Томоохон зах, худалдааны төвүүдэд гал гарахгүй гэх баталгаа алга
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зах, худалдааны төвүүдэд ээлж дарааллан гал гарч, олон зуун түрээслэгч эд материалаараа хохироод байна. Өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зах худалдааны төвүүдээс  гал гараагүй ганц ч зах байхгүй байгаа нь   галын аюулгүй байдал ямар түвшинд байгааг харуулж байна. Тэр ч  бүү хэл томоохон захуудад гарсан галын улмаас хүний амь нас хүртэл хохирч байсан.

 Саяхан гэхэд л нийслэлийн БЗД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Well mart” худалдааны төвийн хоёрдугаар давхарт гал гарч, 60 гаруй түрээслэгчийн тэрбум гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн шатаж дууссан. Энэ хэрэг явдал шийдэгдэж амжаагүй байхад Сүхбаатар дүүрэгт байрлах Саруул захад гал гарчээ. Тодруулбал бямбаас ням гарагт шилжих шөнө гал гарсан бөгөөд нийслэлийн Онцгой байдлын шуурхай албаны гал сөнөөгчид галыг цаг алдалгүй унтраасан байна. Гал тус захын хоёрдугаар давхарт гарч, гэр  ахуй, бичиг хэрэг зарж байсан лангуунууд өртжээ. Одоогоор шалтгаан, хохирлыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Тэгвэл өмнө нь “Саруул” захад 2013 оны тавдугаар сард гал гарч их хэмжээний хохирол учирсан ч хоёр тэрбум төгрөгийн засвар хийж, шинэчилсэн байна. Тухайн үед 100 гаруй хүн түрээслэн ажиллаж байсан “Саруул” захыг “Саруул маркет” болгон өргөтгөж, ажлын байрыг дахин 100 хүнээр нэмж байжээ. Хотын төвд байршилтай “Саруул” захын нээлт 2013 оны аравдугаар сард болж байсан юм. Тэгвэл энэхүү захад дөрвөн жилийн дараа дахин гал гарч, түрээслэгчид  дахин хохирлоо. 

Манай улсад худалдааны төв, нийтийн үйлчилгээний газарт тавигдах ёстой шаардлага, мөрдөх журам, норм стандарт байхгүйгээс болж иргэд ийнхүү хохирсоор  байна. Уг нь эхнээс нь үйл ажиллагааг нь эхлүүлэхдээ норм стандарт, галын аюулгүй байдлыг нь хангасан эсэхийг нь шалгаж байж зөвшөөрлийг олгодог баймаар. Гэтэл манай улсад хөрөнгө мөнгөтэй л бол норм стандарттай байна уу үгүй юу, хүний эрүүл мэнд хохирох эрсдэл хэр их байна гэдгийг авч хэлэлцдэггүй бололтой.

Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа худалдааны төвүүд нийслэлийн өмчийн газрыг бусдад түрээслэн их хэмжээний мөнгө олж байгаа газар гэчихэд бараг хилсдэхгүй болов уу. Нарантуул захад хуулийн дагуу шаардлага тавьсаар байтал үл тоож байсан нь өнөөдөр  хүний амийг авч одсон харамсалтай хэрэг гаргахад хүргэсэн нь эрх мэдэлтэй хөрөнгө мөнгөтэй нэгэнд хуулийн шаардлага хамаагүй гэдгийг нотлох шиг. 

Худалдааны байгууллагууд ашиг, орлогоо нэмэгдүүлэхээр лангуунуудын тоог нэмж, зам гарц нарийсган бараа материал байрлуулсан ч Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг ноцтойгоор зөрчиж, мэргэжлийн байгууллагын зүгээс тавигдах шаардлагыг хангахгүй байсаар байна. 

Энэ мэтчилэн эрсдэл учруулж болзошгүй нөхцөлд ажиллах иргэд хохирол амсахгүй гэх баталгаагүй. Тиймээс хохирол учирсан хойно нь биш учрахаас нь өмнө худалдаа, үйлчилгээ явуулдаг газруудад хатуу шаардлага тавьж, норм стандарттай болгоё.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ankhbayr 2017-03-16 12:24:12
    Khurunguu aldsan khumuust ymar l olgi baikhav dee bugd l amigarakh gej guriij baigaa l khumuus shuu dee kharasaltai bna
  • гал гараад өгөөсэй.  2017-03-13 04:38:47
    гал гараад өгөөсэй.