Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
 
С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийн ялыг хэвээр үлдээв
 
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн бүтэн өдрийн турш хуралдаж, анхан шатны шүүхийн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээлээ.
 
 

Анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Өнөөдрийн хуралд шүүгдэгч нар цахим онлайнаар хуралд оролцож буй. Харин хохирогчийн талаас УИХ-ын гишүүн асан С.Оюуныг төлөөлж, түүний төрсөн ах С.Баяр оролцсон ч шүүх хурлыг хаалттай явуулж байгаа учир оролцох боломжгүй хэмээн хурлыг орхин гарсан юм.Харин өмгөөлөгч Л.Энхсайхан тэднийг төлөөлж оролцож байгаа. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчид оролцсон юм.
 
Монгол цэргийн өдөр тохиов

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баяр , Монгол Цэргийн баяр  өнөөдөр тохиож байна.Оршин буй Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг халуун амь, бүлээн цусаараа дархлан өнөө бидэнд үлдээсэн Монгол төрийн өлмий дайчин эрсийн алдар сууг батжуулж, алдаршуулах зорилгоор харийн дайсныг эх орноосоо үлдэн хөөж ялалт байгуулсан түүхэн өдрийг МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН ӨДӨР хэмээж, тус өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.


Ноён уул, Тост тосонбумбын нурууны хилийн заагийг тогтоолоо

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа. Үүнтэй холбогдуулан тухайн газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй нь хэлэлцэн тохиролцож, цуцлах арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгасан юм.Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь хэмжээ 0.4 хувиар нэмэгдэнэ хэмээн Засгийн газрын хуралдаанаар үзлээ.
 

Түүнээс гадна Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа.

Дээрх газруудын хилийн заагийг 11837.05 га-гаар улсын тусгай хамгаалалтад авснаар нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэнэ гэв.  Ноён уулын тусгай хамгаалалтад авсан газар нутагт уул уурхайн ашиглалт, хайгуулын таван тусгай зөвшөөрөл олгосон байдаг байна. Тиймээс мөн Байгалийн нөөц газар, түүх, соёлын дурсгалт газрын нөхөн олговрын асуудлаар холбогдох талтай хэлэлцэн тохиролцож, шийдвэрлэх, мэдээллийн санд бүртгэхийг сайд, агентлаг, аймгуудын Засаг дарга нарт даалгалаа.
 
Жүдочид халз барилдав 

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа болж өндөрлөлөө.  Энэхүү тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдын эсрэг олон улсын хэмжээний мастерууд өрсөлдсөн юм. Нийт 50 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнд Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчдын баг илүүрхсэнээр  бооцооны эзэн боллоо.  Гавьяатууд өрсөлдөгчдөө 5:2-оор  хожсон юм.
 

Энэ тэмцээнд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдах болсон ОУХМ Г.Отгонцэцэг урилгаар ирж барилдсан нь олны анхаарлыг ихэд татаж байсан.Тэрбээр МУГТ М.Уранцэцэгийг дэлхийн давцанд сүүлийн  гурван барилдаанд илүүрхээд байсан билээ.  Хоёр бөхийн барилдааныг спорт сонирхогчид хүсэн хүлээж байлаа. Татамид үзэгчдийг шуугиулсаар гарч ирсэн барилдаанд  М.Уранцэцэг гавьяат илүүрхэж, Г.Отгонцэцэгийг яллаа.
 
Улмаар тэмцээний 60 кг жинд  МУГТ Д.Амартүвшин  ОУХМ Ж.Амарболдыг, 66 кг жинд МУГТ Г.Болдбаатар ОУХМ  Д.Төмөрхүлэгийг,     +100 кг жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр  ОУХМ Ө.Дүүрэнбаярыг,  48 кг жинд  МУГТ М.Уранцэцэг, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэгийг, 57 кг жинд МУГТ  Д.Сумъяа,  ОУХМ Л.Энхрийлэнг тус тус яллаа. Харин гавьяатуудын багаас 81 кг жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар  ОУХМ О.Ууганбаатарт,      63 кг жинд  МУГТ Ц.Мөнхзаяа  ОУХМ Б.Ганхайчид тус тус ялагдсан.

АН-ын дүрмийг бүртгэсэнгүй

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн хүрээнд өрнөсөн нэгэн үйл явдал бол Улсын дээд шүүх  Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг хүлээж авсан ч, намынх нь дүрмийн шинэчлэлийг бүртгэсэнгүй. АН-ын нэр бүхий гишүүд С.Эрдэнийг намаа удирдаж чадахгүй байна хэмээн ээлж дараалан мэдэгдэл хийж, ил захидал хүртэл илгээсний араас Дээд шүүх ийн шийдвэрлэв. Энэ талаар С.Эрдэнэ дарга хэлэхдээ  “180 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг байя гэсэн утга бүхий хоёрхон өөрчлөлт л Үндсэн дүрэмд орсон. Дотоод сонгууль зохион байгуулах асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн дагуу явж байгаа. Үндсэн дүрэмд хуулинд харшилсан заалт байхгүй” гэлээ. 


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-03-19 17:41:03
    Bulganin Zorigoos Erne Orosod alagddag Aldarjavitai amid arch bean gene! Tyyntei Susan by hen then duusdag so in um data.