Гоё нэртэй гоо сайхны газруудын алинд нь итгэх вэ
Оросын их зохиолч Феодор Микайлович Достоевскийн хэлсэн “Гоо сайхан ертөнцийг аварна” хэмээх үг эдүгээг хүртэл дэлхий ертөнцийг шуугиулж, тэр дундаа дэлхийн өнцөг булан бүрт суугаа эмэгтэйчүүдийг галзууруулах шахаж байгаа гэхэд болно. Цаг хугацаа өн­гө­рөх тусам эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнтэй байх хүсэл тэ­мүү­лэл улам ихэсч, түүнийг дага­сан шинэ гоо сайхны бүтээг­дэхүүн, энэ төрлийн үйл­чил­гээ үзүүлдэг газрууд ч олшров.
 
Монголчууд “мода”-ноос хоцордоггүй гэснийг батлах гэсэн мэт аль хэдийнэ гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд их хотын гудамжинд өөр өөрийн үнэ ханшийг тогтоон, элдэв төрлийн үйлчилгээг охид бүсгүйчүүд төдийгүй залуучуудад ч хүргэн хаяа, хаяагаа дэрлэн байршиж байна. 6D, омбер шивээс, маникюр, педикюр, ботокс, эхэсийн тарилга хийнэ, батга эмчилнэ гэх зэрэг хэн бүрийн эмзэг сэдвийг хөндсөн, нүдэнд дасал болсон хаягтай гоо сайхны газрууд байх. Эдгээр газруудын үнэ ханш, үйлчилгээ харилцан адилгүй. Мөн эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан, тусгай зөвшөөрөлтэй эсэх нь ч тодорхойгүй байдаг.
 
Тиймээс манай сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аараа нийслэлд үйл ажиллагаа явуулж буй “гоо сайхны үйлчилгээ үзүүлнэ” гэх тодотголтой газруудыг онцлон бэлтгэлээ. “Гоо сайханд золиос хэрэгтэй” гэх хэнэггүйхэн үг бүсгүйчүүдийн дунд элбэг. Тэглээ гээд амь насаа золионд тавьж болохгүй шүү дээ. Нэгэнт та гоо үзэсгэлэнгийн төлөө санхүүгийн золиос гаргаж байгаагаас хойш аюулгүй, чанартай үйлчилгээг тухайн байгууллагаас авах ёстой.
 
Гэвч “Таны үрчлээг хормын төдийд арилгах эмчилгээний тарилгыг манай салон оруулж ирсэн” гэх үлгэрийн мэт телевизийн захиалгат нэвтрүүлэг, сэтгүүл дээрх зар сурталчилгааг бид нэг үзээд л, тэр үйлчилгээг очоод хийлгэчихдэг. Тэр бүү хэл сүүлийн үед фэйсбүүк хуудсаар дамжуулан сурталчилж буй хямдхан шивээсийг ч хийлгэж байна, бүсгүйчүүд. Гэхдээ энэ бүх үйлчилгээг бид хаа таарсан газраасаа аваад байх ёстой юу. Эсвэл эдгээр газрууд бүгд л нэгэн төрлийн үйлчилгээг үзүүлдэг ч яагаад нэг нь тэнгэрт хадсан өндөр үнэтэй байхад нөгөөх нь хямд үнэтэй байгаад байна вэ гэх асуултыг хааяа ч гэсэн өөрөөсөө асууж үзсэн үү. Тэгвэл учир ийм байдаг байх нь. 
 

