-03-31 13:45:36
    Garaad hagas buten saind holsnii ajil hii
  • naraa 2017-03-31 07:49:20
    bi bas oilgosongvi.... neg mundag asuudal hundhiin baih gej boson chini....
  • балбар 2017-03-31 05:03:59
    сэтгүүлч яг юу хэлэх гээд байгаан ер ойлгогдсонгүй өөрөө сэтгэл санааны хямралтай ч юмуу өөрийгөө нэг их олоогүй хүн байх ойлгомж муутай нэг л өрөвдүүлэх гэсэн