Усаа хэмнэвэл Улаанбаатараа аварна

НҮБ-аас жил бүр Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Хаягдал ус” гэсэн сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлж, гарц шийдэл ярилцаж, чиг хандлагаа тогтоох байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. “Хаягдал ус” гэхээр монголчуудын ой тойнд төдийлөн сайн буухгүй байж мэдэх юм. Нүүдэлчин соёл иргэншилтэй бидний хувьд усны хэрэглээ бусад улс орнуудаас арай өөр зарчмаар явж ирсэн онцлогтой. Сайн тал гэвэл усаа бохирдуулахгүй байх сэтгэлгээ монгол хүнд бага балчраас нь бат суусан байдаг. Харин саар тал гэвэл хот, суурин газрын бид цэвэр усандаа гамгүй ханддаг, хаягдал ихээр гаргадаг. Хэрэглэсэн усаа цэвэршүүлж дахин хэрэглэх тал дээр Монгол Улс өнөөдрийг хүртэл дорвитой алхам хийгээгүй. Жорлонгийнхоо бочкинд шууд ууж болохоор цэвэр устай тансаг улс орон дэлхий дээр Монголоос өөр байдаг болов уу гэмээр. Дэлхийн улс орнууд хаягдал усыг алдагдсан боломж гэж тодотгоод усны хомсдолоос гарах хамгийн шилдэг сайн арга гэж үзэх болжээ.

Улаанбаатар хотын тухайд хэдхэн жилийн дараа усны хомсдолд орно гэсэн дүгнэлтийг зарим судлаач хэлдэг. Мэдээж хэрэг аливаа баялгийн нөөц хязгаартай. Хэзээ нэгэн өдөр шавхагдана. Ялангуяа 650 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн Улаанбаатар хот эдүгээ 1.3 сая давсан хүнтэй болчихоод байхад усны асуудал толгой өвтгөх нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ нөөц дуусна, усгүй харангадна гэж нийгмийг айдаст автуулснаар юу ч өөрчлөгдөхгүй. Яг өнөөдрийн хувьд бол айсуй аюулаас хэрхэн сэргийлэх, цэвэр усныхаа нөөцийг хадгалах, нэмэгдүүлэх ямар стратеги барих вэ гэдэг л хамгаас чухал болчихоод байна. Усыг дахин ашиглах буюу саарал усны тухай олон жил ярьсан. Гэхдээ энэ бол ганц усыг цэвэршүүлээд дахин ашиглах төдий ойлголт биш. Барилга байгууламж шинээр барихдаа саарал усыг хэрхэн гарган авах шийдэлтэйгээр барих зэргээр цоо шинэ стандарт, амьдралын хэвшил бий болгох тухай маш өргөн цар хүрээтэй ойлголт гэдгийг анхаарах ёстой.

Нийслэлчүүдийн хэрэглээнээс өдөрт 150-180 мянган метр куб бохир ус гардаг. Ийм хэмжээний усыг энгийнээр хэлбэл бид шууд хаядаг. Хамгийн эхэнд дурдсанчлан “Хаягдал ус” гэсэн ойлголт ингэж бий болдог. Хэрэв энэ бохир усаа цэвэршүүлээд эргээд зүлэг ногоогоо услахаас авахуулаад янз бүрийн зүйлд ашиглаж чадвал Улаанбаатар хот усны гачигдалд орохгүй гэдгийг Монголын мянганы сорилтын сан болон Японы Жайка байгууллагын холбогдох судлагааны дүн, энэ чиглэлээр мэргэшсэн судлаачид онцлон хэлсэн байна лээ. Энэ чиглэлээр мэргэшсэн эрдэмтдийн үг усны хомсдолд ороод сөнөчих юм шиг яриад байдаг зарим хүнд нэгийг бодогдуулж байгаа болов уу. Тэгэхээр бидэнд усаа цэвэршүүлэх, дахин ашиглах, хурын усыг нөөцөлдөг болох, гадаргын усаа бүрэн ашиглах гээд гарц шийдлүүд бол бий. Усгүй болно гэж халаглахын оронд усаа хэмнэдэг, гамнадаг амьдралын хэвшлийг бий болгох нь бидний бас нэг аврал мөн.

