Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл бэлэн болжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хууль зүйн салбарынхан болон хуульчид, судлаачид танилцууллаа. Төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх..., хөндөгдсөн эрхийг иргэнийхээ өмнө хариуцах...” гэсэн зарчмыг баримталсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг өнөөг хүртэл 2002 онд батлагдсан хуулиар зохицуулж ирсэн бөгөөд шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд бүрэн шилжүүлэх, цагдан хорих байрны нөхцөлийг хүний жам ёсны эрхэд нийцүүлэх, ял эдлүүлэх ажиллагаанд цахим болон теле хяналтын системийг нэвтрүүлэх, ялтныг хөдөлмөрт бүрэн хамруулах, иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зарим ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинэтгэнэ” гэсэн заалттай нийцүүлэн боловсруулжээ.

Шинэчилсэн найруулгын төсөл 300 гаруй зүйл заалттай бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд хэт ерөнхий байсныг илүү нарийвчлан зохицуулж, хуульчлан баталгаажуулахыг зорьжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж буй хүчин зүйлийг багасгах, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, биелэгдэх боломжтой байх ёстой гэсэн зарчмыг баримталсан гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа.
2012 онд хийсэн судалгаагаар нэг шийдвэр гүйцэтгэгчид жилд дунджаар 250-иас 290 гүйцэтгэх хуудсаар олгогдсон ажиллагаа оногддог. Энэ нь холбогдох эрх зүйн актаар тогтоосон ажлын ачаалал 2 дахин их байгааг харуулж байгаа юм. Тэгвэл шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг сайжруулах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, төлбөр төлөгч, түүний хөрөнгийг эрэн сурвалжлах ажиллагааг үр дүнтэй болгох, улмаар энэ асуудлыг хариуцсан тусгай нэгж байгуулахаар хуулийн төсөлд тусгаад байна.

Мөн Захиргааны хэргийн талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмыг илүү тодорхой болгохыг зорьж байгаа юм. Тэрчлэн хохирол нөхөн төлүүлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хорих ял эдэлж буй хоригдлын цалин хөлс, хөдөлмөрт хамрагдсан байдал, хийсэн хөдөлмөртэй нь нийцэж байх, тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байх зохицуулалтыг оруулжээ.

Мөн хорих ангийн төрлийг тогтоох, хорих ял эдлүүлэх нөхцлийг УИХ-ын хэлэлцүүлгийн түвшинд байгаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулсан байна. Түүнчлэн хоригдолд хүлээлгэх сахилгын шийтгэл, зөрчил, хоригдлын ажлын байр, сургалт хүмүүжил, нийгэмшүүлэх асуудлыг өргөн хүрээнд хөнджээ.

Түүний зэрэгцээ хорих байгууллагын алба хаагчдын ёс зүйг дээшлүүлэх, ажлын ачааллыг зохистой түвшинд барих, нийгмийн баталгааг хангах асуудлыг цогцоор нь тусгаад байна. Мөн торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хасах зэрэг хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нийтлэг журмыг хуулийн төсөлд тодорхой тогтоож өгч байгаа юм. Дашрамд дурдахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.  
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.