“Үндэсний супер лиг” эхэллээ

Үндэсний супер лигийн 2017 улирлын эхний тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр явагдлаа. Өнгөрсөн өдрүүдэд явагдсан дөрвөн тоглолтын тойм мэдээлэл хүргэе.


Баянхонгор Ирвэс – Увс нуур (85:97)

Эхний тоглолтод Увсчууд эзэнтэй Увс Нуур, Баянхонгор Ирвэсүүдтэй учраа таарсан юм. Тоглолтын эхлэлийг Увс нуур сайн тавьсан ч Баянхонгор Ирвэсүүд нэгдүгээр үеийн төгсгөлд хамгаалалтаа нямбай хийж, тооны харьцааг тэнцүүлсэн юм. Улмаар хоёрдугаар үед өрсөлдөөн улам хүчтэй өрнөж, хоёр багийн тоглогчид ээлж дараалан алсын зайн шидэлтийг байнд нь тусгаж байлаа. Гуравдугаар үеийн эхэнд Увс Нуур багаараа самбарт сайн тэмцэж байлаа. Улмаар тэдний довтолгоо сэргэж, онооны давамгайллыг авсан юм. Энэ үеийн төгсгөлд БНАСАУ-ын легионер, Увс Нуур багийн хамгаалагч Ким Чон Ил алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж, ордонд цугласан Увсын хөгжөөн дэмжигчдийг огшоосон юм. Улмаар шийдвэрлэх дөрөвдүгээр үед Увс Нуур онооны тэргүүллээ хадгалсаар өрсөлдөгчөө 97:85-аар буулган авч, шинэ улирлын ялалтаар эхлүүллээ. Тус тоглолтод Увс нуур багаас БНАСАУ-ын тоглогч Ким Чон Ил 19 оноо, 14 самбар, 5 оновчтой дамжуулалт өгсөн бол Ц.Баянмөнх 16 оноо, 7 самбар, Мөнхбаяр 13 оноо, 17 самбар авчээ. Баянхонгор Ирвэс багаас Чадраабал 27 оноо, 11 самбар, Үлэмж 13 оноо, 8 самбар, Баярбат 12 оноо, Энхтайван 11 оноо, 14 самбар авсан юм.

Үндэсний супер лигийн дэвжээнд анхны тоглолтоо хийсэн Увс Нуур өрсөлдөгчөө 97:85-аар хожлоо. Тус тоглолтын шилдэг тоглогчоор Увс нутгийн унаган хүү Г.Болдыг нэрлэж байна. Тэрбээр 26 оноо, 6 самбар, 6 оновчтой дамжуулалт өгсөн юм.


Альянс Тех Харцага – Архангай Алтан Дорнодын Дайчид (89:92)

Альянс Тех Харцага, Үндэсний лигийн шинэхэн аварга Архангай Алтан Дорнодын Дайчид багтай учраа таарав. Супер лигийн хошой аварга Альянс Тех Харцага эгнээндээ оюутны Азийн АШТ-ий аварга, тус тэмцээний Үнэ цэнэтэй тоглогч, 3х3 Дэлхийн оюутны АШТ-ий мөнгөн медальт, 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний мөнгөн медальт, гарааны тавд нэрлэгдсэн Э.Дөлгөөнийг нэгтгэжээ. Харин Архангай Алтан Дорнодын Дайчид Э.Цэрэнбаатарыг багтаа элсүүлсэн байна. Тоглолт тун тэнцүүхэн эхэлсэн бөгөөд хүчирхэг бүрэлдэхүүнтэй Харцага эхний хагаст тооны тэргүүллийг авч чадсан юм. Улмаар гуравдугаар үеийн эхэнд онооны зөрүүг 14 болголоо. Гэхдээ Үндэсний лигийн шинэхэн аварга Архангай үеийн төгсгөлийг сайн тавьж чадсан. Ялангуяа БНАСАУ-ын тоглогч Ким Чол Мён ээлж дараалсан шидэлтүүдээ оновчтой болгож, онооны зөрүүг ердөө дөрөв болгов. Шийдвэрлэх үе улам ширүүн эхэллээ. Тоглолтын төгсгөлд Дайчид өнөөх Ким Чол Мён гайхалтай байж, багаа ялалтад хөтөлсөн юм. Ийнхүү Архангай Алтан Дорнодын Дайчид өрсөлдөгчөө 92:89-өөр буулган авч, шинэ улирлыг ялалтаар эхлүүлэв. Тус тоглолтод Харцагаас Г.Цэнгүүнбаяр 22 оноо, 13 самбар, Ц.Азбаяр 17 оноо, 6 самбар, 7 оновчтой дамжуулалт, Карл Блэйр 17 оноо, 10 самбар, 13 оновчтой, дамжуулалт жигд тоглосон ч 10 бөмбөг алдалт хийжээ. Мөн П.Болортулга 16 оноо авсан юм. Архангай аймгийн багаас Роберт Тюрнер 31 оноо, 12 самбар, Э.Цэрэнбаатар 11 оноо, О.Энхбаатар 11 оноо авсан байна.

