Т.Баясах: Баянзүрх дүүрэгт шинээр  дөрвөн цэцэрлэг ашиглалтанд орно
Наадмын дараа намар гэж хөгшчүүд зүгээр нэг хэлээгүй бололтой. Жилийн дөрвөн улиралтай эрс тэс уур амьсгалтай, нүүдэлчин орны хувьд сэрүүний улирлын бэлтгэлээ эртнээс бэлтгэх ёстойг сануулж ийнхүү хэлсэн болов уу. Тэгвэл орчин цагт хотын иргэд наадмын дараанаас л хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэгт санаа зовж хаана ямар цэцэрлэг, сургуульд оруулах вэ хэмээн санаагаа чилээж эхэлдэг. Тиймээс бид Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясахтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Баянзүрх дүүргийн хувьд цэцэрлэгийн насны хэд орчим хүүхэд бүртгэлтэй байна вэ?

- Манай дүүргийн хувьд хамгийн их хүн амтай дүүрэг гэдэг утгаараа цэцэрлэгийн насны хүүхэд ч олон байдаг. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны 20 мянга орчим хүүхэд бүртгэгдсэн байгаа.

-Тэдгээрийн хэд нь цэцэрлэгт хамрагдаж байгаа вэ?

-Дээр дурдсан хүүхдүүдээс  өнгөрсөн онд 12 мянган хүүхэд  төрийн өмчит цэцэрлэгт хамрагдаж чадсан.

- Энэ жилийн хувьд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдэх хүүхдийн тоо харьцангүй багасах боломж байгаа юу?

-Өнгөрсөн  жилд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн хүүхдүүдээс энэ жил шинээр баригдаж, ашиглалтад орж байгаа дөрвөн цэцэрлэгт хамрагдах боломжтой. Шинээр баригдаж байгаа цэцэрлэгүүд 100-150 хүүхдийн ортой. Гэхдээ цэцэрлэгийн хүртээмж хомс байдлаас болж хүчин чадлаасаа илүү тоогоор хүүхэд авч хүмүүжүүлэх нь манай дүүргийн төрийн өмчит бүх л цэцэрлэгт байдаг үзэгдэл болоод байна. Тэгэхлээр шинээр баригдаж байгаа хүүхдийн цэцэрлэг заавал багтаамж, орны тоо гэхгүйгээр аль болох олон хүүхдийг хүлээн авах шаардлага л гарч байх шиг байна.

-Дээрх цэцэрлэгүүдээс гадна баригдаж ашиглатанд оруулахаар төлөвлөсөн сургууль цэцэрлэг байгаа юу?

-Манай дүүрэгт 2014 онд ашиглалтад оруулахаар дээрх дөрвөн цэцэрлэгээс гадна, улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19, 24 дүгээр хороонд цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор, 26 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль, 21 дүгээр хороонд  150 хүүхдийн ортой нэг, 200 хүүхдийн ортой нэг цэцэрлэг баригдаж байна. Мөн 27 дугаар хороонд Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн цэцэрлэг баригдаж байгаа.

-Өнгөрсөн хавар танай дүүрэгт байрладаг ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн барилгад нуралт өгч, хаалгаа барьсан. Энэ сургуулийн барилга хэзээ баригдах вэ?

-Хо Ши Миний нэрэмжит ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн барилгыг ашиглаж болохгүй гэдэг Мэргэжлийн дүгнэлт гарсаны дагуу сургуулийн үндсэн барилга хичээллэх боломжгүй болсон. Тиймээс тус сургуулийн ахлах болон дунд ангийн хүүхдүүд манай дүүргийн 92, 44 дүгээр сургуульд хуваагдан хичээллэнэ. Харин бага ангийн хүүхдүүд тус сургуулийн ард байрладаг өргөтгөлд хичээллэнэ. Сургуулийн барилгын хувьд 2014 оны улсын төсөвт нураах зардал нь суусан байх ёстой ч өнөөдрийг хүртэл нураагаагүй байгаа болохоор магадгүй ирэх жил нураах байх хэмээн хүлээж байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.