ЭМЧИЛГЭЭНИЙ ГОО САЙХНЫ ГАЗРУУДЫН 60.7 ХУВЬ НЬ ЗӨРЧИЛ ГАРГАСАН
 

Тиймээс манай сурвалжлах хэсэг юун түрүүнд энэ бүх асуултад хариулт авахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг зорилоо. Бид тус газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгальмаатай уулзаж, эмчилгээний гоо сайхан болон гоёлын гоо сайхны газрын ялгаа, тус газруудад хийгдсэн хяналт, шалгалтын талаар зарим зүйлийг тодруулсан юм
 
-Эмчилгээний гоо сайхан болон гоёлын гоо сайхны газрын үйл ажиллагааны ялгааны талаар иргэд сайн мэддэггүй. Энэ хоёр байгууллага иргэдэд ямар үйлчилгээ үзүүлэх ёстой байдаг юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?
 
-Хүний арьсны гоо сайхантай холбоотой эмгэгийг эмчлэх буюу засал хийх, арьс гэмтээх үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд түүнд чиглэсэн зөвлөгөө өгөхийг эмчилгээний гоо сайхны үйлчилгээ гэдэг. Энэхүү үйлчилгээг явуулах эрх бүхий байгууллагыг эмчилгээний гоо сайхны газар гэж нэрлэдэг. Энэ тодорхойлолтоос үзэхэд хүний арьс салстыг цоолж байгаа л бол эмчилгээний гоо сайхны үйлчилгээ болно. Эмчилгээний гоо сайхны үйлчилгээг явуулахын тулд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан тавигдах шаардлагыг хангаж эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах ёстой байдаг.
 
Ингэхдээ зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, мэргэжлийн  мэргэшсэн боловсон хүчин, үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл, хүчин чадалд тохирсон болон эрүүл ахуйн шаардлага хангасан багаж төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангаж тусгай зөвшөөрөл авдаг. Харин гоёлын гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй газрууд арьс салстыг гэмтээх үйлчилгээ үзүүлдэггүй. Зөвхөн массаж, гоёлын будалт, маникюр, педикюр зэрэг үйл ажиллагааг гоёлын гоо сайхны газар хийдэг гэж ойлгож болно. 
 
-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эмчилгээний гоо сайхны газруудад хяналт, шалгалт хийсэн үү. Шалгалтын үр дүн хэрхэн гарсан бэ?
 
-НМХГ-аас 2016 оны 9-10 дугаар сард “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Эмчилгээний гоо засал, гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, гоо сайхны салон, гоёлын гоо сайхны газруудад хяналт шалгалт хийгдсэн.
 
Энэхүү шалгалтад эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 39 эмнэлэг хамрагдсан. Шалгалтын явцад эмнэлгүүдэд эмчилгээ, оношлогоо, урьчилан сэргийлэх ажлын стандартын удирдамжийн мөрдөлтөд /тусламж үйлчилгээний чанарт/ төлөвлөгөөт болон явцын үнэлгээ хийж үр дүнг тооцож ажиллаагүй зөрчил нийт шалгалтад хамрагдсан газруудын 70.6 хувьд илэрсэн. Мөн эмчилгээний гоо сайхны газруудад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтны гаргасан алдаа, зөрчлөө бүртгэж, алдааны сан бүрдүүлэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ашиглах талаар тодорхой хийсэн ажил байхгүй  зэрэг зөрчлүүд илэрсэн. Цаашид эмнэлгүүд тусламж, үйлчилгээний чанарт тавигдах дотоодын хяналт шалгалтыг сайжруулж, холбогдох тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах шаардлагатай байна.
 
Гоёлын гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад, шивээс, цоололт, тарилга, ботокс, эхэсийн тариа эмчилгээ, филлер эмчилгээ  гэх мэтчилэн олон үйлчилгээг хийж байгаа нь тусгай зөвшөөрөлтэй  арьс гоо заслын эмнэлэгт хийх үйлчилгээнүүдийг үзүүлж, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх явдал гарсаар байна. Энэ бол гоёлын гоо сайхны газрын хийх ёстой ажил биш. Эмчилгээний гоо сайхны хийх ажил.
 
