Явуугийн өдөр тохиолоо

Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг уран зохиолын хүрээнийхэн Явуугийн өдөр хэмээн онцолж, яруу найргийн баяр болгон тэмдэглэдэг. Учир нь энэ өдөр Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсэн өдөр билээ. Тиймээс энэ өдөр их найрагчийг дурсан хүндэтгэдэг уламжлал тогтоод 30 гаруй жил болсон байна.

Явуу найрагчийг тэнгэрт хальсны дараа жил буюу 1983 онд яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, Л.Мягмарсүрэн, Д.Цогт, Ц.Ойдов, Ү.Хүрэлбаатар, Л.Дамдиндорж, Я.Баатар зэрэг шавь нар нь мэндэлсэн өдрөөр нь Алтан өлгий дэх хөшөөнд нь цэцэг тавьж, багшийнхаа дурсгалыг хүндэтгэсэн. Энэ үеэр дорнын их найрагчийн мэндэлсэн өдөр гуравдугаар сарын 15-ныг Явуугийн өдөр хэмээн нэрлэж байхаар тогтсон юм.

Энэ жилийн Явуугийн өдрийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэл, “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл хамтран “Явуугийн үдэш” нэртэйгээр уншигч, зохиолчдын уулзалт, яруу найргийн чөлөөт уншлагыг зохион байгуулав. Энэхүү үдшийн уулзалтад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Д.Цэдэв, Б.Явуухулангийн шавь, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч Д.Чинзориг, яруу найрагч Д.Сүхбаатар, Ж.Батцэцэг, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва нар болон үе үеийн зохиолч, яруу найрагчдын төлөөлөл, уншигчид хүрэлцэн ирсэн юм. “Явуугийн үдэш”-ийн хүндэт зочдын нэг нь соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв байлаа. Тэрбээр зохиолчдын хороог олон жил удирдаж байсан  бөгөөд Явуу найрагчтай хамт Зохиолчдын хорооны удирдах зөвлөлд 17 жил хамт ажиллсан ажээ. Тиймээс их найрагчийг хувь хүн талаас нь ч тэр, уран бүтээлийнх нь хувьд ч гэсэн сайн мэдэх нэгэн. Д.Цэдэв доктор дорнын их яруу найрагчийн уран бүтээлийн онцлог, Явуухулан судлалын талаар ярьж, зарим бүтээлийнх нь түүхийг онцлон сонирхуулсан юм.

Мөн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн номзүйч В.Түвшинтогтох Б.Явуухулангийн ном зүйн судалгааны ажлын талаар танилцуулж, Явуухулан найрагчийн анхны ном болох “Бидний хүсэл”-ээс эхлээд бүхий л шүлэг, найраглал, орчуулгын номуудыг дэлгэж, МЗЭ-ийнхэн их найрагчийн амьдралын ховор агшнуудыг буулгасан гэрэл зургийн үзэсгэлэн толилууллаа.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-17 04:18:17
    Зөв шүү Явуугийн өдрийг уламжлал болгон тэмдэглэж байгаа нь сайшаалтай.
    139.5.219.189
    Мэдэгдсэн Хариулах