Үерийн далан сувгууд шинээр барих шаардлагатай гэв

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров болон холбогдох албны хүмүүс өнөөдөр Улаанбаатар хотын үерийн далан суваг, барилга байгууламжийн нөхцөл байдалтай танилцлаа. СХД-ийн Толгойтын үерийн далан сувгийн нөхцөл байдалтай танилцсанаар ажлаа эхлүүллээ. Толгойтын үерийн далан суваг нь булгийн халиа дошин үүссэнээс дүүрч айл, өрхүүд рүү орох эрсдэл үүсдэг юм. Үүнээс урьдчилан сэргийлж Геодези, усны барилга байгууламжийн газар энэ өвлийн турш ажиллаж 1.3 км суваг гарган 850 куб метр мөсийг гаргаж холдуулсан байгаа аж. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 10, 12-р хорооны үерийн далан суваг болон БЗД-ийн 10-р хороонд булгийн халиа дошноос болж үүсээд байгаа нөхцөл байдал, шар усны үерээс урьдчилан сэргийлж авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцсан юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосны дагуу шар усны үерээс урьдчилдан сэргийлж Улаанбаатар хот дахь далан суваг, шуудууны нөхцөл бадалтай танилцаад явж байна. Улаанбаатар хотыг шар усны үерт автуулахгүй байхын төлөө Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ өвлийн турш булгийн халиа дошин үүсгэхгүй байх, далан сувгуудыг нээж, цэвэрлэх ажлыг хийсээр байна. Зарим хувь хүн, албан байгууллагууд үерийн далан сувгуудад хог хаягдлаа хаях, дээр нь барилга байшин барих, сэтэлж авто засвар гэх мэт үйл ажиллагаа явуулах зэргээр зөрчлүүд гаргаж байна. Далан сувгуудыг хааж орц, гарч хийсэн, дамнуулж барилга байшин барьсан зэрэг зөрчлүүдийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж яаралтай арга хэмжээг авна. Эхнээс нь бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран зарим зөрчлүүдийг арилгуулж, арга хэмжээ авч ажиллаж байна. Үерийн далан сувгуудын хувьд насжилт өндөр болсноос эвдрэл багагүй байна. Урсгал засвар хийх болон шинээр барьж байгуулах тал дээр анхаарч шаардлагатай хөрөнгө мөнгийг нийслэлийн төсөвт суулгах тал дээр анхааран ажиллана” хэмээлээ.  

“Нийслэлийн Онцгой комиссын албан даалгаварын дагуу Геодези, усны барилга байгууламжийн газар хэд хэдэн байршил дээр шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажилласаар байна. Булгийн халиа дошин үүсч далан дүүрч дулаарахад хайлж, шар усны үер үүсэх эрсдэл их байгаа. Үүнээс урьдчилан сэргийлж суваг гаргаж, гарсан мөсийг зөөж ажилаж байна” хэмээн Геодези усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров ярьж байлаа.

Нийслэлийн хэмжээнд 50 байршилд 140.5 км урттай далан судаг байдаг аж. Үүнээс 60 гаруй хувь нь хуучирч муудсанаас болж хана, хавтангууд нь ховхорч унасан зэрэг асуудлуудтай байгаа юм. Үерийн далан сувгуудад урсгал засвар  хийх, шинээр барьж байгуулах зайлшгүй шаардлага тулгараад байгааг албаны хүмүүс хэлж байлаа. Үерийн далан суваг, барилга байгууламж дээр үйл ажиллагаа эрхлэх, шороо асгаж битүүлээд газрыг нь зарах хүртэл зөрчлүүд илэрсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.