Тэгэхээр ард иргэд энэ талаар мэдэж байх хэрэгтэй. Эмчилгээний гоо сайхны газар нь хүний арьс салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулах, цоолох үйлчилгээг үзүүлдэг, тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн боловсон хүчинтэй, аюулгүй ажиллах багаж төхөөрөмжтэй байх юм байна гэж ойлгож болно. Хэрвээ тухайн иргэн аливаа арьс салстыг цоолох үйлчилгээ хийлгэхээр болбол “Тухайн газрынхан эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, мэргэшсэн боловсон хүчиний эмчлэх эрхийн зөвшөөрөл, үнэмлэхийг үзэж асууж харж байж уг үйлчилгээг авах нь зүйтэй. Ингэснээр өөрийгөө аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж чадна.
 
Албаны хүн ингэж ярьж байна. Эндээс харахад, бидний хөмсөг шивүүлдэг, ботокс хийлгэдэг газрууд эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бус гоёлын гоо сайхны чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй байдаг гэдгийг ойлгосон биз ээ. Энгийнээр хэлэхэд, нүүр будах, массаж, иллэг хийх эрх бүхий байгууллагад иргэд итгэл дүүрэн өөрийн гоо сайхныг даалгаж болохгүй гэсэн үг. Хэнэггүй байдал, хээгүй зангаасаа болж хохирсон хүмүүс ч цөөнгүй байдаг юм билээ. Ингээд манай сурвалжлах хэсэг албаны эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй гоо сайхны газруудыг зорилоо. 
 

ЧИЙГ ХАНХАЛСАН ӨРӨӨНД ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛЖ БАЙВ
 

Гэрэл муутайхан бүүдгэр коридороор явсаар хаалга нь хагас онгорхой өрөөнд тулж ирлээ. Хаалгыг нь түлхэж, өрөөнд ортол чийг ханхлуулсан умгар өрөөнд эмнэлгийн цагаан халад өмсч, маск зүүсэн 20 гаруй насны эмэгтэй 40 орчим насны эрэгтэйн батгыг шахаж байгаа харагдав. Тэрбээр гартаа батга шахагч зориулалтын зүү барьсан бөгөөд өрөөний баруун, зүүн талд тус тус нэг хүний ор байрлуулжээ.
 
Орыг өнгө нь гандаж, үл ялиг бөөстсөн цагаан өнгийн бүтээлгээр бүтээсэн байв. Үйлчлүүлэгч эрэгтэй зүүн талын орон дээр хэвтсэн хэдий ч түүний гутал баруун орны хажууд байх аж. Хоёр орноос өөр мэргэжлийн тоног төхөөрөмж гэх юм тус салон дотор харагдсангүй. Өрөө нь ч гэрэл муутай юм. Энэ газар бол XI хороололд байрлах нэгэн гоо сайхны салон. Гадна талдаа “6D, омбер шивээс, маникюр, педикюр хийнэ. Пудрын хор тайлна.
 
Батга эмчилнэ” гэх том хаяг өлгөсөн тул нүдэнд өртөж орж ирсэн нь энэ. Гоо сайханч эмэгтэйгээс энэ төрлийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг лавлан асуувал “Мэдээж Мэргэжлийн хяналтын газрын зөвшөөрөлтэй байж үйл ажиллагаа явуулна шүү дээ. Санаа зовох зүйл байхгүй. Найдвартай хийнэ. Манай будаг герман будаг. Хоёрын хооронд хоёр сар болоод арилах будгаар будуулж байхаар чанартай хийлгэсэн нь дээр” хэмээн зөвлөв. Тус салон 6D шивээсийг 120 мянган төгрөгөөр хийдэг гэнэ. Хэрвээ хөмсөг шивүүлэх бол урьд өдөр нь цаг авдаг аж. Мөн батганы эмчилгээг 7-10  хоногийн  хугацаанд 75-155 мянган төгрөгөөр хийдэг байна. Тус салоны байранд үсчин хамт байрлах бөгөөд коридортоо хэдэн хуучирсан алчуур хувцас хатаагчид өлгөсөн харагдав. Энэ бол нийслэлийн өнцөг булан бүрт байрлах захын нэг гоо сайхны газрын дүр төрх.
 
