Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд жирийн хүүхдүүд шиг чанартай боловсрол эзэмшихийг хүсэж байна
Хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй, бас энэ эрхээ цаасан дээр биш бодитой эдлэхийг шаардах эрхтэй. Тэгвэл манай улсад цорын ганц байдаг 29-р  тусгай дунд сургуулийн  сонсголын бэрхшээлтэй сурагчид өөрсдийн эрх ашгаа хамгаалахаар өчигдөр эсэргүүцлээ илэрхийлж, хичээл хаялт зарлалаа.  Тэд  сургуулийнх нь багш нар дохионы хэлээр хичээл сайн, бүрэн заадаггүй  хэмээн мэдэгдэж, энэ асуудлаар сургуулийн захиргаандаа удаа дараа хандаж байсан ч  нэг ч удаа тэдний асуудалд анхаарал хандуулаагүй тул эсэргүүцлээ ингэж илэрхийлэхээс өөр аргагүйд хүрсэн гэлээ.
 

Өчигдрийн эсэргүүцлийн хичээл хаялтад ахлах, дунд ангийн сурагчид оролцлоо.  Тэд гартаа барьсан цаасан дээрээ “Дохионы хэл”, “Бидэнд боловсрол олгодог арга зүйгээ өөрчил, шинэчил”, “Бүх хичээлээ дохионы хэлээр”, “Сургуулийн захиргаа, бүх багш нар дохионы хэлний чадвараа сайжруул” хэмээн бичжээ. 29 дүгээр сургууль дохионы хэлний ганцхан орчуулагчтай бөгөөд багш нарын дохионы хэлний чадвар муу, хичээлээ амаараа заадаг тухай тус сургуулийн ахлах ангийн сурагч хэвлэлийнхэнд хэллээ. Ийм бхад сонсголгүй хүүхдүүд яаж боловсрол эзэмших вэ?  Уг нь хүүхэд бүр эрх тэгш боловсрол эзэмших ёстой биш билүү. Энэ асуудалд салбар яам болоод холбогдох албаныхан анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу хэмээн иргэд дуу нэгтэйгээр санал хүсэлтээ илэрхийлж байна.
 

Түүнчлэн эдгээр хүүхдүүд  ийнхүү сургуулийнхаа багш удирдлагуудыг шүүмжилснээсээ болж,  ялгаварлан гадуурхагдахгүй гэх баталгаа байхгүй  алга. Учир нь зарим багш нар хүүхдийн эрхийг зөрчиж биед нь халдах, үснээс нь зулгаах зэрэг үйлдэл гаргадаг гэдгийг сурагчид жагсаалын үеэр хэлж байлаа. Мөн спортын янз бүрийн арга хэмжээнд хүүхдийг идэвхтэй оролцуулдаггүй, ялгавартай ханддаг төдийгүй хүүхдүүдтэй багш нар хүндэтгэлтэй бус харьцдаг гэсэн юм.
 
 Жагсаалын үеэр сурагчид жирийн хүүхдүүд шиг хичээл номоо чанартай сайн эзэмшиж, цаашдаап их дээд сургуульд элсэн суралцаж, мэргэжил эзэмшихийг хүсэж буйгаа хэллээ. Гэвч багш нар нь дохионы хэл сайн мэдэхгүй тул хичээлээ амаар зааж байгаа нь хүүхдүүдэд төдийлөн ойлгомжгүй байдаг тул хичээлийн цагаар утсаа оролдох, хоорондоо дэмий ярьж суусаар энэ цагийг үр ашиггүй өнгөрүүлдэг байна.
 
Харин энэ асуудлаар тус сургуулийн захирал Б.Батсайхан дараах зүйлийг ярилаа. “Багш нараа бид төрөл бүрээр сургаж, төр засгаас ч анхаарал тавьж байгаа. Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр бэлтгэгдсэн багш Монголд алга байна. Тиймээс бид шалгаруулалтад тэнцсэн багш нарыгаа сургууль дээрээ дохионы хэлний хичээлд хамруулдаг.Багш нар чадваргүй, хичээл зүтгэл гаргадаггүй гэвэл би худлаа гэж бодож байна. Цаг үргэлж л хүүхдүүдийнхээ төлөө сурч боловсорч байдаг. Манай багш болгон тодорхой хэмжээний дохионы хэлний чадвартай” гэлээ.
 

Ямартай ч талуудын  байр суурь ийм байна. Гэхдээ нэг үнэн гэвэл СБД-ийн 29-р тусгай дунд сургуулийн сурагчид төгсөөд ихэвчлэн коллежид элсэн ордог байна. Тэд ЭЕШ-т тэр бүр бүгд орж чаддаггүй бөгөөд тус сургуулийн долоодугаар ангийнхан жирийн сургуулийн зургаадугаар ангийн хичээлийг үздэг байна. Өөрөөр хэлбэл жирийн хүүхдүүдээс нэг жилийн хойно сурч байгаа гэсэн үг юм. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн жирийн хүүхдүүд шиг бусад ангийнхнаасаа илүү сурч боловсорч чаддаг хүүхдүүд байдаг гэдгийг эцэг эхчүүд нь хэлж байна. Тэдгээр хүүхдүүдэд хичээлийг нь шахаж ороод ЭЕШ-т бэлдүүлдэг хэмээн багш нар хэлж байгаа боловч өндөр авч чаддаггүй байна. Энэ нь мэдээж хэрэг тус сургуулийн багш нарын сургах арга барил дутмаг илтгэж байгаа хэрэг хэмээн сурагчдын эцэг эхийн төлөөлөл ярилаа.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.