Нийслэлийн 9 дүүрэгт Засгийн газрын гишүүд ажиллаж байна

Нийслэл хотын тэлж, хүн ам нэмэгдэхийн хэрээр шийдвэрлэх, шийдүүлэх тулгамдсан асуудал их болсон. Монгол Улсын нийт хүн амын 53 хувь нь ажиллаж амьдарч байгаа Улаанбаатар хотын зарим дүүрэгт л гэхэд 5 аймгийн хүн амтай тэнцэхүйц иргэд оршин сууж, хөдөлмөрлөж байна. Тиймээс  Засгийн газрын гишүүд дүүргүүдийн үйл ажиллагаа, бодит байдалтай газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзаж, тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхээр өнөөдрөөс ажиллаж байна.

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Баянгол дүүргийн гэр хорооллын болон ашиглалтын шаардлага хангахгүй  барилгын дахин төлөвлөлт, орон сууц, нийтийн аж ахуйн асуудалтай танилцаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Хан-Уул дүүргийн Биокомбинат, Туул голын ай сав газар болон орчин үеийн хороолол, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажилтай танилцаж байгаа юм.

Эрчим хүчний сайд П.Ганхүү Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсийн цахилгаан хангамж, эрчим хүчний хөнгөлөлтийн тариф, инженерийн шугам сүлжээний хүчин чадлыг өргөтгөх асуудлаар албаны хүмүүстэй ажиллаж эхэллээ. Чингэлтэй дүүргийн сургууль цэцэрлэгийн хүртээмж, спортын барилгын асуудал болон нийгмийн үйлчилгээний дэд бүтэц гээд салбарын яамны эрхлэх асуудлаас гадна Засгийн газрын түвшинд хэлэлцэж, нэн яаралтай шийдэх тулгамдаад байгаа  асуудлыг ч дүүрэгт нь очиж, иргэдтэй нь уулзаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа агентлагийн дарга нар, дүүргийн удирдлагуудтай  хамтдаа ажиллаж байна. 

Маргааш  нийслэлийн  Багануур, Багахангай, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт Засгийн газрын гишүүд мөн ажиллана. Хоёр өдөр ажилласан сайдууд хотын өмнө тулгамдаад байгаа, нэн яаралтай шийдэх асуудлуудыг Засгийн газрын ээлжит хуралдаанд нэгтгэж танилцуулах юм. НИТХ ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд,  нийслэлийн  Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зэрэг хот, дүүргийн удирдлагууд Засгийн газрын гишүүдтэй хамт ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.