Автобусны картаа авахаа мартав аа

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хураахаар болоод байгаа билээ. Тиймээс маргаашаас эхлээд том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсон гэдгийг иргэд мэдэж байгаа байх.
 
Хэрвээ мэдээгүй, сонсоогүй бол дахиад нэг сануулчихъя. Маргаашаас эхлээд бэлэн мөнгө хайрцагт хийж, өөрийгөө, өрөөлийг, улсаа хуурах аргагүй болсон шүү. Манайхан тал 500 төгрөг, дутуу мөнгө хайрцагт хийчихдэг байсан. Одоо энэ муухай арга мухардалд орсон гэсэн үг. Сайн хэрэг.
 
Ер нь эхнээсээ л шууд картаар зорчуулах хэрэгтэй байсан юм. Гэхдээ аливаа зүйлд хөгжих, ахиж дэвших цаг хугацаа гэж байдаг. Тэгвэл тэр цаг нь одоо болсон юм байлгүй, ямар ч байсан бэлэн мөнгө хайрцагт хийдэг байдлыг халлаа. Тийм болохоор карт аваагүй хүн байвал өнөөдөртөө багтаа авахгүй бол маргаашаас та автобусаар зорчих боломжгүй л гэсэн үг.
 
Яах вэ, машинтай нь унаагаар, байхгүй бол микро автобусаар яваад байж болох байх. Гэхдээ автобусны карт авчихвал хэрэгтэй шүү дээ. Картаа 10 мянган төгрөгөөр нэг удаад цэнэглэсэн гэж бодьё. Тэр мөнгөө өөр зүйлд үрчихгүй амар. Тэгээд дамжин суулт үнэгүй. Гэх мэт давуу тал олон байна. Дээрээс нь “Улаанбаатар смарт карт” компаниас үйлчилгээгээ сайжруулахын тулд янз бүрийн ажил хийж байна.
 
Тухайлбал, хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 480 цэг байгаа аж. Үүнийг даруй 500-д хүргэхийг зорьж байгаа юм билээ. Өнөөдрөөс энэ тоонд бараг хүрсэн биз. Цаашлаад 20 мянган ширхэг картыг хороодын нийгмийн ажилчидтай хамтран, нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст үнэгүй тараах ажлыг хийж байгаа.
 
Цаашлаад ХААН банкнаас гаргасан нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой “СИТИ ПАСС” карт, Юнителийн хэрэглэгчид “NFC” сим карт ашиглаж гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчиж болох гээд олон ажлыг зохион байгуулж байна. Ер нь иргэдэд янз бүрийн сонголтууд гарч ирсэн гэсэн үг. Эмзэг бүлгийн иргэдээ мартсангүй. Ийм байхад маргааш автобуснууд бэлэн мөнгөний хайрцгаа авчихаар картгүй, мэдээгүй гээд дүлэгнээд байв аа.
 
Ер нь бол цаашид нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн компаниудын шалгагчидтай хамтарсан хяналт, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулах бөгөөд хөлс төлөөгүй зорчигчийг 5000 хүртэл төгрөгөөр торгож, хариуцлага тооцох юм гэсэн. Тийм болохоор иргэд үүргээ ухамсарлаад, дээрээс нь өөрсдийгөө бодоод, цахим картаа авчих л хэрэгтэй. Тэр дундаа жаахан холоос явдаг хүмүүст тун ашигтай. Микро автобус жаахан орой болоод 7, 8 цагийн үед хаашаа л бол хаашаа 1000 төгрөгөөр яваад байдаг. Автобусанд бол картаар 500 төгрөг. Дамжвал үнэгүй. Эдийн засагт хэмнэлттэй шүү дээ.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine