Мянга, мянган эмэгтэйчүүд баярлаж байхад цаана нь энэ тооны бүсгүйчүүд нүдэндээ нулимстай сууж байна
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр тохиолоо. Манай улс энэхүү баярыг эртнээс уламжлал болгон өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн. Түүнчлэн сүүлийн жилүүдэд бүх нийтээр амарч, тэмдэглэдэг болсон юм. Энэ өдрийн хүрээнд баярын олон  арга хэмжээ зохион байгуулагдаж, төрийн дээд одон медаль хүртэл гардуулж, нэг ёсондор бүрэн утгаар нь баярладаг. Гэтэл энэхүү баярын гол утга учир нь эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө нэгдэж, дуу хоолойгоо хүргэх байдаг. Харин энэ талаар албаныхан ч тэр иргэд ч тэр бүр ярилгүй зөвхөн баяр гэдэг утгаар нь хүлээж аваад сурчихаж. Гэтэл манай улсад эмэгтэйчүүдийн хүчирхийлэл маш өндөр хувьтай байна. Уг нь энэ асуудлыг л энэ өдөр ярьж, хэрхэн шийдвэрлэх гарах гарцыг хайх учиртай. Өчигдөр олон мянган ээжүүд,  охид бүсгүйчүүд хайртай гэр бүл, үр хүүхдээсээ цэцэг авч баярласан нь мэдээж. Гэтэл нөгөө талд энэ тооны  эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл дунд айдас хүйдэст автан  сууж байгаа нь тун ч эмгэнэлтэй. 

Нэгэн жишээ дурдахад Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үүдэнд 25 орчим насны эмэгтэй зогсож байсан юм. Энэ төвөөр үйлчлүүлж сэтгэлзүйн зөвлөгөө авахаар ирсэн аж. Өмнө нь ч мөн хандаж байсан гэнэ. Нөхөртэйгөө гэрлээд гурван жил болж байгаа бөгөөд одоо хоёр хүүхэдтэй юм байна. Нөхрийнх нь ааш зан сүүлийн нэг жилийн дотор өөрчлөгдөж удаа дараа гар хүрэх болжээ. Эхлээд согтуу ирсэн үедээ гар хүрдэг байсан бол сүүлдээ эрүүл байхдаа ч цохиж, үсддэг болсон байна. Согтуу байх үед нь цагдаа дуудаж өгсөн боловч гарч ирээд “Чи ямар овоо юм бэ. Дахиад тэр цагдаагаа дуудалдаа” гэх зэргээр чанга орилж, зодсон байна. Бүсгүй түүнээс хойш дахиж цагдаагийн байгууллагад хандаагүй аж. Хандсан ч нэмэр байдаггүй болохоор хандахаа больсон байна. Харин  нөхрийнх нь гар хүрэх явдал ойртож, бүр эмэгтэйчүүдийн баярын өдөр хүртэл гар хүрч байсан тухай бүсгүй нулимстай ярьж байсан юм. Үүнтэй ижил жишээ маш их хэдэн зуугаараа байгааг та бид мэдэж байгаа. 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй шүүх хурлаас гарч яваад нөхрийнхөө гарт амиа алдсан, найз залуудаа зодуулж амиа алдсан охин. Энэ бол бидний мэдэх хүчирхийллийн жишээ. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо нэг хоёроор тогтохгүй. Жилд дунджаар 1500-2000 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Өнгөрсөн зургаан жилийн дотор л гэхэд 95 хүн буюу сард хоёр хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан гэдэг албан ёсны тоо судалгаатай баримт бий. Гэвч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс тэр бүр цагдаагийн байгууллагад хандаад байдаггүй. Зориг гарган хандсан тохиолдол бий ч хуулийн байгууллагынхан үл тоомсорлож хүлээж авдаггүй байна. 

Гэтэл судалгаагаар монгол улсад гэр бүлээ цуцлуулж байгаа 5 гэр бүл тутмын 1-2 нь гэр бүлийн хүчирхийллээс болж салж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд нөхөр болон хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндэд хохирол учруулах бүр цаашлаад амь насыг нь хохироож, гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйчүүд ч байгаа юм. Ер нь хорих ял эдэлж байгаа болон эдэлж байсан эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, нөхөр болон хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөснөөс болж ял эдэлж байгаа гэсэн судалгааны дүн ч байдаг аж.

Иймээс л энэ өдөр зөвхөн баярлаж өнгөрөөх биш нөгөө талд байгаа өөрөөр хэлбэл хүчирхийлэлд өртөж буй бүсгүйчүүдийн асуудлыг ч давхар ярьж,  бодитоор шийдвэрлэж байх  шаардлагатай байна. Харин энэ жилийн Март8-ныг манайхан нэгэн сайхан мэдээтэй угтсан нь хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль юм. 

Төрийн бүх шатны байгууллага, иргэд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход ямар үүрэгтэй оролцохыг уг хуулиар зохицуулж өгсөн нь шинэлэг зүйл болсон хэмээн хууль санаачлагчид тодорхойлсон юм. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ОНЦЛОХ заалтыг хүргэж байна.

- Гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болох гэж байгаа нь уг хуулийн хамгийн гол өөрчлөлт билээ. Эхнэрээ нэг цохиод авсан ч хохирогч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн л бол энэ шууд эрүүгийн хэрэг болох ажээ.Энэ төрлийн гэмт хэргийг таслах зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль сахиулах тухай хуульд тусгай зүйл заалт оруулж өгсөн байна. Энэхүү шинэчлэлтээс өмнө гэр бүл дэх хүчирхийллийг ахуйн хүрээний маргаан хэмээн үзэж, захиргааны хариуцлага тооцдог байсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Хохирогч гомдлоосоо татгалзсан буюу хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй хэмээн заажээ. Энэ хууль энэ хэрээр хэрэгжиж чадвал ирэх жилийн “Март 8”-ны  баярыг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тоо буурсан сайхан мэдээтэй угтах боломжтой. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.