Брюсселийн гамшиг Лондонг дайрсан нь буюу Их Британи яагаад алан хядагчдын бай болов

2015 оны эхэн үеэс Европыг нөмөрсөн алан хядах ажиллагааны давалгаа Их Британид хүрчээ. Лондонд бартаат замыг саадгүй туулагч машин барьж явсан хэт даврагч Вестминстерийн гүүрэн дээгүүр явган зорчиж явсан хүмүүсийг дайрчээ. Үүнийхээ дараа тэрбээр парпаментын байрны дэргэд хүрч, цагдаа руу хутга барин халдсан байна. Энэхүү цуврал гэмт хэргийн улмаас халдлага үйлдсэн этгээд нийлээд таван хүн амиа алдаж, доод тал нь 40 гаруй хүн хүнд, хөнгөн бэртэл гэмтэл авсан байна. Хамгийн хачирхалтай нь уг халдлага Брюссельд болсон цуврал дэлбэрэлтийн нэг жилийн ой, Вашингтонд алан хядах ажиллагааны эсрэг бага хурал эхлэхтэй давхацжээ. Тэгвэл радикалуудын цаад санаа нь юу байсан хийгээд энэ удаад яагаад Нэгдсэн Вант улс өртөх болов?
 


 

Халдлагад оролцсон хүмүүсийн тоо, хэн болох, ямар үндэстэн бэ зэргийг цагдаагийн газраас тоггоосон ч дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Хууль сахиулагчид “Вестминстер” метроны станцыг хааж, Ерөнхийлөгчийн өргөө зэрэг парламентын ордны ойролцоох газруудыг бүслэлтэд авсан байна. Лондон хотын төвд сум нэвтэрдэггүй хантааз өмссөн, автомат буу барьсан хүмүүсээр дүүрчээ.
 
“The lndependent”-ийн өмнө нь мэдээлснээр халдлагыг нэг хүн үйлдсэн гэнэ. Энэхүү сэжигтэн нь Тревор Брукс нэрээрээ алдартай Абу Иззадин гэгч гэжээ. Тэрбээр алан хядагчийг санхүүжүүлэх мөнгө цуглуулсан, хэт даварсан үзлийг зөвтгөсөн хэргээр хоригдож байсан аж. Харин Иззадины өмгөөлөгчийн хэлсэнд үндэслэн ABC сувгийн мэдээлснээр Иззадин одоо ч хориход байгаа бөгөөд халдлага үйлдэх боломжгүй гэнэ.
 

ТАЙВАН БУС БРИТАНИ

 
Лондонд алан хядах ажиллагаа сүүлийн 12 жилийн турш гараагүй юм. Хамгийн сүүлчийн халдлагыг исламистууд 2005 оны долоодугаар сарын 7-нд үйлдэж байжээ. Өглөөний энэхүү цуврал дэлбэрэлтэд (гурвыг нь метронд, нэгийг нь автобусанд үйлдсэн) 52 хүн өртсөн байна. Энэ бол Нэгдсэн Вант улсын түүхэн дэх хамгийн том халдлага болж байлаа. Энэхүү цуврал дэлбэрэлтийг “Аль- Кайда” зохион байгуулсан гэжээ.
 
2005 оны долоодугаар сарын 21-нд дахин нэг цуврал дэлбэрэлт болох дөхсөн юм. Азаар бөмбөгнүүд нь тэсрээгүй тулдаа хотын иргэд аврагдсан байна. Үүнээс долоо хоногийн дараа цагдаа нар Лондон хотоос 40 км-ийн зайд орших Лутон xoтooc 16 тэсрэх төхөөрөмж суурилуулсан автомашин илрүүлж байв. Жихадууд Лидс дэх бөмбөг үйлдвэрлэгч нууц үйлдвэрийг илчилж, нийслэлийн шөнийн клубуудэд алан хядах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байжээ.
 
Лондонд аюулгүйн арга хэмжээг чангатгасан ч Британийн нийслэл хэн ч халдашгүй цайз мэт болж чадаагүй. 2011 оны наймдугаар сард хотын хойд хэсэгт гарсан эмх замбараагүй байдлаар цагдаагийнхан дургүйцлээ илэрхийлсэн залуусыг барьж хүчрэхгүй байлаа.
 
Харин 2013 оны тавдугаар сарын 22-нд Өмнөд Лондоны Вулвич дүүрэгт маш ноцтой гэмт хэрэг гарсан. Нигери гаралтай Майкл Адеболажо, Майкл Адебовале хэмээх Британийн хоёр иргэн цэргийн бөмбөрчин Ли Ригбиг сэлмээр цавчиж, бичлэг хийлгэжээ. Засаг захиргааныхан болсон үйл явдлыг алан хядах ажиллагаатай зүйрлэж байв.
 
