О.Эрдэнэбулган: Тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр 1-1,5 ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ
Уул уурхайн яамнаас энэ сард геологи уул уурхай, газрын тосны салбарт хийсэн ажлуудынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганаас дараах асуултад хариулт авлаа.

-Ашигт малтмалын хуулийг хаврын чуулганы төгсгөлд шинэчлэн батласан. Хууль батлагдсанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болж байгаа. Энэ талаар?

-2009 оноос хойш Ерөнхийлөгчийн хориг үйлчилж, хайгуулын тусгай зөвшөөрлийг сүүлийн 5 жил олгоогүй. Харин Ашигт малтмалын хуулийг шинэчлэн  батласнаар геологи хайгуулын салбарын үйл ажиллагаа идэвхжихэд чухал нөлөө үзүүлнэ. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс зөвшөөрөгдсөн талбайд олгож эхэлснээр энэ салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх мөн ашигт малтмалын нөөц аривжих, үүнтэй холбоотойгоор эдийн засгийн чадавхи дархлааг нэмэгдүүлэх боломжтой. Экспортын орлогыг нэмэгдүүлж боловсруулалт, үйлдвэрлэл тэргүүний технологи нэвтрэх, хөдөлмөр эрхлэлт энэ салбарт нэмэгдэх чиг хандлага ажиглагдаж байна.

-Ашигт малтмалын тухай хуульд дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих заалтууд орсон. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаандаа шаардлагатай бараа үйлчилгээ, туслан гүйцэтгэгч сонгоход нэн тэргүүнд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч ААН-д давуу эрх олгодог болсон. Ингэснээр дотоодын компаниудынхаа ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Мөн Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хууль санаачлагчид судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр хууль санаачлагчид салбарын талаарх эрхзүйн зөвлөгөөг өгдөг болно. Уул уурхайн салбар бол хөрөнгө оруулалт маш их шаарддаг, хугацаа их ордог, үнийн хэлбэлзлэл ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг  учраас эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх боломж нөхцөл бүрдэнэ.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийн хэрхэн олгохоор болж байгаа вэ?

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг хоёр янзаар олгоно. Нэгдүгээрт, өргөдлөөр хоёрдугаарт, сонгон шалгаруулалт хийх замаар олгохоор төлөвлөж байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 65,5 хувь нь геологи уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэх боломжгүй буюу ойн болон усны сан бүхий газар, дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар гээд улсын нөөцөд авсан газрууд байдаг. Тэгэхээр  геологи уул уурхайн салбар үйл ажиллагаа явуулах бодит боломжтой 35 орчим талбай байгаа гэсэн үг. Гэхдээ Засгийн газар, Уул уурхайн яамнаас барьж байгаа чиглэлээр нийт газар нутгийн 15-20 орчин хувьд геологи хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор бэлтгэж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүнд сурталгүй эл тод нээлттэй хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Зөвшөөрөл хүлээн авах үйл ажиллагааг цахим хэлбэрээр онлайн, төрийн үйлчилгээний машинаар авахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Ойрын хугацаанд хаана хаана хайгуул хийх талаарх мэдээлэл бэлэн болох байх.

-Хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийн асуудал байнга яригдаж, хэл ам дагуулж байдаг. Энэ асуудлыг цэгцлэхээр Засгийн газрын шийдвэр гарсан. Шийдвэрийн дагуу 106 талбай дээр сонгон шалгаруулалт явуулахаар болсон. Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдэж байсан геологи хайгуулын ажлын зардлын баримт дээр үндэслэн босго үнэ тогтоож байгаа. Өмнө энэ талбайг хүлээн авсан эзэмшиж байсан ААН-үүд болон компаниуд аливаа нэгэн санхүүгийн эрсдэлд орохгүй.

- Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэнээр манай улс руу орж ирэх ам.долларын урсгал хэдий хэмжээгээр нэмэгдэх вэ?

- Бидний тооцоогоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр 1-1,5 ам.долларын хөрөнгө оруулалт шинээр бий болно гэж харж байгаа. Сүүлийн таван жилийн турш манай улсад хайгуулын тусгай зөвшөөрөл огт олгоогүй. Энэ төрлийн тусгай зөвшөөрлийг олгосноор өмнө нь жилдээ 300 орчим мянган ам.долларын орлого бүрддэг байжээ.

-Газрын тосны тухай хуулийг шинэчлэн баталсанаар ямар үр дүн гарах вэ?

-Энэ хууль бол 1991 оноос эхлэн үйлчилж байсан хуулийн хүрээнд батлагдсан. Шинэ Үндсэн хуулиас өмнө батлагдсан учраас өнөөгийн бизнес, эдийн засгийн орчинд шаардлага хангахгүй олон хуулиудтай зүйл заалт нь зөрчилддөг , тодорхой салбарын үйл ажиллагааг зохицуулах чадамжгүй хууль байсан. Шинэ хууль батлагдсанаар газрын тосны салбарт эерэг нөлөө үзүүлэхээр байгаа. МУ-д уламжлалт газрын тосноос гадна уламжлалт бус газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах боломжтой. Иймээс энэ салбарын үйл ажиллагааг зохицуулах хуулийн заалт  орснооороо энэ салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх таатай орчин бүрдэж байгаа юм. Нөгөө талаар газрын тосны үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд орон нутагт үзүүлж байгаа эдийн засгийн нөлөө нь бага байсан. Яагаад гэхээр улсын төсөвт газрын төлбөр болон бусад төлбөрийн хураамжуудыг бүгдийг нь төвлөрүүлдэгээс болж орон нутаг байнга гомдолтой байдаг байсан. Тэгэхээр шинэ хуулиар сум, дүүрэгт нөөц ашиглалтын төлбөрийн 10 хувь аймаг нийслэлд 20 хувийг үлдээж 70 хувийг улсын төсөвт орсноороо орон нутгийн хөгжилд маш чухал нөлөө үзүүлнэ. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ хийхэд маш олон шат дамжлагатай хугацаа их алддаг байсныг болиулсан.

П.УНДРАМ
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • aagii 2014-07-29 04:43:20
    gazriin bayalgaa uhah bish yildberlel hugjuuleh heregtei
    202.55.183.178
    Мэдэгдсэн Хариулах
  • юун тусгай зөвшөөрөл 2014-07-24 06:23:32
    өмнө олгосон тусгай зөвшөөрлүүдээ бүгдийг нь хүчингүй болгоод шинэ шалгуураар олгох гэж байгаа бол зөв. зүгээр л нэмж олгох нь буруу. хүн газар дээр гишгэх гэж төрдөг болохоос газар ухах гэж төрдөггүй шүү.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах