Чандманыхан түрүү булаалдлаа
Монгол оронд Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 96 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан боллоо. Барилдааныг улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших тэргүүтэй бөхчүүд магнайлан барилдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ховд дэвжээ, Ньюпрогресс группийн бөх улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Улаанбаатар хотын харьяат, Хантайшир дэвжээ, Туушин компаний бөх улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэв.

Түрүү булаалдах барилдаан өрсөлдөөнтэй ширүүхэн эхэлсэн агаад Пүрэвсайхан заан өндөр гарьдын хөлийг нь шагайгаар шүүрч түрээд давж, тахиа жилийн эхний түрүүгээ авлаа. Энэ бол зааны дархан шахуу мэхүүдийн нэг болоод буй. Намс хийж суугаад л шагайгаар нь шүүрчихнэ. Наадмаас хойш бөхийн өргөөний барилдаануудад бараг зодоглоогүй Н.Ганбаатар гарьдыг бэлтгэл тун сайн байгаа, өнөөдөр сайн үзэх байх гэж барилдаан эхлэх үед дэвжээнийх нь нэгэн хэлсэн нь маргаангүй үнэн ажээ.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, ЗХ-ний 350-р анги, Монтек ХХК, Ховд дэвжээний бөх улсын харцага Б.Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спорт хороо, Увс нуур дэвжээний бөх улсын харцага Н.Жаргалбаяр нар шалгарав. Гарьд Ганбаатар Бат-Өлзийг амалж, урдуураа гүйлгэж татаад ард нь гарч дөрвөн хөллүүлээд хаясан бол Пүрэвсайхан Жаргалбаярыг давхар шуудагнаас түрж хөөн давсан юм.

Дунд шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших, у.ө.и.н Л.Цэрэнтогтох нар үлдэв. Ноднин жилийн цэргийн баярын барилдааны түрүү бөх Бат-Орших харцага тус барилдаанд 7 дахь удаагаа шөвгөрч, тахиа жилийн гурван барилдаанд дараалан шөвгөрсөн амжилт үзүүлж байгаа нь аргагүй л онцлог аж.

Нэгийн даваанд улсын цолтнуудаас харцага А.Бямбажав а.н З.Мөнхтулгад, начин Г.Баасандорж а.н Э.Сумъяабатад, начин Э.Даш а.н Ж.Бямбадоньдод өвдөг шорооджээ. 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.