Энэхүү аллага нутгийн иргэд болон үндсэрхэг үзэлтнүүдийг хилэгнүүлжээ. 2013 оны зургаадугаар сарын 27-нд цагдаа нар 75 настай тэтгэвэр авагчийг Бирмингемээс холгүйхэн орших Уолсолл хэмээх бяцхан хотын лалын сүмд дэлбэрэлт үйлдэхээр төлөвлөсөн хэмээн саатуулсан. Бөмбөг зургаадугаар сарын 21-22- нд шилжих шөнө дэлбэрсэн ч хэн ч өртөөгүй юм. Тэтгэвэр авагч эр Ли Ригбигийн аллагаас болж лалын шашинтнуудаас өс хонзон авах гэж байсан аж.

Тэгвэл 2016 оны наймдугаар сарын 3-нд Лондонд нэгэн ноцтой хэрэг гарсан юм. Британийн музейгээс холгүйхэн орших Рассел-скверт нэг эмэгтэйг хөнөөж, таван хүнийг шархдуулсан. Халдлага үйлдсэн этгээд таван минутын дараа баригдсан бөгөөд 19 настай, сомали гаралтай Норвегийн иргэн байжээ.

 
ХАЧИРХАЛТАЙ ДАВХЦАЛ

 
Их Британийн засаг захиргаа энэ сарын 22-нд гарсан алан хядах ажиллагааны шалтгааны талаар ямар нэгэн мэдэгдэл хийхээс зайлсхийж байна. Гэхдээ бүх шинжээчийн анхаарлаа хандуулсан хамгийн эхний асуудал бол энэ алан хядах ажиллагаа хоёр үйл явдалтай давхцаж байгаа гэнэ. Тодруулбал, Брюссель яг нэг жилийн өмнө 32 хүн алан хядах ажиллагаанд өртөж амиа алдсан, бас Вашингтонд Олон улсын алан хядах ажиллагааны эсрэг бараг хурал зохион байгуулагдсан билээ.
 
Энэ сарын 6-нд “Daily Express” сонинд Британийн тусгай ажилтнууд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд алан хядах ажиллагаа гарах 13 магадлалаас сэргийлж чадсан гэж бичжээ.
 

БЕЛЬГИЙН ГАШУУН ТУРШЛАГА

 
Бельгийн нийслэл Брюссель хотод яг нэг жилийн өмнө нисэх  онгоцны буудал болон ме “Малбек” станцад цуврал дэлбэрэлт болсон билээ. Энэхүү цуврал дэлбэрэлтийг “Исламын улс” бүлэглэл зохион байгуулжээ. Үүнээс хэдхэн сарын өмнө буюу 2015 оны арваннэгдүгээр сард Парист алан хядах ажиллагаа болоход Бельги улс аюулгүйн түвшнээ өндөрсгөсөн ч ийм харамсалтай үйл явдал болсон билээ.

Энэхүү алан хядах ажиллагааны нэг жилийн ойтой холбогдуулан 22-ны өглөө Филипп хаан Матильда хатныхаа хамт, түүнчлэн тус улсын Ерөнхий сайд Шарль Мишель амиа алдагсдын дурсгалын хүндэтгэн нисэх онгоцны буудал дээр нэг минут чимээгүй зогссон байна. Энэ үеэр өндөр албан тушаалтнууд, санамсаргүй явж байсан зорчигчид тэдэнтэй нэгджээ.
 
Өнгөрсөн жил Бельгид цуврал халдлага гарсны дараа хүмүүс хагас жилийн турш Брюссель рүү, эсвэл Брюсселээс нисэхээс айж байлаа. Харин өнгөрсөн арваннэгдүгэзр сараас эхлэн хүмүүс нисэх онгоцны буудлаар хэвийн үйлчлүүлэх болсон юм. Өнөөдөр энэхүү нисэх онгоцны буудалд нэвтрэхийн тулд тусгай хяналтад орох шаардлагатай болсон байна. Энд металл илрүүлэгч байрлуулж, хянагчид дотогш нэвтэрч буй хүмүүсийн цүнх, тээшийг шалгадаг болжээ. Нисэх онгоцны буудлын заал, хотын хүн ихтэй бусад хэсэгт зэвсэглэсэн армийнхан байнгын хяналт тавьдаг болжээ.


Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.