Дээр ярилцлага өгсөн НМХГ-ын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгальмаа эмчилгээний гоо сайхны газрын үйл ажиллагаандаа мөрддөг “Эрүүл мэндийг хамгаалах технологи-Арьс, эмчилгээний гоо заслын оношлогоо, эмчилгээний түгээмэл үйлдлүүд MNS  5603:2006” стандарт байдаг хэмээн ярьсныг энд онцолъё. Энэхүү стандартыг Монгол Улсын Эрүүл мэндийн хуулийн хүрээнд арьс-эмчилгээний гоо заслын чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй өмчийн бүх төрөл, хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүд үйл ажиллагаандаа дагаж мөрддөг аж. Тус стандартын нэг хэсгээс дурьдахад арьс гоо заслын үзлэгийг байгалийн, өдрийн болон зохиомол гэрэлтүүлэгтэй, саруул, агаарын хүчтэй урсгалгүй 22-23 хэмийн дулаантай тасалгаанд хийнэ хэмээн тусгажээ.
 
Гэвч манай улсад үйл ажиллагаа явуулж буй эмчилгээний гоо сайхны зарим газрууд байрны хонгилд ч байрладаг. Энэ мэтчилэн эрүүл ахуйн шаардлага хангаагүй газрууд тусгай зөвшөөрлийнхөө дагуу биш, өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар байна. Энд нэг зүйлийг онцлоход гоёлын гоо сайхны тусгай зөвшөөрлийн дор үсчин, гоо сайханчийн сургалтад сууж үнэмлэх авсан эсэх нь үл мэдэгдэх хүмүүс эмчилгээний гоо сайхны үйл ажиллагаа эрхэлж буй нь эндээс харагдаж байна. 
 
 

З.БОЛОРМАА: МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС ТЕХНОЛОГИЙН ӨНДӨР ТӨВШИНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ ГЭДЭГ ИХ ЧУХАЛ


Манай сурвалжлах хэсгийн дараагийн зорьсон газар бол олны нэрлэж заншсанаар “баячуудын хороолол” гэгддэг Зайсангийн энгэрт байх нэгэн хороололд байрлах “Mountain Beauty center” байлаа. Орчин үеийн өнгө дизайныг шингээсэн барилгатай, төмөр хашаагаар хүрээлэгдсэн тус төв цэвэрхэн тохилог орчинг бүрдүүлжээ. Гоо сайханчид нь ч эелдэг харилцааг эрхэмлэж, үйлчлүүлэгчдээ хүндэтгэж харьцана. Энэхүү төв нь бясалгал, массаж, арьс арчилгаа, маникюр, педикур, хөмсөгний шивээс, make up,  бариа засал гээд төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Мөн хөмсөгний 6D шивээсийг америк, солонгосын сайн чанарын будгаар арьсыг гэмтээхгүй, өвдөлтгүй шивдэг бөгөөд үнийн хувьд 200-300 мянгын хооронд байдаг хэмээн тус төвийн гоо сайханчид онцолсон.
 
Харин арьс арчилгаа нь төрлөөсөө хамаарч 50-250 мянган төгрөг байдаг аж. Бид тус төвийн захирал З.Болормаатай уулзаж, зарим зүйлийн талаар ярилцсан юм. Тэрбээр “XXI зуун бол гоо сайхны зуун шүү дээ. Тиймээс эмэгтэйчүүд гоо сайхандаа их анхаардаг болсон. Өөр газруудтай харьцуулахад үнийн зөрүү мэдээж байгаа. Мэргэжлийн хүмүүс технологийн өндөр төвшинд хийж гүйцэтгэнэ гэдэг их чухал. Манайх энэ зарчмаар л ажиллаж байгаа.
 