Ус сувгийн удирдах газар нийслэлийн хэрэглэгчдэд жилдээ 52 сая шоо метр ус нийлүүлдгээс 14 хувь нь  орлого болдоггүй гэсэн тоон мэдээ байна. Үүнийг энгийн үгээр хэлбэл 100 литр уснаас 14 литр нь алдагдал болдог гэсэн үг юм. Олон жилийн настай шугам сүлжээ, зүй бус хэрэглээнээс энэ алдагдал үүсдэг. Улаанбаатар хотын усны алдагдал жил бүр буурч байгаа ч 14 хувь гэдэг дэлхийн бусад орны хотуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Тийм учраас усны алдагдлыг бууруулах чиглэлд Ус сувгийн удирдах газраас онцгой анхаарал хандуулахаар ажиллаж эхэлсэн нь Улаанбаатар хотынхны хувьд сайн мэдээ гэдгийг тодотгоё. Зөвхөн газрын гүний усыг ундандаа хэрэглэдэг тансагдуухан хэрэглээтэй нийслэлчүүдийн хувьд газрын гадаргын усыг хуримтлуулан бусад усны эх үүсвэрүүдийг хангах зайлшгүй шаардлага бий. Туул,    Тэрэлжийн бэлчирт Гадаргын болон хурын усыг хуримтлуулж унданд ашиглах зорилготой “Туул” усан цогцолборыг байгуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан нь усны нөөцөө  хамгаалах, нэмэгдүүлэхэд маш том алхам болсныг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Ус Сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү энэ цогцолборыг бодит ажил хэрэг болгох тал дээр онцгой анхаарч байгаа гэдгээ Байнгын хорооны хуралдаан дээр мэдэгдсэн удаатай. Усан цогцолбор барьчихвал гадаргын усаа хэрэглээд зогсохгүй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж ч бүрдэнэ.

 

ЯгөнөөдрийнхувьдУлаанбаатар хотынхны бидний сэтгэлийг хамгийн ихээр зовоодог асуудал бол Цэвэрлэх байгууламжийг шинэчлэл юм. Хавар, намартаа нийслэлчүүдийг эвгүй үнэрээр амьсгалах аргагүй болгодог. Тиймээс шинээр цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг хэн хүнгүй мэддэг болсон. Ус сувгийн удирдах газрын одоогийн дарга ажлаа авснаас хойш   энэ чиглэлд анхан шатнаас нь эхлэн идэвхтэй хөөцөлдсөний хүчинд Цэвэрлэх байгууламжийн асуудлыг зоригтойхон шийдвэрлэх шатандаа ороод байна. Улаанбаатарчууд бид шинэ Цэвэрлэх байгууламжтай болчихвол өмхий үнэрээсээ салж, тулгамдсан асуудал ард хоцорно. Дор хаяж ойрын 30 жилдээ нийслэлчүүдийн толгой өвдөхгүй болно.

Усны алдагдлыг бууруулах чиглэлээр бас нэгэн томоохон ажлыг нийслэлд хэрэгжүүлж эхлэхээр Ус сувгийн удирдах газрын мэргэжилтнүүд холбогдох судалгаа, тооцоог гаргасан байна. Тэд нийслэлийн ус дамжуулах шугам хоолойг шат дараатайгаар доторлох замаар усны алдагдлыг нэг оронтой тоо руу оруулж бууруулах боломжтой гэж үзэж байгаа ажээ. Ингэвэл өнөөх 14 хувьтай байгаа усны алдагдал дэлхийн бусад хотуудын хэмжээнд хүртлээ буурна гэсэн үг. Төр, засгийн зүгээс бодлогоор нэлээд ажлууд эхлүүлснийг сая дурдлаа. Харин амьдралдаа ус хэмээх чандмань эрдэнийг хэрэглэдэг, ашигладаг хүн бүхэн хэмнэх, гамнах зөв дадал зуршилтай болох нь хамгийн том ялалт байх болно. Усаа хэмнэвэл Улаанбаатараа аварч үлдэнэ гэдэг бодлыг тархиндаа, зүрхэндээ шингээж чадвал бид ангахгүй, цангахгүй. Хорвоогийн юмс хуучирдаг ч цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь өсөж байдаг. Үүний нэгэн жишээ бол хуучин нийгмийн үед хаа сайгүй харагддаг байсан “Дуслыг хураавал тонныг хэмнэнэ” гэсэн уриа юм. Цэвэр усны дусал бүрийг хураадаг, хайрладаг болчихвол усны гачаалд орохгүй юм даа.                                                                                                              

 
Г. Пүрэвсүрэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kk 2017-03-24 04:16:38
    er ni ulaanbaatariin us duuschixval amar bus uu? Uchir ni bugd Ulaanbaataraas nuugeed mongol oron dayar jigd tarxan suux bolno shuu dee...
    66.181.165.17
    Мэдэгдсэн Хариулах