Я.Цэнджав: Цэргийн хүн тангараг өргөсөн бол тушаал биелүүлэхэд бэлэн байх ёстой
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд  цэргийн албан хаагчид болон тэтгэвэрт гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлж, шинээр батлагдсан Батлан хамгаалахын багц хуулийн танилцуулгыг хийлээ. Батлан хамгаалахын багц хууль нь анхлан батлагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Батлан хамгаалах болоод Зэвсэгт хүчний тогтолцоо, цэргийн алба хаагчдын эрх зүйн байдал, төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага ААН, байгууллага, иргэдийн эх орноо батлан хамгаалах талаар хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж ирсэн. Харин “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “МУ-ын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “МУ-ын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт заасан эрх зүйн үндэс, үзэл баримтлалд нийцүүлэх өнөөгийн нөхцөл байдалд тохируулан МУ-ын Батлан хамгаалах багц хуулиудыг шинэчлэн сайжруулах шаардлага гарсан.Энэ дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нд  Батлан хамгаалах багц хуулийг батласан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан шинээр батлагдсан гарсан багц хуулиудын талаар танилцуулга хийсний дараа алба хаагчид болон тэтгэвэрт гарсан ахмадууд Батлан хамгаалах яамны холбогдох албаны хүмүүс болон УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас асуулт асууж, хариулт авлаа.

Энэ үеэр хурандаа Я.Цэнджавын байр суурийг сонслоо.


-Сайн байна уу. Танд Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын мэнд хүргэе?

-Сайн байна уу. УИХ-ын гишүүн Ж.Батзандан манай салбарын ахмадуудыг хүлээн авч, санаа бодлыг нь сонсож байгаад талархалтай байна. Миний хувьд цэрэг армид 30 гаруй жил алба хаасан. Тэтгэвэрт гарахаасаа өмнө Инженерийн ангийн захирагчаар ажиллаж байсан.

Бид Зэвсэгт хүчний баяр тэмдэглээд 96 жил болж байна. 96 жил өнгөрөхөд  анги салбарууд цөөрчихсөн, зэвсэг техник нь хуучирсан байдалтай л байна. 1970, 1980-аад оны техникүүд бүгд хоцрогдсон байдалтай л байна. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд дээрдэх байх гэж найдаж байна. Бидний үеийг бодвол цэрэг армийнханд тавьж байгаа шаардлага буурсан шүү дээ. Бидний үед дайн болох гэж байгаа юм шиг л нөхцөлд ажилладаг байсан. Тэр үед хатуу байсан. Одоо бол хойд урд  хөршөөс довтоод ороод ирнэ гэсэн юм байхгүй. Үүнтэй холбоотойгоор цэрэг армийнхны үүрэг нэлээд суларч байгаа юмуу гэмээр ажиглагдаж байна. Төр Засгаас анхаарах анхаарал, халамж  нь ч муудсан байна. Энэ байдал боловсон хүчний бодлогоор тодорч харагддаг.

-Таны зүгээс хэлэлцүүлгийн үеэр Батлан хамгаалах салбарын боловсон хүчний асуудалд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлж байсан?

-Цэрэг армид олон төрлийн мэргэжил бий. Тэр мэргэжлүүдээр гадаадын хэд хэдэн оронд мэргэжилтэн бэлтгэдэг. Гэвч гадаадаад  сурч, мэргэжил эзэмшээд ирсэн хүмүүсээ мэргэжлийнх нь дагуу томилгоо хийдэггүй. Нэг үгээр улс эх орноо батлан хамгаалах чадвар,  мэдлэг боловсрол чадварыг нь харж томилгоо хийхээс илүү танил талаараа албан тушаалын томилгоо ихээр хийгдэж байна. Жишээлбэл, Батлан хамгаалах яамны ард талын удирдах газрын  дарга байсан хүн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хийж байна. Энэ бол бидний үед байж болохгүй зүйл. Тактикийн бодлогын асуудлыг ар талынхан хэзээ ч боловсруулж байгаагүй. Одоо ч чадахгүй хэвээр байгаа гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа ийм байдлаар явах юм бол  Батлан хамгаалах яамны стратег тактикийн бодлого үндсэндээ унана аа. Бидний хэдэн ахмадууд энэ тал дээр санал нэгддэг. Боловсон хүчний бодлого алдагдаж байгааг засах хэрэгтэй. Батлан хамгаалах яаманд Тагнуулын алба гэж байсан. Тагнуулын алба гэдэг бол байлдааны үед цэргийн нүд чих нь гэсэн үг. Гэтэл Батлан хамгаалах яам энэ газраа Тагнуулын төв газарт өгчихсөн гэх мэт шүүмжлэлтэй хандаж байгаа асуудлаа хэлсэн юм.

-Батлан хамгаалахын салбарт насаараа зүтгэсний хувьд цэрэг армийнхнаа ямар байх ёстой гэж боддог вэ?  
-Цэргийн хүн бол эх орноороо бахархдаг, эх орондоо бие сэтгэлээ зориулсан хүн байх ёстой. Учир нь тэр хүн тангараг өргөсөн. Тангараг өргөсөн хүн гэдэг нь ямар нэг хэмжээгээр эх орныхоо төлөө “мэдлээ гүйцэтгье” гэсэн тушаалыг аваад үүргээ гүйцэтгэдэг л байх ёстой. Эх орныхоо төлөө амь насаа өгөхөөс шантрахгүй байх нь цэрэг хүний бахархал байдаг. Цэргийн хүн тангараг өргөсөн бол тушаал биелүүлэхэд бэлэн байх ёстой.  96 жил гэдэг чинь бараг 100 жилийн түүх л биз дээ. Энэ 100 жил цэрэг армийнхан эх орныхоо энхийн манаанд зогсож өнөөдрийг хүрсэн байна. Их тэмцэл, ажил хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр энэ армиа улам бэхжүүлж, бүхий л цаг үед бэлэн байж, эх орны төлөө бүхий л цаг үед бэлэн байдалд байх ёстой. Бүх алба хаагчдадаа Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын мэнд хүргэе.

П.ГОО
Оллоо.мн
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2017-03-18 10:48:40
    Тэтгэвэрт гарсан гэдэггүй юм даа. Чөлөөнд гарсан ахмадууд гэж нэрлэдэг юм шүү дээ.