Мөн манайх Монголд анх удаагаа физик эмчилгээний технологийг оруулж ирсэн.  Эмэгтэй хүнд ялангуяа төрсний дараа, жил өнгөрөх тусам тулгардаг нэг бэрхшээл бол яах аргагүй үтрээны булчингийн сулралт болон шээс задгайрах эмгэг байдаг. Энэ төрлийн эмгэгт зориулсан аппаратыг манайх оруулж ирсэн” гэв. Мөн тэрбээр тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хэмээн бидэнд хэлсэн юм. 
 

НЭГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН АРД НУУГДАГСАД
 

Ийнхүү ярилцсаны дараа бид төвийн ойролцоо байх салоныг зорив. Энэхүү салон нь хөмсөг, шивээс,  сормуус, гелин хумс, үс арчилгааны үйлчилгээ явуулдаг аж. Сормуус суулгалт нь 80 мянга бөгөөд гелин хумсыг 35 мянгаар хийдэг юм байна. Тус салоны үсчин “Одоогоор манай гоо сайханч байхгүй байгаа. Ажлаасаа гарчихсан. Удахгүй шинэ хүн авна” гэх хариултыг өгсөн. Түүний хэлснээр гоо сайханч нь эзэнгүй байгаа  учраас гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг өрөө нь цоожтой байлаа. Энэ мэтчилэн үсчин, гоо сайхан, шивээсний сургалтад суусан хэсэг хүмүүс хамтран иргэдэд нэг тусгай зөвшөөрлийн дор хэд хэдэн үйлчилгээг үзүүлж байна. 
 

НЭР НЬ ХҮНДЭДСЭН САЛОН НЭЛЭЭД ОЛОН БАЙНА

 
Манай сурвалжлах хэсэг цааш явсаар III-IV хороололд байрлах салоныг зорив. Тус салоны үүдний хэсэгт маникюрчид суух бөгөөд цаад талын саруулхан том танхимд хоёр эгнээ бүхий 10 орчим суудал дээр үсчид ажиллаж харагдав. Гоо сайхны хэсэг нь хоёр өрөөтэй аж. Нэг өрөөнд нь шивээс, массаж, нөгөө өрөөнд гадны хувцастай орохыг хоригложээ. Тус салоны үйлчилгээнээс бүсгүйчүүд үсний тэжээл, хими болон маникюр, арьсны нөхөн сэргээх, тэжээл, массажийг сонгон үйлчлүүлдэг гэнэ. Тэдний хувьд, энэ жил моданд орж буй хөмсөгний 6D шивээсийг шинээр үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна.
 
Үнийн хувьд, 250 мянгаас хямдраад 120 мянган төгрөг болсон аж.  Тус газрын ажилтан “Хөмсгөө 6D-гээр шивүүлсэн хүмүүс сэтгэл ханамж өндөр байдаг. Тиймээс бид үйлчилгээндээ 100 хувийн баталгаа өгдөг” хэмээсэн юм. Мөн хиймэл сормуус суулгахад материалаасаа хамаараад 45-65 мянган төгрөгийн хооронд байдаг аж. Хиймэл хумс хийлгэхэд 25-35 мянган төгрөгийн үнэтэй байдаг ажээ. Харин үсний хими хийхэд 80-120 мянган төгрөгийн үнийн сонголттой юм байна. Энэ үнийн сонголтууд нь хэрэглэж буй материалаасаа  хамаараад өөр өөр байдаг гэдгийг тус газрынхан хэлж байв. Мөн тэнд гоо сайхны үйлчилгээнээс гадна биеийн алжаал тайлах массаж, тэжээлийн үйлчилгээ хийдэг байна. Эдгээр үйлчилгээг бүгдийг нэг дор хийдэг юм гэнэ. Бид тус салоноос гарч дараагийн салонд орсон юм. Тэр газар эхний салоныг бодоход жижигхэн газар байлаа.
 