Тоглолтын шилдэг тоглогчоор БНАСАУ-ын легионер, Архангай Алтан Дорнодын Дайчид багийн хамгаалагч Ким Чоль Мён тодорлоо. Тэрбээр 25 оноо, 9 самбар, 8 оновчтой дамжуулалт, 6 бөмбөг таслалт хийжээ. Гайхалтай жигд тоглолтын үзүүлсэн Ким Чол Мён тоглолтын сүүлчийн хагаст буюу гурав, дөрөвдүгээр үед шийдвэрлэх довтолгоо, алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж байсан юм. 


 


Төв Ургац – Сүхбаатар (98:86)

Төв аймгийн Төв Ургац, Сүхбаатар аймгийн багтай учраа таарлаа. Төв Ургац БНАСАУ-ын шигшээ багийн холбогч Чой Рю Риг эгнээндээ нэгтгэсэн байна. Сүхбаатар аймгийн баг залуучуудын шигшээ багийн тоглогчдыг гол бүрэлдэхүүнээ болгожээ. Тоглолт тэнцүүхэн эхэлсэн бөгөөд Төв Ургац багаас Чой Рю Ри, ОУХМ Д.Дэлгэрням нар тун сайн ойлголцож байсан юм. Гэхдээ хоёрдугаар үед Сүхбаатар аймгийн багийн залуучууд алсын зайн шидэлтээ ээлж дараалан амжилттай болгож, онооны зөрүүг арилгав. Улмаар эхний хагас тэнцүүхэн өндөрлөлөө. Харин гуравдугаар үед ОУХМ Д.Дэлгэрням маш сайн тоглож байлаа. Онооны давамгайллыг авсан Төв Ургац тэргүүллээ хадгалсаар өрсөлдөгчөө 98:86-гаар буулган авч, шинэ улирлыг ялалтаар эхлүүлэв. Чой Рю Ригийн мэдрэмжтэй дамжуулалтууд, Д.Дэлгэрнямын будагтай талбайд илүүрхсэн тоглолт багийнхаа ялалтад чухал нөлөө үзүүлсэн юм. Тус тоглолтын шилдэг тоглогчоор ОУХМ Д.Дэлгэрням нэрлэгдсэн юм. Түүний хувьд 31 оноо, 11 самбар, 3 оновчтой дамжуулалт өгчээ.



 


SBL Хасын Хүлгүүд – Ховд Мон-Алтиус (77:96)

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн улирлын ээлжит тоглолтод SBL Хасын Хүлгүүд, Ховд Мон-Алтиус багтай өрсөлдлөө. Ховд Мон-Алтиус Брэндон Моррис, М.Харрис, БНАСАУ-ын Сим Кум Бёл нараар хүчээ зузаатгажэ. Тэд мөн Г.Чинбатыг багтаа элсүүлсэн байна. Тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлсэн бөгөөд Хүлгүүдийн лидер Тунгалагийн Санчир эхний хагаст гэмтэл авч, тоглолтыг чөлөөлсөн юм. Ховд Мон-Алтиус багаас Б.Моррис талбайд бүх талд үнэхээр жигд тоглож байлаа. Улмаар Ховд Мон-Алтиус өрсөлдөгчөө 96:77-гоор буулган авч, шинэ улирлын анхны шуугианыг дэгдээв. Хүчирхэг Хүлгүүд Супер лигийн эхний тулаандаа ингэж бүдэрнэ гэж бодсон сагсан бөмбөг сонирхогч цөөхөн байсан биз ээ. Гол тоглогч Б.Билгүүн бэртлийн улмаас тоглолтод оролцсонгүй. Мөн багийн лидер Т.Санчир нь тоглолтыг дуусгаж чадаагүй нь тэдний ялагдалд нөлөөлсөн юм. Тоглолтын шилдэг тоглогчоор Ховд Мон-Алтиус багийн холбогч Брэндон Моррис шалгарчээ. Тэрбээр 34 оноо, 10 самбар, 11 оновчтой дамжуулалт, 13 бөмбөг таслалт гэсэн гайхалтай үзүүлтийг толилуулсан юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.