Европын таван сая байр, байшин усанд автагдаж болзошгүй

Дэлхийн дулаарал 100 жилийн дараа гэхэд Европыг тун хүнд байдалд оруулна. Тодруулбал, таван сая байшин барилга усанд автана. Энэхүү дүгнэлтийг Евро комиссын Нэгдсэн судалгааны төвөөс гаргажээ. Эрдэмтэд 2100 он хүртэл цаг уурын хүчин зүйлс хэрхэн өөрчлөгдөж, далайн түвшин, давалгаа, шуурга нэмэгдэхийг урьдчилан судалжээ.
 

ЖИВЖ БУЙ БАРУУНЫХАН


Цаг уурчдын үзэж буйгаар дэлхийн дулаарлын нөлөөгөөр далай тэнгисийн түвшин огцом дээшилж, Европын зарим эрэг усанд автах аж. Энэ зууны сүүлч гэхэд усны түвшин дунджаар 57-81 см-ээр дээшилнэ гэж судалгааны төвөөс мэдээлжээ.
 
Судалгааны төвийнхөн үер усны гамшгийг дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарлын гол хүчин зүйлсийн нэг хэмээн нэрлэж байна. Асар их хэмжээний үер 100 жилд нэг удаа явагддаг ч цаг уурчдын үзэж буйгаар дэлхий нийт үүнд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол Европт үер жил бүр гарах аюултай гэнэ.
 

ТЭНГИСИЙН УС НЭМЭГДЭНЭ

 
Ялангуяа Умард тэнгис орчмоор 2100 он гэхэд усны түвшин бараг нэг метрээр нэмэгдэх аж. Өөрөөр хэлбэл, Норвеги, Дани, Герман, Нидерланд, Бельги, Франц, Их Британийн эрэг орчмоор дээд түвшиндээ хүрнэ гэсэн үг.
 
Түүний араас Эстон, Латви, Литва, Польш, Герман, Дани, Швед, Финляндын эрэг хүрээлэгдсэн Балтийн тэнгис, Их Британи, Ирландын Атлантын эрэг орчим өртөх аж.
 
Гэхдээ тэнгисийн ус дэлхий даяар нэмэгдэхгүй. Тухайлбал, Өмнөд Европт байгалийн гамшигт үзэгдэл харьцангуй бага байх бол Португальд Кадиссын булангийн эрэг орчмоор эсрэгээрээ усны түвшин багасах юм байна.
 
Өнөөдөр дэлхий дээр тэнгисийн түвшнийг байнга хянадаг цорын ганц орон нь Нидерланд юм. Тиймээс тус улс байгалийн гамшгаас ямар нэгэн байдлаар зайлсхийх боломжтой.
 

ГАМШИГ ХЭДИЙНЭ ЭХЭЛЖЭЭ

 
Манай гараг цаг уурын өөрчлөлтийн үр дагаврыг аль хэдийнэ мэдэрч эхэлжээ. Тухайлбал, 2016 онд Парист болон түүний ойролцоох нутгуудад 1982 оноос хойших хамгийн том үер болж, хэдэн арван үйлдвэр өртжээ. Мөн эрэг орчмын орон сууц усанд автаж, алдарт Лувр, Орсегийн музейг хаасан байна. Үерээс нийт нэг тэрбум еврогийн хохирол амссан гэх мэдээлэл бий. Нидерландад мөн өнгөрсөн долоодугаар сард тагтааны өндөгний дайтай мөндөр орсон.
 
2013 онд Европын хэдэн улс нэгэн зэрэг байгалийн гамшигт өртсөн юм. Зургаадугаар сард Чехэд үерийн аюулын дээд түвшнийг зарлаж, Праг хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
 
Латвид Даугава гол эргээсээ хальж, хотын байшин, гудамжууд усанд автсан бол Македонд хоёрдугаар сарын үерээр 20 мянган хүн тог цахилгаангүй болжээ.
 
Бас нэг хачирхалтай үзэгдэл бол их хэмжээний цас. 2013, 2014 онд АНУ, Япон, Израиль, Палестин, ӨАБНУ, Саудын Арабт их хэмжээгээр цас оржээ.
 

ХЭТЭРХИЙ ХАЛУУН

 
Дэлхийн дулаарлын тухай маргаан нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн юм. Түүний шалтгаан нь С02, метан, озон, усны уур зэрэг хүлэмжийн хийн ялгарал хэмээж байв. Энэ хий нь агаарын доод давхаргад хуримтлагдаж, дэлхийн гадаргаас гарах дулааны туяанд саад болдог аж. Үүний улмаас манай гарагийн температур нэмэгддэг аж. Гэхдээ цаг уурын өөрчлөлтөд өөр хүчин зүйлс ч нөлөөлдөг гэж шинжээчид үзэж байна.
 
“35 жилийн өмнө дэлхийн дулаарлын тухай мэдээлэх үед үүний гол шалтгаан нь хүлэмжийн хий гэж тооцож байлаа. Гэвч цахилгаан соронзон утаа, гадаргын усны экологийн бохирдол, цахилгаан дамжуулалтын шугам гэсэн гурван хүчин зүйлсийг тооцож үзээгүй” хэмэзн экологич, Төрийн думын байгалийн нөөц, байгаль ашиглалт, экологийн гишүүн Павел Сухонин мэдэгджээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.