Г.Дэнзэн нарын шүүх хурлаас ямар үр дүн гарах бол...
-Шинжээч Д.Соёлмаа өөрийн судлаж гаргасан баримтуудаа тайлбарлаж чадахгүй өмгөөлөгчдийн тэвчээрийг барав-

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлаар нотлох баримтуудыг шинжлэн судлаж улсын яллагч нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг уншиж танилцуулж байгаа бол үүний дараа өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх юм. Ямартай ч гурав дахь өдрөө үргэлжилж буй уг шүүх хурлыг өнөөдөр /өчигдөр/ дуусахгүй гэдгийг баттай эх сурвалж мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, хэргийг шинжлэн судлахад 50 гаруй хавтаст хэрэг бий учраас нэг бүрчлэн танилцахад маш их цаг орж буй гэнэ.

Шүүх хурлын завсарлагааны үеэр Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас дараах асуултад хариулт авлаа.

Ц.Дэлгэрням: Г.Дэнзэнг цагаатгах байр суурьтай оролцоно

-Та шүүх хуралд ямар байр суурьтай оролцож байна вэ. Шүүх хурал хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Би энэ шүүх хуралд Г.Дэнзэнгийн өмгөөлөгчийн хувиар, түүнийг шүүхийн өмнө гэм буруугүйг нотлох, цагаатгах байр суурьнаас оролцож байна.Одоогоор шүүх хурал хэвийн явагдаж байна

-Шүүгдэгч Д.Баярмаа “Говь Повер” ХХК-ийн захирал. Г.Дэнзэнг энэ компанид ямар ч хамааралгүй гэж мэдүүлсэн гэсэн. Энэ ямар учиртай юм бол?

-Шүүх хуралдаан нээлттэй явагдаж байгаа учраас сонирхсон хүмүүс нээлттэй танхимаас шууд үзэж, мэдээлэл авах боломжтой. Шүүгдэгч Д.Баярмаа мэдүүлэг өгөхдөө “Г.Дэнзэнг танихгүй, “Говь Повер” компани бол минийх.
Г.Дэнзэнд мөнгө, төгрөг өгсөн ямар ч асуудал байхгүй. АТГ-аас шалгаж тогтоосон бүх баримт гүтгэлэг” гэж шүүх хурлын үеэр мэдүүлснийг та бүхэн нээллтэй танхимаас харсан байх.

-Г.Дэнзэнгийн биеийн байдал сайнгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломж байгаагүй юм уу?

-Г.Дэнзэнгийн биеийн байдал сайнгүй байгаа нь үнэн. Нийт есөн сар тасралтгүй хоригдож байна шүү дээ. Ер нь иргэн бүр шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байдаг. Гэвч энэ зарчим алдагдаж, миний үйлчлүүлэгчийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй байгаа нь хийгээгүй хэргийг нь хүлээлгэх гэсэн оролдлого байна уу гэж өмгөөлөгчийн зүгээс хардаж байна. Бид удаа дараа хүсэлт гаргасан ч хүлээж авахгүй байна.

-Яг ямар шалтгаанаар хүлээж авахгүй байгаа юм бэ?

-Хэргийн явцыг шалгахад саад учруулж, оргон зайлахаас сэрэмжилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүнээс өөр тодорхой зүйл ярих боломж алга. Учир нь шүүх хурал явагдаж байгаа учраас шүү дээ.

