Баянхонгороос Төв аймагт шилжсэн 5000 га

Засгийн газар 2015 оны есдүгээр сарын 7-нд баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах, зөвшөөрөл олгох тухай 359 дүгээр тогтоол бий. Тогтоолд дурдсанаар “Монголросцветмет” компанийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Түйн голын алтны шороон ордын XV-0035958, XV-004211 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн олговорт нь зориулж Төв аймгийн Заамар сумын нутагт 5000 га газар олгохоор шийдвэрлэжээ.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын цахим хуудаст тэмдэглэснээр Монгол Улсын хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй цөөхөн аймгийн нэг нь Төв аймаг юм. Тэр дундаа Төв аймгийн Заамар сум. Хариуцлагагүй уул уурхайн хөлд олон жил өртсөнөөс “тосон” Заамар “тоосон” Заамар болсон гэж нутгийнхан хэлцдэг. Нийт нутгийнх нь гуравны хоёр нь уул уурхайн лицензээр бүрхэгдэн, газар нутаг нь сүйдээд байна. Бараг уулын оройгоос өөр эрүүл газаргүй болж байна, ахиж битгий лиценз олгооч гэж нутгийн удирдлагууд шийдвэр гаргагчдад уламжилж иржээ. Гэтэл өөдөөс нь ийм шийдвэр гаргасан нь орон нутгийнхныг шүүхэд хандахад хүргээд байгаа мэдээлэл бидэнд ирлээ. Заамарчууд яагаад ийм шийдэлд хүрэв?



БАЯНХОНГОРЧУУД ЭСЭРГҮҮЦЭЖ ГАЗРАА АВЧ ҮЛДЖЭЭ


Засгийн газрын тогтоолд дурдсанаар анх Баянхонгор аймагт лиценз олгогдоод байж. Лицензийг цуцлах болсон нь нутгийнхны эсэргүүцэлтэй тулсан гэж орон нутгийн эх сурвалжууд хэлж байна. Түүнээс үүдэн Баянхонгор дахь лицензийг цуцлан Төв аймагт шилжүүлсэн тогтоолыг Засгийн газар баталчихаж. Уг тогтоолоор бол Заамар сумын Галтын талбай, Урт сайр, Хашаат овоот даваат, Цагаан галт гэх дөрвөн хэсэгт 5000 га талбайг хэсэгчилэн олгохоор Ашигт малтмалын газраас

/тухайн үеийн нэршлээр/ тусгай зөвшөөрөл олгогджээ.

Тусгай зөвшөөрлүүдэд дурдсан эдгээр газар нутаг нь Хайлааст баг, Заамар сумынхны хувьд уул уурхайн хөлд өртөөгүй эрүүл үлдсэн газар нутаг нь байсныг нутгийнхан хэлж байна. Хайлааст багийн Засаг дарга А.Ганцэцэгээс энэ тухай тодруулахад “Анх 2015 онд “Зэрэгцээ”

/“Монголросцветмет” компанийн охин компани/ компани газар хүсч ирсэн. Сумын ИТХ-аар хэлэлцүүлээд суманд ахиж газар олгохгүй байхаар шийдсэн. Нэмж газар олговол нутгийн иргэдийн эрх ашиг маш их зөрчигдөнө. Ялангуяа малчид малаа бэлчээрлүүлэх газаргүй, ундаалах голгүй болно. Заамар сум улсад 70 гаруй тн алт тушаасан ч хөгжиж чадаагүй. Тиймээс газар олгохыг зөвшөөрөөгүй. Гэтэл Засгийн газрын тогтоолоор манай сумын нутагт лиценз олгосон байсан. Уг олгосон талбай нь Хайлааст багийн газар нутгийн эрүүл үлдсэн хэсэг. Манайд үүнээс өөр эрүүл газар байхгүй” гэлээ.



БАЙГАЛЬ ОРЧИНД ХАЛТАЙ ГЭЖ ҮНЭЛЖЭЭ


Засгийн газар тогтоол батлахад, ер нь хууль цааз тогтоогч дээд байгууллагууд шийдвэр гаргахад дагаж мөрдөх хууль, журам гэж бий. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн орон нутгийн ИТХ-аас санал авах, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийхийг шаарддаг. Ингэхдээ нөлөөлөлд өртөх нутгийн иргэдээр хэлэлцүүлж санал авах зэрэг хуулийн процесс явагдсаны дараа зөвшөөрөл олгох ёстой. Харин Засгийн газрын 2015 оны 359 дүгээр тогтоол, Ашигт малтмалын газрын тусгай зөвшөөрөл олгосон дээрх шийдвэрүүдэд эдгээр процессоос хийгдээгүй ажээ. Хийгдсэн ч ач холбогдлоо өгөөгүйг эх сурвалжууд хэлж байна. Тухайлбал, байгаль орчны үнэлгээ хийхээр ажлын хэсэг өнгөрсөн онд Заамар суманд ажиллажээ. Ажлын хэсгээс Заамар сумын Галтын талбай, Урт сайр, Хашаат овоот даваат, Цагаан галтад тусгай зөвшөөрөл олговол байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж дүгнэсэн байна. Уг дүгнэлтийг ажлын хэсгийнхэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлснээр таг чиг болжээ.



ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖЭЭ


Төв аймгийн удирдлагууд Заамар суманд олгогдсон 5000 га газрын асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар Засгийн газарт асуулга хүргүүлсэн тухай эх сурвалж мэдээлэв. Асуулгын хариуд Засгийн газраас өмнөх Засгийн газрын шийдвэрийг үргэлжлүүлнэ гэсэн утга бүхий хариу ирүүлснийг хэлж байна. Орон нутгаас санал авахгүйгээр ард түмнийхээ эрх ашгийг зольсон Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж Заамар сумынхан шүүхэд хандахаар болжээ.

Зууны мэдээ
Б.Энхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.