Менингитээс урьдчилан сэргийлэх вакцин хийж эхэлжээ
Сүүлийн үед  менингитийн халдвар эрс нэмэгдэх болсон байна. Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулалт хийж эхэлжээ.  ХӨСҮТ дээр  лхагва, баасан гарагт 9.00-14.00 цагт Менингитээс сэргийлэх вакцинийг хийж байгаа аж.Зургаан сараас дээш настай бүх иргэд хийлгэх боломжтой бөгөөд вакцины үнэ 13.500 төгрөг юм байна. 

Менингококкт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

Менингококкт халдварын явц маш хурдан бөгөөд хэдхэн цагийн дотор  нас барах тохиолдол ч гардаг аж.

Эцэг эхчүүд өвчний талаар мэдлэг дутмагаас болж улаан бурхан, салхин цэцэг зэрэг тууралт өгдөг өвчинтэй андуурч эмнэлгийн байгууллагад яаралтай хандалгүй цаг алдаж байна. Тууралт гарсан тохиолдол бүрт эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

Менингит туссан үед өндөр халуурах, олон удаа бөөлжих шинж илрэхэд хоолны хордлого, тархины доргилт гэх мэтээр андуурч эмчилгээг буруу хийснээс хүндэрдэг аж.

Менингококкын халдвар нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт  өвчин. 

Арьсан дээрх өвөрмөц, зөв биш хэлбэртэй, хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг.

Агаар дуслын замаар өвчтэй хүнээс эрүүл хүнд халдварладаг байна. Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай. Үүнд:

•    38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурч, хоол унданд дургүйцэх, бие сулрах, дотор муухайрах, уур уцаартай цочромхой эсвэл ноомой болох, царай цонхийх;
•    Бага насны хүүхдэд гэдсээр өвдөх, 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт эмнэл зүйн сонгомол шинжүүд тод илэрнэ;
•    Менингококкт хамар залгиурын үрэвслээр өвчилсөн үед залгиур хоолойн арын хана маш улайсан, хөөсөн, хамар битүүрсэн бронхитын шинж илэрнэ;
•    Хөнгөн явцтай үед улаанбурханы тууралттай төстэй гүвдрүүт тууралт  бүх биеэр гарах бөгөөд тэдгээрийн аль нэг нь дотроосоо цусархаг шинжтэй болсон байна. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 4-12 цагийн дотор ихэвчлэн хөл, гуяар гардаг гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлж байгаа юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.