Олны анхаарал татсан томоохон хэргүүдийг ойрын хугацаанд дэнсэлнэ
Олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа ч өдгөө хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй томоохон хэргүүдийн тов  ойрын хугацаанд болохоор товлогдоод байна.  Эдгээр хэргүүдийн эргэн тойрондох мэдээллийг багцлан хүргэж байна. 
 
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, Дэд бүтцийн хөгжлийн  сайд асан  Санжаасүрэнгийн Зоригийг  хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон билээ. Шүүхээс тус хэрэгт сэжиглэгдэж байсан Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноосон.
 

Тодруулбал, шүүгдэгч Т.Чимэгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч  Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ тэд 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлэхээр болоод байсан. Тэднийг нийтэд аюултай, онц хэрцгий аргаар, урьдчилан тохиролцож хүний амь насыг хөнөөсөн хэмээн үзсэн билээ.

Улмаар анхан шатны шүүх хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун болон хэрэгтнүүдийн ар гэрийнхэн давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлээд байсан. Ингээд шүүхээс С.Оюуны гомдлыг хүлээн авч, хэрэгтэй танилцан, давж заалдах шатны шүүх хурлыг хийхээр товлосон юм.  Уг шүүх хурал  Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд өнөөдөр болно.  Олон нийтийн дунд  энэхүү хэргийг хэрхэн шийдвэрлэх нь хүлээлт үүсгээд байна. 
 
Дөрвөн настай охины амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Цогт, Г.Маралмаа нарыг дахин шүүнэ
 
Дөрвөн настай  охины амь насыг хохироосон хэрэгт буруутгагдаад байсан Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэг өнгөрсөн онд шийдвэрлэгдсэн.  Шүүхээс Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин охины төрсөн эцэг Т.Цогтыг гэм буруугүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.


Гэвч өнгөрсөн сард охины төрсөн эцэг Т.Цогтыг уг хэрэгтэй холбоотой шинэ баримт гарч ирсэн тул саатуулсан билээ. Тодруулбал, хорих ялаа эдэлж буй Г.Маралмаа Т.Цогтын эсрэг гомдол гаргасанаар энэ хэрэг дахин олны анхаарлын төвд ороод байна. 

УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэрэгтэй холбоотой шинэ баримт олдсон хэмээн дахин сэргээж, нягталж шалгахаар болсон тухай бид мэдээлж байсан. 

Тэгвэл уг шүүх хурал энэ сарын 17-нд   Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  зарлагджээ.

Дашрамд дуулгахад, Баянзүрх дүүргийн шүүхээс Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг.

 Хар тамхины хэрэгт холбогдсон прокурорын хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна

Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч долоодугаар сарын 15-нд товлогдоод байсан ч мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдаж байсан юм.
 

Тэднийг хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан, яллагдагчаар татсан билээ. Олон удаа мөрдөн байцаалтад буцсан тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал  болохыг нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс мэдээлэв.

Х.Тамир нарын прокуроруудыг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутгасан бөгөөд сэжигтнүүдийг хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. Хэргийг эргэн сануулбал, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар мөс авчруулахаар хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байсан Б.Сүхбаатар гэгчийг БНХАУ-ын Эрээн хот руу явуулж, түүнийг Чойр өртөөнд ирэхэд нь тосч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг.

Авилгын хэрэгт холбогдсон Г.Дэнзэн нарыг энэ сард шүүнэ

Авлигын хэрэгт холбогдсон Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сард болохоор тов гарчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшилсон. Учир нь, шүүгдэгч Төгсбаярын өмгөөлөгчийн ар гэрт гачигдал гарсан учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан билээ.
 

Тэгвэл тус шүүх хурал энэ сарын 20-нд болно. Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-03-14 13:30:17
    tumur zamiin mungiig idej uusan geh Battulga Gansuh nariin hereg yu bolson be
  • махнууд 2017-03-14 07:32:33
    Ирвэм хамгаалагч залуугийн нас барсан хэргийг хэзээ шалгах вэ?
  • Батаа 2017-03-14 03:06:40
    Б.Сансараа чи зөвхөн Оюуны хүсэлтээр л дахин шүүж байгаа гэж бичжээ. Улс төрийн аллага гэдэг нь тод бөгөөд гүтгүүлэгчдийн горьдлогоор хуулийн дагуу давж байна д...