III хороололд байдаг “Хуушуур хаус”-ын баруун талд, нэгэн мухар гудамжны наахан талд байрлах бор хүрэн барилгын нэг давхарт энэхүү салон байрлах ажээ. Тус барилгын нэг давхарт маш олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгийн нэг нь энэ. Жижиг газар учир хоёр өрөөнд л үйл ажиллагаа нь явагддаг. Түүний нэгэнд шивээс хийх үйлчилгээ хийдэг бол нөгөө өрөөнд нь маникюрын үйлчилгээг үзүүлдэг гэнэ. Биднийг очиход тус салонд ямар ч үйлчлүүлэгч байгаагүй бөгөөд салоны байр тохь муутай, бохирдуу харагдаж байв. Тэдний хувьд хөмсөгний бүтэн будалттай шивээсийг 68-88 мянган төгрөгийн хооронд хийж, үйлчилдэг аж. Шивээс хийдэг төхөөрөмж нь үзэгний чинээний урттай, хальт харахад үзэг гээд андуурчихмаар гэхдээ арай бүдүүн. Тэд шивээсний үйлчилгээг хоёр ор багтахаар жижиг өрөөнд хийдэг аж. Хөндлөнгийн хүний нүдээр харахад бага зэрэг бохир харагдана.
 
Тус салоны шивээсчин бүсгүй “Бид америк болон хятад будгаар шивээс хийдэг. Алийг нь сонгон шивүүлэх нь тухайн хүний сонголт. Гэхдээ одоо хятад будгаар шивүүлдэг хүн бараг байхгүй больсон. Өнгө хувирдаг, өвддөг, улайдаг гэх зэрэг олон асуудалтай” хэмээсэн юм. Тус салоны бусад үйлчилгээг дурьдвал, уруул, контор шивээс, хиймэл хумс, хими зэрэг үйлчилгээг мөн үзүүлдэг байна. Гэхдээ энэ газарт “салон” гэдэг нэр нь хүндэдсэн юм шиг санагдаж байсныг нуух юун. Ерөнхийдөө гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг газрууд үйлчилгээ нь бараг адилхан боловч үнийн хувьд харилцан адилгүй байх аж. 
 

НЭГ ӨДРИЙН ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС НАСАН ТУРШИЙН ЭРҮҮЛ МЭНД ХАМААРНА
 

Харин олны танил, нэр хүндтэй газрын нэг болох гоо заслын үйлчилгээ үзүүлдэг “Зууны эмэгтэйчүүд” төвд ороход бүх зүйл өөр ажээ. Тус төв нь арьсны бүх төрлийн асуудалд үйлчилгээ үзүүлдэг юм байна. Үүдээр нь ороход тохилог, тухтай орчинд цагаан халад өмссөн бүсгүйчүүд угтан авч, холбогдох мэргэжлийн хүнтэй уулзуулж, зөвлөгөө өгч харагдсан. Мөн зарим нэг  үйлчилгээний үнийн санал, тухайн үйлчилгээг хийлгэснээр гарах үр дагаврыг ч хэлж өгч байсан юм. Энэ мэтчилэн гоо сайхны болон эмчилгээний гоо сайхны газрууд янз бүрийн үйлчилгээг үзүүлж байна. Сайн нь сайн, тааруухан нь ч бас байна. Харин яг тусгай зөвшөөрөлтэй, бүсгүй таны эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үйлчилгээ үзүүлэх газрыг сонгох эрхийг танд үлдээе. Хамгийн гол нь нэг өдрийн гоо сайхны үйлчилгээнээс насан туршийн эрүүл мэнд хамаарна гэдгийг энэ дашрамд сануулъя. 
 
Монголын мэдээ
Н.Батзаяа, Б.Алтанбагана, З.Мөнхсувд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.