Эдийн засгийг сэргээх  “эмчилгээний жор”-ыг парламент хүлээн зөвшөөрөх үү

“Манай улс эдийн засгаа хямралаас гаргах ОУВС-ийн дэмжлэгтэй, хөтөлбөртэй, эдийн засгаа сэргээх, тогтворжуулах товлосон цаг хугацаатай болно” гэдгийн Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт дуулгалаа. Мөн өнгөрсөн долоо хоногт Монгол улс  энэ сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ төлсөн тухай “сайн” мэдээг Засгийн газрын зүгээс мэдэгдлээ. Үүний дараа багагүй хугацаанд хүлээлт үүсгээд байсан төсвийн тодотголыг өргөн барив. Уг нь намрын чуулганыг хаах үеэр “чуулганыг ээлжит бусаар хуралдуулна” гэсэн таамаг байсан ч парламент ээлжит бусаар чуулсангүй өнөөдрийг хүрсэн юм. 


Харин ирэх долоо хоногт хаврын чуулган нээлтээ хийхээр зэхэж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд хаврын  чуулган “хөшгөө нээдэг”.  Энэ удаагийн чуулган хамгийн түрүүн 2017 оны төсвийн тодотгоно. Сангийн сайд төсвийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг танах чиглэлд хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж мэдэгдэж байсан юм. Энэ хүрээнд хүлээгдэж байсанчлан зарим татварыг нэмэгдүүлж, зардал танах арга хэмжээнүүдийг тусгасан төсвийн тодотголыг өнгөрсөн долоо хоногт өргөн бариад буй.
Орлого өсгөх талд зургаан төрлийн татварыг нэмэгдүүлэхээр тусгажээ. Тухайлбал, архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх, автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар заажээ.

архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх, автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна


Харин зардал бууруулахад эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах, тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн эдийн засгийн идэвхжлийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аяныг эхлүүлэх, атрын III аяныг үргэлжлүүлэх арга хэмжээг эхлүүлэх, Төрийн албан хаагчийг цомхтгохоос зайлсхийж, харин одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал хэвээр хадгалах, Төрийн албанаас хууль, тогтоомжид заасан эрхийн дагуу чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд буюу 2017-2019 он дуустал хязгаарлах, хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх, эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот бүлгийн өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, оновчтой болгох ажлыг үе шаттай эхлүүлэх, төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөө бүхий шинээр батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.

Өргөн барьсан төслөөр, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувь буюу хоёр их наяд 774.1 тэрбум төгрөг байхаар байгаа юм. Өнгөрсөн 11 дүгээр сард 2017 оны төсвийн тухай хуулийг анх батлахад алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.1 хувь байхаар баталж байв. Харин хоёрдугаар сард Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт орох асуудлаар ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсний дараа Сангийн сайд одоогийн нөхцөлд төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 14.2 хувьд хүрэх төлөвтэй байгааг онцолж байсан юм. Сангийн яамны төсөөлж байгаагаар, Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого зургаан их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага найман их наяд 789.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7 хувь байхаар байна. Орлогыг 100 орчим тэрбум төгрөгөөр бууруулж, зарлагыг 200 гаруй тэрбум төгрөгөөр өсгөсөн тодотгол оруулж иржээ.


Монгол Улсын эдийн засаг сэхээнээс гарч жирийн тасагт шилжээд байгааг Засгийн газрын тэргүүн дуулгасан. Жирийн тасагт шилжсэн эдийн засгаа хэрхэн эмчилж эдгээх жороо боловсруулж парламентад өргөн барилаа. Харин одоо эмчилгээний жорыг парламент хүлээн зөвшөөрөх үү? ОУВС манай улсын сахилга батгүй, замбараагүй явж ирсэн төсөв санхүүгийн байдалд шүүмжлэлтэй хандаж, хатуухан “гар”-аар эдийн засгийг барина гэдгээ мэдэгдсэн. Тэдний энэ хүслийг эрх төрийн түшээд  ёсчлон биелүүлж, эдийн засгаа эмчлэх үү, эсвэл....
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zo 2017-03-27 08:20:15
    Gyuu
  • зочин  2017-03-27 05:47:59
    манайд МАн-н засаглал биш ОУВС-ийн засаглал тогтсон юм чинь зөвшөөрөхгүй гээд ч яах бил ээдээ. ямар дампуурлаа зарлаж, хятадын колони бололтой биш_ Харин