Шүүх хуралд шинжээчийн гаргасан дүгнэлт маш чухал үүрэг гүйцэтгэдэг

Ямартай ч Г.Дэнзэнгийн өмгөөлөгч түүнийг цагаатгах байр сууринаас оролцож байгаа гэдгээ хэллээ. Тэгвэл өнгөрсөн хоногт болсон шүүх хуралдааны үеэр шинжээч Д.Соёлмаа шүүх хурлын үеэр өмгөөлөгч нарын асуусан асуултад хариулахдаа багагүй сандарч буруу зөрүү зүйлс ярьсан нь эрхгүй анхаарал татсан юм. Тухайлбал, тэрбээр газрын үнэлгээг гаргахдаа 2008 онд 1мкв газрын үнийг 6340 төгрөгөөр бодсон бол 2013 онд 4000 төгрөг болгон бууруулж үнэлсэн аж. Түүнчлэн тэрбээр газрын хэмжээг ийнхүү буруу бичсэн хэрнээ “Би андуурсан байна. Миний буруу” хэмээн хэлсэн нь шүүх хуралдаанд оролцож буй шүүгдэгчид хийгээд өмгөөлөгчдийнх нь гайхшралыг төрүүлж байсан нь дэлгэцээс тод харагдаж байсан юм. Түүнчлэн шинжээч Д.Соёлмаа 200 тоннын пүүг үнэлэхдээ зах зээл дээр хэдэн төгрөгөөр борлуулж байгааг судлаагүй нь түүний ярьсан зүйлээс анзаарагдаж өмгөөлөгчийн асуусан асуултад бүдэрч байгаа харагдсан юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр гаргасан дүгнэлтээ ямар эх сурвалж, баримт үндэслэн гаргасан гэдгээ мэдэхгүй, зах зээлийн үнээ ч судлаагүй хэрнээ “алибаба” гэх сайтаас авсан үнээр тооцоолж дүгнэлт гаргасан хэмээн шүүх хуралдааны танхимд танилцуулж байсан юм. Мөн “Салхины хаалт гэж бичих ёстой зүйлийг хашаа гээд бичсэн хэрнээ “Энэ бас миний алдаа байна. Миний баримтууд ажлын архивт байгаа. Хавтаст хэрэгт хавсаргаагүй болохоор та нар ойлгохгүй байх шиг байна” гэж хэлсэн нь өмгөөлөгчдийн тэвчээрийг барж байв. Аргаа барсан өмгөөлөгч нар “Д.Соёлмаа шинжээч ээ! Та ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй хүн бэ. Яг үнэндээ та өнөөдөр шинжээч үү, хөрөнгийн үнэлгээчин үү гэдгээ ч ялгахгүй байна шүү дээ. Таны шинжилгээ хийсэн тайлан, дүгнэлтийг чинь үндэслээд энэ олон хүн олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдоод шүүхийн өмнө шүүгдэж байна. Энэ бүхнийг ойлгож мэдэж байгаа биз дээ” хэмээн асуухад “Би технологич мэргэжилтэй хүн. 1997 онд мэргэжлийн үнэлгээний сургалтад сууж, үнэлгээчин болсон. Үүнээс хойш дунд нь хэсэг завсарлаад энэ ажлыг хийж байгаа. Харин одоо энд гаргасан дүгнэлтээ тайлбарлахыг хичээж байна. Зарим нэгэн зүйл дээр алдаа гаргасан байна” гэх хариултыг өгч хуралдаанд оролцож буй хүмүүсийг бас л алмайруулсан юм. Хатуухан хэлэхэд шинжээч Д.Соёлмаа өөрийн хийж, судлаж гаргасан тайландаа тусгагдсан баримтуудыг тайлбарлаж чадахгүй, ээрч мууран, өмгөөлөгч нарын асуусан асуултад хариулт өгөхөөс татгалзаж байгаа нь шүүх хуралд шинжээчийн гаргасан дүгнэлт маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тэрбээр мэддэггүй бололтой. Ямартай ч дугаар шилжих мөчид нотлох баримт шинжлэн судалж улсын яллагч дууссаны дараа өмгөөлөгч нар бичгийн нотлох баримтууд хийж эхний өмгөөлөгч дээр явж байв.
Өглөөний сонин
Р.Төгс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zz 2017-03-31 08:32:22
    Шинжээч нь прокурорын байгууллагын албан хаагч юм уу, хөндлөнгийн шинжээч юм уу
    59.153.113.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Загасчин 2017-03-31 03:56:28
    Барилаа, хамт зурагаа авхуулалаа, буцаагаад тавилаа.
    76.94.176.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2017-03-31 03:14:27
    Шинжээчид буруу өгөх хэрэггүй дээ. Олон тэрбумыг авилгалаар идсэн хүмүүс ичихгүй байхад жаахан алдаа гаргасан хүнийг адлаж гэнэ. Дэнзэнг цаазлах хэрэгтэй.
    103.212.118.94
    Мэдэгдсэн Хариулах