С.Сарантуяа: Театрыг үзэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй
УДЭТ-ынхан өчигдөр олон улсын театрын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм. Иймээс УДЭТ-ын “Алтан тайз”-ны шигтгээ болсон нэгэн уран бүтээлчээс цөөн асуултад хариулт авлаа.

Монголын үзэгч түмэндээ тайз, дэлгэцийн олон дүрээрээ танил болж хайр хүндэтгэлийн хүлээхийн зэрэгцээ, драмын урлагийн сор болсон уран бүтээлч гэвэл Ардын жүжигчин С.Сарантуяаг нэрлэж болох юм.

-Сайн байна уу? Танд олон улсын театрын өдрийн баярын мэнд хүргэе?

-Баярлалаа. Театрын баяр гэдэг бол зөвхөн театрын хамт олны бус үзэгч түмний баяр. Яагаад гэвэл театрын уран бүтээлийг үзэгчидгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Тийм болохоор энэ өдрийг бүх нийтийн баяр гээд хэлчихвэл буруудахгүй болов уу.



- УДЭТ гэх их айлын нэгэн гишүүн болж байсан түүхээс яриагаа эхэлье?

-1980 онд Улсын багшийн дээдийн кино драмын анги гэж байхад суралцаж, төгссөн. Сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт орсон. Өнөөдрийг ажиллаж байлаа. Анх орж байсан үеэ бодоход залуу уран бүтээлч хүнд байдаг тэр л хүсэл эрмэлзлэлийг тээж явсан. Юу юуны духанд хүрэлгүй жүжигт тоглоод жүжигчин болчих юмсан гэсэн хүсэлтэй. Тайзан дээр гарч дүр бүтээх хүсэл мөрөөдөл дүүрэн охин л байлаа. Тэгээд “Алтан тайз”-ны эзэд, ахмад уран бүтээлчидтэйгээ ажиллаад ирэхээр жүжигчний мэргэжлийн үнэ цэнэ гэж ямар айхтар нарийн юм байдаг вэ, гэдгийг олж мэдсэн.

-Хамгийн анхны бүтээж байсан дүрийнхээ тухай?

-Хамгийн анх авсан дүр гэвэл Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Оюун агсны зохиол “Ширүүн тулааны өмнө” жүжигт хувьсгалч охин Бурмаагийн дүр дээр ажиллаж байсан. Тэр дүрдээ их хайртай, одоо ч гэсэн сэтгэлээс гардаггүй. Магадгүй анхны дүр гэдгээрээ сэтгэлд хоногшсон болов уу. Тухайн үед театрын “алтан үе”-ийн гэх ахмадууд энэ жүжгийн группд ажиллаж байсан.Найруулагчаар Хо.Нацагдорж, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Нямсүрэн, П.Цэрэндагва, Н.Даваасүрэн, Ч.Алтан-Өлзий, Д.Гүрсэд гээд авьяаслаг, туршлагатай жүжигчидтэй хамт энэ жүжигт ажилласан. Эд нар маань миний жүжигчин болох эх суурийг тавьж өгсөн. 



-1980 оноос театраас урваагүй өнөөдрийг хүрсэн байна. Жүжигчин хүний амьдралын мөчүүд нэг нэг дүрүүдээр дурсагдаж байдаг болов уу гэж боддог. Таны хувьд хамгийн “зовж” бүтээсэн ямар дүр байдаг вэ?

-Сэтгүүлчдийн энэ асуулт надад сонин санагддаг. Уран бүтээлчдийн мэргэжилдээ хандах хандлагыг нарийн сайн мэдэхгүй учраас ингэж асуудаг болов уу?

 Жүжигчин хүн бүр өөрийн авсан дүрдээ нэлээд хүч хөдөлмөр зарцуулдаг. Яагаад гэвэл тэр дүрийг бүтээхийн тулд бие хүнд хувирч, тэр бие хүнийг өөр дээрээ бий болгодог. Нэг үгээр хүнээс хүнд хувирч байгаа юм. Даавуу хайчлаад малгай болгоод толгой дээрээ тавих асуудал биш шүү дээ. Манай ахмадууд олон дүрд ажиллаад ирэхээрээ дүрүүдээ надаас төрсөн “хүүхэд” гэж хүүхэдтэйгээ зүйрлэдэг. Тэгэхээр энэ зүйрлэлээр бодоод үзэхээр хамгийн сүүлийн хамгийн отгон “хүүхэд”-дээ анхаарал тавина аа даа. Яагаад гэхээр өмнөх “хүүхэд”-үүд эрийн цээнд хүрчихсэн жүжгийн хувьд олон тоглосон тоглох тоолонд алдаа дутагдал гь засагдсан байдаг. Нэг үгээр гараас гарчихсан гэсэн үг. Харин хамгийн бага хүүхдээ “хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэчих юмсан” гэсэн эх хүний бодол шиг хамгийн сүүлд бүтээсэн дүрээ сэтгэлдээ тээдэг. Уран бүтээлээ эхний гараагаар болчихлоо, бүтчихлээ гэж хэзээ ч боддоггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам түүнийгээ улам сайжруулж, чанаржуулж мөн чанарыг нь олох юмсан гэж зүтгэж явдаг.

-Таны хувьд хэчнээн уран бүтээлд тоглоод байна вэ?

-Тайзны 100 гаруй дүр бий. 20 гаруй кинонд тоглосон байна. Миний хувьд кинонд тэр бүр явдаггүй. Харин саяхан нэг киног дуусгалаа. Ирэх сард нээлтээ хийнэ. Найруулагч Д. Галбаярын бүтээл.

-“ТҮЦ-ний охид” билүү дээ?

-Тийм ээ. Найруулагч Д.Галбаяр маань энэ киноны зохиолыг бичээд өөрөө найруулсан. Зохиолоо бичиж байхдаа “Энэ дүрд Сараа эгч л тохирно гээд бичсэн” гэдгийг гэр бүлийнх нь хүн надад хэлсэн. Иймээс кинонд орж, ажилласан. Энэ кино нь өрх тэргүүлсэн олон эмэгтэйчүүдийн тухай бичигдсэн. Янз бүрийн гоёчилсон, хялбарчилсан зүйлгүй, амьдралын өнгөтэй кино. Яг л хүний амьдралд ороод л гарч байгаа юм шиг сэтгэгдэл төрөхөөр кино болсон. Миний хувьд Д.Галбаяр найруулыг их тоосон шүү. Залуу хүний хувьд өсөж яваа туршлагатай их сайн найруулагч.
 
 П.ГОО
 Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сайхан эмэгтэй  2017-03-28 12:50:34
    Амжилт хүсье
  • өа 2017-03-28 04:29:40
    хамаг жүжигчид нь хошин шог руу гүйгээд кинонцорт нүцгэлж банзал дүр бүтээж нээг их голийж байна