Долоо хоногийн тойм
Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн аймгаар их хэмжээний цас орж, зарим аймгийн замын хөдөлгөөнийг хаалаа. Мөн цас ихээр орсны улмаас Ерөнхий сайд Баян-Өлгий аймгаас эхлүүлэх байсан баруун аймгууд дахь томилолтын маршрутаа өөрчилсөн юм. Мөн Ерөнхий сайд орон нутагт ажиллах болсонтой холбогдуулан Засгийн газрын хуралдаан даваа гарагт  хуралдлаа.

Түүнчлэн ОУВС-ын хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан энэ оны төсвийг тодотголыг  Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Газрын тос боловсруулах үйлдвэр барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төрийн өмчит компани байгуулахаар тогтов
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд жил бүр 1-1.2 сая тонн шатахуун импортолж, үүнд нэг  тэрбум орчим ам.доллар зарцуулдаг юм.
Иймд Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд тулгуурлан 100 хувь төрийн өмчит компани үүсгэн байгуулах, компанийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтов.

Зургаан төрлийн татвар нэмэх төсвийн тодотголын өргөн барив

УИХ-ын дарга М.Энхболдод энэ сарын 24-нд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ.

ОУВС-ын  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу төсвийн тодотголын төсөлд тусгасан гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.

Үүнд:
1.Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх;
2.Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх;
3.Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх;
4.Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох;
5.Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх;
6.Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна гэж заажээ.

Төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлах юм байна.
 
Ирэх сарын 1-ээс автобус зөвхөн картаар үйлчилнэ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үчлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсон. Энэ талаарх шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт олон нийтэд мэдэгдлээ.

Иргэд картыг хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хяналтын ажлыг эрчимжүүлэх, автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулна. Шалгалтаар төлбөрөө төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх арга хэмжээг авах юм байна.

Одоогийн байдлаар карт цэнэглэдэг 438 гэрээт цэг ажиллаж байгаа юм. Ирэх сарын 1-н гэхэд гэрээт цэгийн тоог 500 хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Түүнээс гадна нийтийн тээврээр зорчихдоо иргэд дараах картын төрлүүдээс сонгон үйлчлүүлэх боломжтой юм.     Өөрт ойр байрлах ТҮЦ, Дэлгүүрүүдээс Энгийн болон Хүүхдийн U money картыг худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглүүлэн зорчих боломжтой аж.

МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн дахин сонгогдов

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн дахин сонгогдов. Тэрбээр 81 хүн буюу олонхын саналаар улиран сонгогдсон байна. Санал хураалтын үр дүнгээр Д.Загдсүрэн 81, Э.Мөнх-Очир 51, Ц.Бат-Энх 14 саналыг авсан байна.

Олимпийн хорооны ерөнхийлөгчид
Ц.Бат-Энх            Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Д.Загдсүрэн         Хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч
Э.Мөнх-Очир       Буудлага спортын холбооны ерөнхийлөгч
Л.Халтар              Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч нар нэр дэвшсэн. Харин Шагайн харвааны холбоон ерөнхийлөгч Я.Батсуурь, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Ч.Зоригтбаатар хоёр нэрээ татсан юм.  Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганд  олимп тив, дэлхийн аваргууд, спорт холбооны гишүүд нийлсэн 167 төлөөлөгч оролцов.
П.ГОО
Оллоо.мн

                                                                                             

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-26 04:38:40
    Манайхан ерөнхийлөгчөөсөө бөхөө хүртэл тангараг өргөдөг,гэтэл улс өрөнд ороод...Магадгүй тангаргийн утга ньр""улсаа унагана,урвана гэсэн утгатай юм болов уу...